Оймсондоо арван мянган ам.доллар нууж байгаад Авлигатай тэмцэх газрынханд “гардуулсан” Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарт холбогдох шүүх хурал наймдугаар сарын 28-ны өдөр болсон.
Уг шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг есдүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан.
Хэргийг эргэн сануулахад, УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа буурч, авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 2019 оны тавдугаар сард шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн байдаг. Тэгсэн хэдий ч Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин авч үзсэн нь энэ юм.
“800 ХЯТАД"-ЫН ХЭРГИЙГ ЭНЭ САРЫН 23-НЫ ӨДӨР ШҮҮНЭ
Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс сүр дуулиантай шалгаж эхэлсэн билээ. Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан байдаг.
БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа гэгч энэ зохион байгуулалттай бүлэглэлийг байгуулж, удирдсан хэрэгт холбогдоод буй. Хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Улмаар гол зохион байгуулагч болох 15 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, үлдсэн хүмүүсийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-нд нутаг буцаасан билээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 9-нд болсон.
Энэ үеэр Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг есдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэсэн байна.
Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХАНДАНА
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг "Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр" шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 5.5 жилийн хорих ял оноосон байдаг.
Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын Дээд шүүхэд гомдол гаргахаар болжээ.
Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарсан. Н.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ