Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2020 оны хоёрдугаар сард цар тахал гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ийнхүү манай улсад хоёр дахь удаагаа айлчлах гэж байна. Мөн цар тахал гарч эхэлснээс хойших гадаадын томоохон айчлалын нэг болж буй.
Ганц өдрийн хөтөлбөртэй Монголд бууж буй тэрбээр ОХУ-д болох ШХАБ-ын Батлах хамгаалахын сайд нарын уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоод ирж байгаа ч энэ нь айлчлалын гол агуулга биш.
Энэхүү айлчлал нь цар тахлын үед буюу өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд халдвар хамгааллын хатуу горимын дор тохиож буйгаараа онцлогтой учир түүний айлчлалын үеэр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарц буй ахицыг бататгах нь хамгийн гол үйл явдал.
Түүний айлчлалын хөтөлбөрийг эцсийн байдлаар зарлаагүй ч зарим эх сурвалжийн хэлж буйгаар тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхана.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын урилгаар албан ёсны айлчлал хийж байсан.
Тус айлчлалын хүрээнд хоёр улсын сайд нар албан ёсны хэлэлцээр хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцсон. Мөн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцсан билээ. Түүний 2018 оны айлчлалын гол зорилго нь Төв цэвэрлэх байгууламжийн нээлт болон санхүүжилтийн асуудал, 1080 айлын түрээсийн орон сууцны санхүүжилтийг шийдэх гэсэн хоёр чухал асуудлыг шийдэхээр ирсэн.
ТЭГВЭЛ ТҮҮНИЙ ЭНЭ УДААГИЙН АЙЛЧЛАЛААС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?
Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний дүнд Монгол Улсын Хятад улс руу гаргах нүүрсний экспорт огцом буурсан. 2020 оны эхний хагаст нүүрсний экспорт 852.7 сая америк доллароор буурсан. Тавдугаар сарын байдлаар нүүрсний экспорт биет хэмжээгээрээ 2.4 дахин буурч, 6.3 сая тонн буюу 513 сая ам.долларын нүүрс экспортолсон.Үндсэндээ 42 сая тонн нүүр гаргах төлөвлөгөөтэй атал өнөөдөр 11 сая тонн нүүрс гаргаад байна. Тиймээс айлчлалын үеэр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд хилээр гарч байгаа машины тоог хэрхэн нэмэх боломжтой эсэх талаар талууд ярилцана.
Эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд илүү анхаарал хандуулж, алдагдсан цаг хугацааг нөхөх зарчмаар зохицуулалтын арга хэмжээг авч хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах санал солилцоно. Талууд худалдааны хэмжээгээ 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлээд байгаа юм.
1990-2017 хүртэлх хугацаанд Монгол улсад БНХАУ-ын зүгээс 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногджээ. 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчлахдаа хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг шийдвэрлэсэн.
Ван И-гийн айлчлалаар Орос, Монгол, Хятадын гурван талт хамтын ажиллагааны асуудлууд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын талаар хэлэлцэх нь тодорхой. ШХАБ-ын орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас ирж буй Ван И тус уулзалтаар хэлэлцсэн асуудал мөн үр дүнгийн талаар ярина гэсэн хүлээлт байна. Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статусаа ахиулах эсэх асуудал өнгөрсөн хугацаанд хүчтэй яригдсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ШХАБ-д тогтоосон байр сууриа ахисан түвшинд аваачих цаг нь болсныг битүүхэндээ ч хэлж байсан удаатай. Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн судалсаар байгаа ажээ.
Монголбанк болон Хятадын Ардын Банкны хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулж, своп хэлцлийг дахин гурван жилийн хугацаатайгаар сунгасантай холбоотойгоор цар тахалтай тэмцэх явцад харилцан тусламж үзүүлж буй нь хоёр улсын найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлснийг айлчлалын үеэр онцлох нь тодорхой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Хятадын ард түмэнд Монголын ард түмэн хүмүүнлэгийн тусламж 30 мянган толгой хонь хандивлахаа мэдэгдсэн. 30,000 толгой хонь хэрхэн хүлээлгэж өгөх тал асуудал энэ удаагийн айлчлалаар мөн яригдана. Бэлгийн хонь учраас БНХАУ-ын тал амьдаар нь авах хүсэлт гаргасан. БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2020 оны наймдугаар дугаар сарын 5-ны өдөр байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байна.
Гадаад хэргийн сайдууд тухайн улсын төрийн тэргүүн хийх айлчлалын өмнө бэлтгэл ажил хэр хангагдсаныг шалгаж ирдэг жишиг ч бий.
Холбоотой мэдээ