Т.Мөнхсайхан сайд аа, Covid-19 мөнгө угаах боломж биш!

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Т.Мөнхсайхан сайд аа, Covid-19 мөнгө угаах боломж биш!

Т.Мөнхсайхан сайд аа, Covid-19 мөнгө угаах боломж биш!

Монгол Улсын гадаад өрийн хэмжээг Засгийн газар нь, Гадаад харилцааны яам нь тодорхой мэдэхгүй, юунд зарцуулагдсаныг нь, үр өгөөжөө өгсөн эсэхийг нь  хянах боломжгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч онцлон хэлсэн. Энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын гадаад өр 30.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүний 7.2 тэрбум нь Засгийн газрын өр. Энэ мөнгийг юунд зарцуулсан, үр дүнд хүрсэн  нь тодорхойгүй байгаа ч Монгол Улсын иргэн бүр төлж барагдуулах нь гарцаагүй үнэн.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гаднын орноос хандив тусламжаар их хэмжээний мөнгө орж ирж байгаа. Түүгээр цар тахлын үед ашиглах шаардлагатай зүйлсийг худалдан авч байгаа, ямар ч асуудалгүй гэж мэргэжилтнүүд иргэдийн амыг тагладаг. Гэвч үгүй бололтой.  Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас (АХБ) гэхэд “Covid-19” цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах хөтөлбөрөөр 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн хүрээнд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт өгч байгаа билээ. Дээр дурдсан 30 сая ам.долларын зарим хэсгийг үр ашиггүй зарцуулах гэж байгаа байж болзошгүй хардлага байна.

Энэ талаар ХБНГУ-ын "Транслатум" анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч, анагаах ухааны доктор Д.Нямбаяр өөрийн үзэл бодлоо хуваалцжээ. Тэрбээр

“Та бидний нэрийг барьж мөн “Covid-19”-ийг далимдуулж АХБ-наас авсан 30 сая ам.долларын зээлийг 2060 он гэхэд буцаан төлж дуусах ёстой учир, зарцуулалтад нь хяналт тавих эрх бид бүхэнд зүй ёсоор байгаа. Уг зээлээр 1.280 сая ам.долларын үнэтэй бүрэн автомат хаалттай системийн ПГУ төхөөрөмж болон түүнд хэрэглэгдэх оношлуурыг нийтдээ хоёр сая доллароор буюу зургаан тэрбум төгрөгөөр авах гээд байгаа тухай би асуудал дэвшүүлж байна. Уг зээлийн зарцуулалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал удирдаж байгаа. Тэрээр ажлын хэсгийн ахлагчийн хувьд гадаадаас өндөр үнээр оруулдаг оношлууруудаас бүх талаараа хэд дахин сайн гэдэг нь хөндлөнгийн хяналтаар баталгаажчихсан монгол эрдэмтдийнхээ бүтээсэн оношлуурыг хэрэглээнд оруулах асуудал дээр сэтгэл гаргаж эрчимтэй ажиллахын оронд, харин ч эсрэгээрээ ажлын хэсгийнхээ ажлыг төрөл бүрээр гацааж (ядаж л хурлаас бултаад одоо сар гаруй хугацаа өнгөрлөө) байгаад тэр хооронд нь АХБ-ны зээлээр дэлхийн хаана ч байхгүй тэнгэрт тулсан үнээр (зургаан тэрбум) манай улсад нэн тохиромжгүй бүрэн автомат төхөөрөмжийг, оношлууртай нь хамт авах гээд байсан юм биш үү гэсэн хардалт төрж байна” гэж бичжээ.

Үүний үнэн эсэхэд хариулт авахаар албаны хүмүүстэй холбогдсон ч тодорхой  хариулт өгөх хүн байсангүй. Ажлаа мэдэхгүй байгаа юм уу, аль эсвэл үнэхээр “но” байна уу. Тиймээс АХБ-наас зээлж буй 30 сая ам.доллароор ямар төхөөрөмж авах гэж байгаа, юунд зарцуулах гэж байгаа талаарх мэдээллээ ил тод гаргах шаардлагатай байна.

Шилэн дансны хууль хэрэгжиж байгааг ч сануулахад илүүдэхгүй байх. Аливаа зүйл хаалттай, нууцлагдмал байх тусам хардалт дагуулдаг нь жам. Тиймээс, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан та эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж байгаа зээл, тусламжийн зарцуулалтыг ил тод болгох, хардлага дагуулж буй олон асуултад тодорхой хариулт өгөх шаардлагатай байна. Covid-19  хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө угаах боломж биш байгаасай.

Цар тахал бол дэлхий нийтийг айлгаж байгаа аюулт өвчин. Үүнийг хатуу сахилга бат, тоглоомын нэг дүрэмтэй байж л хохирол багатай давна. Үүнд санхүүгийн сахилга бат ч багтана. Аливаа төсөл, тусламжаас ашиг хүртэх гээд байдаг муухай монгол зан энэ удаа үнэхээр тохирохгүй. Учир нь, цар тахал бол мөнгө угаах боломж биш юм. Энэ нь монгол хүн бүрийн эрүүл мэнд, амь настай  холбоотой маш чухал сэдэв. Алдах эрхгүй зүйл гэж байдаг. Тэр нь энэ удаа “Covid-19” тойрсон оношлуур, төхөөрөмжтэй холбоотой асуудал болж байна. Хэрвээ  Д.Нямбаяр докторын яриад байгаа нь үнэн бол зээлийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, цаашилбал чанаргүй оношлуур авч олон мянган хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулах аюул байж болох. Тиймээс холбогдох байгууллага, албан тушаалтнууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, шалгаж цэгцлэх шаардлагатай болжээ. Эцсийн дүнд энэ зээлийг бидний үр хүүхэд заавал төлнө. Бид эрүүл мэндээрээ дэнчин тавих учир алдах эрхгүй. Нөгөө талаар Төслийн гэрээний дагалдах баримт бичгийн 14-т зааснаар бол зээлдэгч тал төслийг хэрэгжүүлэхдээ Азийн хөгжлийн банкны Авлигын эсрэг дүрэм журмыг баримтлах ёстой бөгөөд хэрэв авлига, залилан, албадлага, хуйвалдааны сэжүүр гарвал тус банк өөрсдөө хяналт шалгалт хийх эрхтэй байдаг юм байна.

COVID-19-ТЭЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛ УЛСАД ҮЗҮҮЛЖ БУЙ ЗЭЭЛ, ТУСЛАМЖ

  • Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл– Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны тавдугаар сарын 12-нд Төрийн санд хүлээн авсан.
  • АХБ “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн хүрээнд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгов– Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 480 мянган ам.долларын хамтарсан санхүүжилтийг уг төсөлд олгосон.
  • ОУВС-гаас 99 сая ам.долларын зээл– Энэ оны зургадугаар сарын 8-нд хүлээн авсан.
  • Европын холбооноос буцалтгүй тусламж болох 50.8 сая евро буюу 59.7 сая ам доллар- 2020-2024 онд буюу дөрвөн жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байгаа.
  • Дэлхийн банкнаас  26.9 сая ам.доллар- Энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүрт шилжинэ.
  • Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу есөн сая 319 мянган ам.доллар- Энэ оны зургадугаар сарын 17-нд хоёр өөр тусламжийн нот бичигт гарын үсэг зурсан. Эхний нэг тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу "Covid-19" цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон Улс дотроо шууд шилжинэ. Мөн 249 сая иенийг Япон Улсын их, дээд сургуулиудад Монгол Улсаас иргэдийг сургахад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулна.
  • -АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.2 сая ам.доллар- Энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр АНУ-ын Засгийн газар Covid-19 халдварын эсрэг тэмцэхэд зориулж Засгийн газарт 1.2 сая ам. доллар буюу 3.3 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан Эрүүл мэндийн яам, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр олгоно.
  • НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам.долларын зээл тусламж- ҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь НҮБ-ын системийн байгууллагын хувьд ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж байгаа. НҮБ-ын системийн байгууллагууд УОК, ОБЕГ, ЭМЯ-тайCovid-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн үеээс эхлэн шуурхай хамтран ажиллаж төрөл бүрийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхийг бэхжүүлэх хүрээнд дээрх тусламжийг үзүүлжээ

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж