Ипотекийн зээлийн хүү 6 хувь болох уу?

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн хүү 6 хувь болох уу?

Ипотекийн зээлийн хүү 6 хувь болох уу?

Найр, наадам, айраг, хуушуурт хөл алдан нийтээрээ баяссан зуны нарлаг өдрүүд ард үлдэж, намрын сэрүү орохтой зэрэгцэн Улаанбаатарын тулгамдсан асуудал дахин сэдэрдэг улирал айсуй. Утааг нэг мөр шийдэх, гэр хорооллын 200 орчим мянган янданг цөөлөх хамгийн үр ашигтай аргад одоогоор барилгажилтаас өөр хувилбар байхгүй. Төрөөс  иргэдийг орон сууцжуулах бодлого хүлээлт үүсгээд удаж байгаа бол  зах зээлд дээрх 70 мянган сул орон сууц эзнээ хүлээж байна.

Иргэдийн хувьд байранд орох ганц найдвар нь ипотекийн зээл. Өрхүүдийн тухайд гэр хорооллоос шуудхан байранд шилжих боломж, нөхцөл харилцан адилгүй ч байрны урьдчилгаа, тогтвортой ажил эрхлэлт, нийгмийн даатгал, цалингийн түүх зэрэг нь 8 хувийн зээлийн гол шалгуур. Энэхүү шалгуур үзүүлэлтийг хангаж, урьдчилгаа төлбөрөө эртнээс бүрдүүлж, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд зээлийн хүү буурч 6 хувь болохыг амьсгаа даран хүлээж буй. Жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан иргэд ч  ч бас хүү буурахыг хүлээж байгаа гэж хэлж болно.

Өнөөдрийн байдлаар 110 мянган иргэн жилийн 8 хувийн хүүтэй  ипотект хамрагдсан ба 38 мянга орчим нь зээл төлөлтийн хугацаагаа хойшлуулаад байна. Тэгэхээр зээлээ цаг тухайд нь төлсөн 70 мянга орчим зээлдэгч хүү буурахыг хүлээж байгаа юм. Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулж 6 хувь болгох тухай асуудлыг өнгөрсөн тавдугаар сараас сөхөж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Одоогийн эрх баригч нам МАН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг угтсан 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох асуудлыг тусгаснаараа сонгогчдоос багагүй санал авсан байдаг. Гэвч төд удалгүй уг амлалт “замхарч” иргэд ч хүлээж цөхөрсөн.

Эрх баригчдын мөрийн хөтөлбөртөө тусгасан ч хэрэгжүүлээгүй амлалт орон нутгийн сонгуулийн өмнө хөрсөн дээр буух уу гэдэг хүлээлт бий болсон. Тодруулбал, Засгийн газраас орон нутгийн сонгуулийг угтаж ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулна гэдгээ зарлахаар бэлтгэж байгаа гэнэ.

Барилга хот байгуулалтын яамны мэдээлснээр жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг бууруулж 6 хувь болгох асуудлыг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулж хэлэлцээд шийдвэрлэх аж. Энэ талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Ипотекийн зээлийн хүүг 6 хувь хүргэх зорилтыг БХБ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Сангийн яам, Монголбанктай хамтарч судлаад урьдчилсан байдлаар 6 хувь руу буулгая гэдэг тохиролцоонд хүрч байна. Үүнийг аравдугаар сарын 1-нээс байх уу, хэзээ байх вэ гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр ярьж байгаад  танилцуулахаар урьдчилсан тооцоо судалгааг хийсэн” гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох асуудлыг аравдугаар сарын 1-ны өдрөөс ажил хэрэг болгохоор шийдвэрлэсэн гэх албан бус мэдээлэл байна. Ингэхдээ зөвхөн шинээр ипотекийн зээлд хамрагдах иргэдэд 6 хувь үйлчилнэ гэх мэдээлэл ч байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд засгийн газар Монголбанкнаас гарсан ажлын хэсэг хүүг бууруулах боломжийг судлаад 6 хувь болгох боломж бий гэх дүгнэлт хийсэн байдаг юм. Гэвч зээлийн санхүүжилт хангалтгүйгээс иргэд ипотекийн зээлэнд хангалттай хамрагдаж чадахгүй байгаа нь нууц биш. Засгийн газар энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлбэл илүү олон айл өрх орон сууцанд орох боломж бүрдэх ч орон нутгийн сонгуулийн дараа хэрэгжих эсэх нь бас л эргэлзээ дагуулж буй. Хэрэв аравдугаар сарын 1-ны өдрөөс жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 6 хувь болгох шийдвэр хэрэгжихгүй бол сонгуулийн өмнө эрх баригчид ипотекийн зээлээр шоу хийснээс өөрцгүй болох болов уу.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж