АНУ Шинжаан-Уйгураас хөвөн, улаан лооль импортлохоо зогсооно

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

АНУ Шинжаан-Уйгураас хөвөн, улаан лооль импортлохоо зогсооно

АНУ Шинжаан-Уйгураас хөвөн, улаан лооль импортлохоо зогсооно

АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын албанаас мэдээлснээр Хятадын алс баруун хязгаарын Шинжаан-Уйгурын бүс нутгаас авдаг улаан лооль, хөвөнгийн импортыг зогсоохоор бэлтгэж байна. Учир нь, АНУ-ын засаг захиргаанаас Шинжаан-Уйгурт бэлтгэдэг дээрх барааны импортод хориг тавихаар хэлэлцэж байна.

Шинжаан-Уйгурт хөдөлмөрийн лагерт хоригдож буй хүмүүсийг албадан хөдөлмөр эрхлүүлэх замаар хөвөн, улаан лоолийн экспортыг бүрдүүлдэг гэж албаныхан үзжээ. Шинжаан-Уйгурын эсрэг импортын хориг нь энэ долоо хоногийн сүүлээр шийдвэрээ танилцуулахаар төлөвлөсөн аж. АНУ-Хятадын хооронд худалдааны дайн гүнзгийрч буй энэ үед улаан лооль, хөвөнгийн импортод хориг тавьсан нь анхаарал татаж байна. АНУ-ын Гаалийн алба хүний наймаа болон хүний эрх зөрчсөн үйлдлийн эсрэг удаан хугацаанд ажиллаж ирсэн юм. АНУ-ын засаг захиргаанаас исламын шашинт уйгурт үндэстний эсрэг Хятадын бодлогын эсрэг арга хэмжээ авч, НҮБ-аас нэг сая орчим уйгур үндэстний эрх ашиг зөрчигдөж байгааг мэдээлжээ. Гэхдээ Хятадын албаныхны зүгээс уйгурчуудын нөхцөл байдал нь боловсрол олгоход чиглэсэн гэж мэдээлсэн байна. Бээжингийн эрх баригчдын зүгээс Шинжаан-Уйгур дахь тогтворгүй байдлыг зогсооход чиглэсэн арга хэмжээ авч буйгаа мэдээлжээ.

Шинжаан-Уйгурт амьдарч буй 2000 гаруй казах үндэстнийг Хятадын иргэншлээс татгалзаж, тус улсыг орхин явахыг өнгөрсөн онд зөвшөөрсөн. Шинжаанд амьдарч буй хамаатан саднуудтайгаа холбоо тасарсан казах иргэд Хятадын албаныхан руу захидал бичих, хэвлэлийн хурал зохион байгуулах зэргээр тэднийг Казахстанд авчрахыг хичээх болсон. Гэвч Хятад бол Казахстаны томоохон худалдааны хамтрагч орон учраас Шинжаан-Уйгурын нөхцөл байдлын талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэх нь ховор. Тухайлбал, Атажурт хэмээх группын тэргүүн Шинжаан дахь казах иргэдийн талаар үг дуугарсныхаа төлөө өнгөрсөн зун Казахстаны албаныхнаас хэд хэдэн удаа анхааруулга авчээ. Гэвч эдгээр анхааруулга зогсоод байтал казах иргэдийн Шинжаанаас явахыг зөвшөөрсөн нь хоёр орны хооронд ямар нэгэн яриа хэлэлцээ болсныг илтгэж байна. Казахстаны гадаад хэргийн яамны мэдээллээр өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Хятадад 29 казах иргэнийг барьж хорьсон ба тэдний 15-ыг нь суллаад Казахстан руу буцахыг зөвшөөрчээ.

Гэхдээ хүний эрхийн идэвхтнүүд Шинжаанд хоригдож буй гэх хүмүүсийг ар гэрийнхэн нийлсэн 2000 хүний мэдүүлэгт үндэслэн Хятадад хоригдоод суллагдсан казах иргэдийн тоо өнгөрсөн онд 70-д хүрсэн гэнэ.

Исламын шашинтан уйгур, казах үндэстнүүд олноороо оршин суудаг Хятадын алс баруун хязгаарын Шинжаанд “Албадан боловсрол олгох төв” нэртэй хорих газар бий болсон нь анхаарал татаж буй. Хятадын Засгийн газраас өнгөрсөн онд Шинжаан даяар олон зуун хяналтын камер суурилуулж, иргэн бүрийн үйл хөдлөлийг ажиглаж эхэлсний дээр хорих газруудад сая гаруй хүнийг баривчлан хорьсон гэж хүний эрхийн тэмцэгчид мэдээлжээ.

Шинжаан дахь Албадан боловсрол олгох төвд хоригдсон хүмүүст хүчээр Хятадын соёл, итгэл үнэмшлийг зааж, хүлээн авахаас нааш сулладаггүй аж. Албадан боловсрол олгох төвийн асуудлаар өнгөрсөн 2018 оны арваннэгдүгээр сард Женевт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Хятадаас тайлбар авсан юм. Гэвч НҮБ-ын хурлын үеэр Хятадтай эдийн засаг, худалдааны харилцаагаа бодоод Шинжаан дахь Бээжингийн бодлогыг асууж, шүүмжлэх орон ховор байв.

Ши Жиньпин Хятадын дарга болсноос хойш Шинжааныг “террористууд”, “салан тусгаарлагчид”-аас цэвэрлэх ажиллагааг үе шаттайгаар эрчимжүүлжээ. Тухайлбал, Хятадын Засгийн газраас 2015 оны долдугаар сард хүний эрхийн өмгөөлөгчөөр ажилладаг бараг бүх хуульчдыг баривчлан хорьсон. Түүнчлэн 2017 оны долдугаар сард Хятадын цор ганц Нобелийн энх тайвны шагналтан хоригдож байхдаа нас барсан юм. Шинжаан-Уйгур дахь Хятадын бодлого өмнө нь салан тусгаарлах бослого тэмцлийг дарж байсан бол өдгөө Си Жиньпиний санаачилсан Азийг Европтой холбох нэг бүс-нэг зам худалдааны чиглэлийн газрын маршруттай холбоотой өөрчлөгджээ. Шинжаан-Уйгур нь Хятадын бусад мужаас хамгийн олон улстай хиллэдэг, 5600 км урт буюу хамгийн урт хуурай замын хилтэй муж. Нийт 47 үндэстэн, ястнаас бүрдсэн 23 сая хүн амтай. Тус мужид Хятадын Засгийн газраас дэд бүтэц, санхүүгийн салбарт гурван их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж