Хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа эсэхийг хянаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа эсэхийг хянаж чадахгүй байна

Хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа эсэхийг хянаж чадахгүй байна

Өнгөрсөн жил хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа дуулиан гараад нам дарагдсан. Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  /ШӨХТГ/ “ 19 ШТС-аас түүвэрчлэн авсан  авто бензиний 22 дээж, дизель түлшний арван дээжийг шинжлүүлэхэд октаны тоо нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангахгүй”  гэсэн дүгнэлт гарсан талаар  өчигдөр /2020.09.10/ мэдээлэв. Энэ нь октандаа хүрдэггүй хуурамч шатахуун их хэмжээгээр байж болзошгүй хардлагыг улам өрдөөд байгаа юм.

Гаалийн байгууллага бол өөрийн лабораторид хийсэн шинжилгээг үндэслэн шатахууны импортыг зөвшөөрдөг болохоос бага октантай шатахуун оруулж ирээд нефтийн нэмэлт бүтээгдэхүүн нэмж борлуулдаг эсэхийг хянадаггүй.

Уг нь Монгол Улсад мөрдөж буй MNS0217:2017 стандартад “бензин, түлш импортлогч, борлуулагч нь бензинд октаны тоо нэмэгдүүлэгч болон бусад чанар сайжруулагч нэмэлт нэмж хольж болохгүй” гэж заасан байгаа.

Гэвч манай төр ямар октантай шатахуун оруулж ирээд хэдэн октантай болгож зарж буйг тогтоож хянаж чадахүй байна гэхэд хилсдэхгүй. Монгол Улс 2027 он гэхэд Евро-5 стандартын шатахууны хэрэглээг 80 хувьд хүргэх зорилго тавьсан. Харин өнөөдөр бид Евро-2 төрлийн шатахууныг голлон хэрэглэж байна. Хэрэв Евро-5 стандартын шатахууныг өргөн хэрэглэдэг болгочихвол хуурамч шатахууны зах зээл хумигдах учиртайг албаныхан хэлж байгаа юм.

Гаалиар үйлдвэрийн зориулалттай завсрын бүтээгдэхүүн буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирэх болсон нь  хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэх хардлагыг лавшруулж буй талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүй хяналтын хэлтсийн дарга А.Бямбадорж хэлж байна.

Тэрбээр,

-Шатахуун импортлогч болон үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалтыг хийхэд лабораторийн шинжилгээгээр хэд хэдэн үзүүлэлт шаардлага хангаагүй дүн мэдээ гарсан. Тухайлбал, зах зээлд буй шатахууны физик-химийн үзүүлэлтүүд давсан, шатахуунд агуулагдах хүхрийн хэмжээ стандарт хэмжээнээс илүү байсан. Зах зээлд борлуулагдаж буй шатахуун түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ стандартаас хэт өндөр байгаа учраас агаарын бохирдолд мөн нөлөөлж байна.

Шатахууны чанар стандартын шаардлага хангахгүй байгаа нь шатахуун үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой.  Тухайн компаниуд ямар нэг батлагдсан технологигүй тул өөрсдийн технологиор үйлдвэрлэдэг.

Батлагдсан технологи гэдэг нь Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас баталж өгсөн технологи байх ёстой. Гэтэл монголд тийм технологи байхгүй. Шатахуун үйлдвэрлэх түүхий эд нь дизель түлшний хувьд керосин, нафта зэрэгт нэмэлт бүтээгдэхүүнүүд  байдаг. Цэвэр керосиныг сүүлийн жилүүдэд дотоодын бодит хэрэглээнээс хэт давсан хэмжээгээр импортолсон байна. Эдгээр нь дизель түлш үйлдвэрлэгдэхэд ашиглагдаж байгаа нь хяналт шалгалтын явцад илэрсэн. Керосин нь онцгой албан татваргүйгээр импортлогддог тул нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах, цэвэр керосин хэрэглэдэг аж ахуйн нэгжид тодорхой квот тогтоосноор их хэмжээгээр орж ирэх нь цэгцэрнэ гэж үзэж байна.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж