ШИНЭ ЗУУНД ШИНЭ ЗУУНЫ Л ДҮРЭМ ҮЙЛЧИЛНЭ
-Юуны өмнө “Ардын эрх” сонины урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Та бид хоёр таныг Монгол Улсын Ерөнхий сайдын албаа хүлээлгэж өгснөөс хойш нэг жил хоёр сарын дараа ярилцах гээд сууж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдаас буучихсан, эрх баригч намын даргын албан тушаалаа өгчихсөн УИХ-ын сул гишүүн Н.Алтанхуяг юу хийв ээ. Та хэвлэлд төдийлөн гараагүй учраас энэ асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
-Хүн бол цаг үргэлж суралцах хүсэл тэмүүлэл, шинийг эрэлхийлэх хандлага, өөрийгөө шаргуу хөдөлмөрөөр ялан дийлэх зарчимтай байх ёстой. Би энэ зарчмыг эрхэмлэж явдаг. Өнгөрсөн хугацаанд ч энэ зарчмаа барьж ажилласан. Мэдээж УИХ-ын гишүүний ажлаа хийж, Монгол Улсад маань хэрэгтэй суурь асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх олон хуулийн төсөл дээр ажиллалаа. Мөн хоёр жил гаруй Засгийн газар толгойлж нэлээд шургуу ажилласан хүний хувьд үр дүн болон алдаа оноондоо сайтар дүгнэлт хийж Монгол Улсын маань цаашдын үсрэнгүй хөгжлийн гарц, шийдвэрлэх асуудлууд юу вэ гэдэг дээр нэлээд том багаар, шинжлэх ухаанч хандлага баримтлан ажилласан.
-Таны харж байгаагаар хөгжил, дэвшилд хүрэхэд юу чухал байна вэ. Энэ санаагаа хуваалцаж болох уу?
-Юун түрүүнд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хөгжил дэвшилд яаж хүрэх вэ гэдгийг бодох биш эхлээд яаж олон нийтийн ойлголт болгох вэ гэдгээ бодож байж өнөөдрийн олон бэрхшээлийг даван туулна. Нэг жишээгээр тайлбарлахад манай Засгийн газар халамжинд тараадаг байсан баялгийн орлогыг бүтээн байгуулалт, үйлдвэржилтэд зарцуулж эдийн засгаа эрүүлжүүлж, тэлж эхэлсэн. Дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэржилтийн бүтээн байгуулалтын маш том давалгаа эхэлж, монгол хүн Монголдоо сайхан амьдрах бодит боломж нөхцөлүүд бүрдэж, төрийн хүнд суртал багасан хүн бүрийн дотор "хөгжил" гэдэг итгэлийн гал дүрэлзэж байсан. Энэ бүхэн ердөө жил гаруйхан хугацааны ажлын үр дүнд бий болж байсныг хүмүүс мартаагүй байх. Бохир улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн явуургүй шунал, ганц нэг хүний аминч үзэл нийт Монголын ард түмний хөгжих замд гацаа болсныг ч хүмүүс мартаагүй. Яагаад энэ бүхнийг сануулаад байна гэхээр монголчууд бидэнд сэтгэлгээний ахиц хэрэгтэй байна. Бид нийтээрээ үндэсний эрх ашиг, нийтийн эрх ашгаа цөөн явцуу хүмүүст сануулж байх хэрэгтэй. Ард түмэн нэгдмэл үнэт зүйлтэй, язгуур эрх ашгаа баримталж асуудалд ханддагаа сэргээхгүй бол нэг гараараа босгосноо нөгөө гараараа сүйтгэсээр байх болно. Хүн төрөлхтөн XXI зуун руу алхаж ороод 16 дахь жилтэйгээ золгож байна. Бид гаднын болон дотнын цөөн тооны шуналтай хүмүүсийн өрддөг тамын тогооноос гарч дэлхийтэй цуг сэтгэх, уралдаж хөгжих цаг хугацаа минут секундээр биш сар жилээр үр дүнгүй урсаж байна. Өнгөрсөн зууныг хүнд аж үйлдвэр, байгалийн баялаг, зэвсэг тодорхойлдог байсан бол энэ зуун алганд багтдаг интернэтийн эрин зуун болчихоод байна. Эдийн засаг, хандлага, хэрэглээ, соёл гээд бүх зүйлд шинэ зууны хувьсал нэвтэрч байна. Гэтэл бид энд төмөр зам барина барихгүй, уул уурхай хэрэгтэй хэрэггүй гээд өнгөрсөн зуунаа ярьсаар сууж байгаа нь маш утгагүй асуудал биз дээ. Шинэ зуунд шинэ зууны л дүрэм үйлчилнэ. Товчхондоо бол Монгол төр ахмад, дунд, залуу үеийнхээ уламжлалт хэлхээг бодлогын төвшинд баримталдагаа сэргээх хэрэгтэй. Ахмад үе нь зууралдалгүй чиглүүлж, дунд үе нь арьсаа хамгаалахгүй ачаагаа үүрч, залуу үе нь шүүмжлэгч бус сэтгэж зүтгэдэг болох ёстой юм. Удаахь асуудал нь эдийн засгийн хөгжлийн асуудал. Эдийн засгийн хөгжлийг би хүний хөгжлийн асуудал гэж ойлгодог. Тиймдээ ч нэн даруй шийдэх хоёр асуудал гарч байна. Нэгдүгээрт одоо байгаа эдийн засгийн бүтцээ бүтээлчээр улам эвдэж экспортлогч орон болох. Экспортлогч улс болохын тулд бид харьцангуй давуу талдаа төвлөрсөн өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгч гүрний суурийг зөв тавих хэрэгтэй. Хоёрдугаарт баян хоосны хэт ихсэх ялгааг арилгах. Ингэхийн тулд баялгийн хувиарлалт тэгш явагдсан шударга нийгмийг цогцлоох хэрэгтэй. Гэтэл иргэдийн орлого тэнгэр газар шиг зөрүүтэй, баян хоосон байвал өөр хоорондоо бухимдаад нэг ч алхам урагшилж чадахгүй. Хамгийн наад зах нь Монголд орж байгаа уул уурхайн баялгийг шударгаар иргэддээ хуваарилах. Бид шударга хуваарилж байна гээд 21 мянган төгрөг болгож тараах хамгийн муу замыг сонгож байсан. Би үүнийг анхнаас нь эсэргүүцдэг байсан хүний хувьд мөнгө тарааж өгөх биш, харин бүтээн байгуулалт хийж үйлдвэрлэл хөгжүүлэх замаар монгол хүний орлогыг нэмэгдүүлэх, нэмэгдсэн орлогоороо монгол хүн Монголдоо сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийг зорьсон юм. Нөхцөл боломж гэдэг нь тохитой тухтай орон сууц, чанартай өрсөлдөхүйц боловсрол, эрүүл аюулгүй орчин шүү дээ.
ЦААСАН ДЭЭР БИЧИГДЭЖ ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ БАЙСАН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ МОНГОЛ ХҮНД ЮУ Ч ҮЛДЭЭГЭЭГҮЙ
-Тэгвэл таны толгойлсон шинэчлэлийн Засгийн газар энэ ажлаа хэр явуулж чадсан бэ. Магадгүй явуулж чадаагүй учраас та огцорсон юм биш үү?
-Надад үүнд хариулах бардам хариулт бий. Гэхдээ хариулахаасаа өмнө чамаас нэг асуулт асууя. Монгол Улс эдийн засгийн өндөр үзүүлэлттэй байхдаа юу бүтээж, ард түмэндээ юу үлдээсэн юм.
-Харин юу үлдээсэн юм бол?
-Яг зөв. Харин юу үлдээсэн юм бол. Минийхээр бол хоосон тоо л үлдээсэн. Цаасан дээр бичигдэж дэлхийд гайхагдаж байсан өсөлт монгол хүнд юу ч үлдээгээгүй. Тэр их өсөлттэй байх үед ямар ямар бүтээн байгуулалт хийгдсэн юм. Шинэ онгоцны буудал баригдсан уу, шинэ цахилгаан станцууд барьсан уу, нэг жилийн дотор тав, зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож чадсан уу, аймгийн төвдөө хамгийн орчин үеийн эмнэлгийн үзлэг үйлчилгээ авч чаддаг байсан уу гээд энэ мэт олон асуулт байна.
-Таны хэлж байгаатай би хувь хүнийхээ үүднээс маргахгүй л дээ. Гэхдээ тэр үед хүмүүсийн амьдрал сайжирч, үнэтэй машин унаж, үнэтэй гар утас хэрэглэж мөнгөтэй хангалуун амьдрах итгэл бий болсон ш дээ?
-Тийм ээ, тэр үнэн. Бид тэр хэдэн жилд үнэтэй зүйлийг үнэхээр сайн хэрэглэж сурсан. Гэтэл энэ хэрэглээ чинь Ерөнхий сайдын нүдээр үнэхээр муу эдийн засгийн бүтэц гэж харагдсан. Эдийн засгийн өсөлтийн дүнд тэрбум ам.доллараар Iphone авч, 1.5 тэрбум ам.доллараар үнэтэй машин унаж, түүнийгээ тэжээх гэж нэг их наядаас илүү төгрөгөөр бензин авдаг болсон. Хөдөө аж ахуйн орон байж австрали үхрийн мах идэж, Туул голынхоо хөвөөнд атлаа итали ус ууж эхэлсэн. Банкуудын олгодог зээлийн дийлэнх хувийг үйлдвэрлэлийн зээл биш, хэрэглээний зээл эзэлдэг болсон. Товчхондоо манай улс маш тэнцвэрт бус, хэрэглэдэг л эдийн засагтай болсон. Юу ч бүтээдэггүй, зөвхөн хэрэглэдэг ийм эдийн засагтайгаар бид хол явахгүй нь тодорхой болсон байсан. Юу хэлэх гээд байна гэхээр Алтанхуяг ч байсан хэн ч байсан ийм эдийн засаг унах л байсан. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар маш зоригтойгоор хэрэглэдэг эдийн засгаас бүтээдэг эдийн засагт шилжих зорилгыг өмнөө тавьж “Монголдоо бүтээцгээе” хөтөлбөр эхлүүлсэн. Өнөөдөр үүний үр шимийг монголчууд нүдээрээ харж, гараараа барьж байна. Цементийн хэрэглээгээ 100 хувь хангаж, монгол ноолуур дэлхийн зах зээл дээр зарагдаж, олон үйлдвэрлэл үүдээ нээж, олон төсөл амжилттай хэрэгжиж байна.
-Гэхдээ л таныг огцруулсан нь үнэн. Та яг яагаад огцорсноо өөрийнхөө амаар хэлэх цаг болсон юм биш үү?
-Цаг нь боллоо гэж хариулж байгаа юм биш. Цаг хугацаа маш тодорхой болгочихсон тул хариулахад юунд нь татгалзахав. Ер нь бол Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байя гэж зүтгэсэн маань огцрох шалтгаан болсон.
ОЮУТОЛГОЙН ХОЁР ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХЭТРЭЛТ ДЭЭР БУУЛТ ХИЙНЭ ГЭДГИЙГ БИ ХУВЬДАА ОЙЛГОХГҮЙ
-Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байна гэж…?
-Ерөнхий сайд гэдэг нэг салбарын сайд биш. Эцсийн шийдвэрийг гаргадаг. Тэр шийдвэр Монгол оронд хэрэгтэй гэж үзвэл гадны нөлөөнд үл автан дотоод итгэл үнэмшлээр алхаа цохих ёстой. Бүх тоо мэдээллээ өмнөө тавьчихаад Монгол Улсад үнэхээр ашиггүй байхад аливаа нэг бүлэглэлийн дарамтад орж гудайвал өмнөх бүх үеийнхээ Ерөнхий сайд нарын өмнө буруутан болно биз дээ. Би Монгол Улсын Ерөнхий сайд байсан А.Амар, П.Гэндэнгийн хэмжээнд хүрэхгүй ч тэдний хэмжээнд ёс суртахуунтай, эх оронч явах юмсан гэж хичээж явдаг.
-Ер нь бол таныг Ерөнхий сайдаас огцорсон шалтгааныг олон нийт ойлгохдоо нэгд давхар дээл тайлах ёстой, хоёрт том төслүүдээ хөдөлгөсөнгүй, гуравт Н.Энхбаяртай гэрээ байгуулсан гэдгээр буруутгагдлаа гэж харж байсан?
-Маш тодорхой шалтгаанууд гэвэл Оюутолгой төсөл дээр гаднын том компанийн гар хөл болоогүй гэж, Тавантолгойн асуудал дээр хэсэг бүлгийн эрх ашгийг нийт ард түмнийхээ эрх ашгийн дээр тавиагүй гэж, авлигын хөрс суурь болсон төсвийг эрүүлжүүлэн шинэчлэхээр тэмцсэн гэж, Ардчилсан намаа дараа, дараагийн сонгуулиудад ялуулахын тулд “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан гэж огцруулсан даа. Харин тэр давхар дээл гэх мэт шалтагууд нь бол та бүхний нүдэнд ил байж, олон ангитай өрнөсөн болохоор нурших нь илүүц байх.
-Та огцорсон ч энэ байдал хэвээрээ л байна. Тавантолгой төслийн хувьд юу болсон юм?
-Тавантолгой явж байсан уу, явж байсан. Монголын компани өөрөө олборлолт хийж байсан. Энэ дээр “Шинхуа”, “Пибоди” хоёрыг оруулаад “Эрдэнэс Тавантолгой”-той нийлээд гурван компани болгож өргөжүүлье гэсэн санаачилгыг гаргаад, бүр гардаад хийж байсан.
Гэтэл огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн. Ингээд л бөөн хэл ам эхэлж, тэр хэл ам нь өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Тиймээс энэ бол цаанаасаа бодлоготой хийгдсэн ажил гэдэг нь тодорхой болж байгаа юм. Гаднын хоёр компани ороод манай төрийн өмчит компани нийлээд яваг. Энэ буруу биш. Хөрөнгө оруулалтаа нэмье л гэсэн санаа. Ер нь бол Тавантолгой зогсоогүй. Бидний үед зургаан сая тонн нүүрс олборлож байсан, өнөөдөр дөрвөн сая тонн болж буурсан. Тэр хэл ам, хэрүүл тэмцэл олборлолтыг хоёр сая тонноор бууруулснаас өөр хожил байхгүй гэсэн үг.
-Тэгвэл Оюутолгойн хувьд…?
-Оюутолгойг тойрсон 30 гаруй асуудал байсан юм. Үүнээс 24, 25-ыг нь бид шийдсэн. Нэг л асуудал дээр би одоог хүртэл санал нэгдэхгүй байгаа. Одоо харин хүмүүс ойлгож эхлээд байх шиг байна. Тэр бол өнөөдрийн яригдаж шийдэгдсэн гээд байгаа анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт буюу хоёр тэрбум ам.доллар. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар ямар их бүтээн байгуулалт хийж болохыг харлаа. Гэтэл хоёр тэрбум ам.долларын хэтрэлт дээр буулт хийнэ гэдгийг би хувьдаа ойлгохгүй.
-Таны хувьд Оюутолгой дээр ийм байр суурьтай байдаг юм байж. Гэтэл сая бас л Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гэж оролдлоо. Харин танай нам засгаа авч үлдэж чадлаа. Таныг Засгийн газрыг авч үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж ч ярьж байна?
-Ямар ч үед Засгийн газар тогтвортой байх ёстой. Нэг Засгийн газар огцорлоо гээд дараагийнх нь сайжрахгүй. Би Ерөнхий сайдаас огцрохдоо нэг л зүйлд харамсаж байсан. Монгол төр тогтвортой, эвтэй байж гэмээн амин сүнс нь мөнх оршино гэдэг суурь зарчмыг олон хүнд ойлгуулж чадаагүйдээ харамсаж байсан. Харин олон шалтаг шалтгаан зохиож, тулгаж, гүтгэж, зүтгэж, хуйвалдаж огцрууллаа гэж харамсаж юм санаагүй. Ч.Сайханбилэгийн тэргүүлж байгаа Засгийн газарт би шүүмжлэлтэй ханддаг зүйлүүд бий. Хамгийн гол нь МАНАН байгуулж ихэнх цаг хугацааг нь юу ч хийлгэхгүй хорлож гацаасан сөрөг хүчнийхэн эргээд хор найруулаад огцруулна гээд зүтгээд байгаа нь зөв зарчим уу. МАН сүүлийн гурван жилийн дотор гурав дахь удаагаа Монгол Улсын Засгийн газрыг огцруулах ажиллагаа зохион байгуулж байна. Бид чинь улс төрийн өрсөлдөгч болохоос нэгнээ хорлодог, эх орноо золиосолдог, ирээдүйгээ үрэн таран хийх зорилготой нэгдэл биш биз дээ. МАН бол 90 гаруй жилийн өмнө Монголын ард түмний төлөөлөл, нийтлэг эрх ашиг дээрээ нэгдэж байгуулсан нам гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ардын нам өнгөрсөн зуунд ард түмнийхээ өмнө хүлээсэн олон үүргээ биелүүлснийг бүгд хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэр түүхийг өнөөгийнх шиг сэтгэлгээтэй удирдагчид бүтээгээгүй нь тодорхой. Улс орноо хорлож улс төрийн өрсөлдөөн хийдэг цөөхөн явцуу удирдлагаасаа салах цаг нь болсон гэдгийг Ардын нам ойлгох хэрэгтэй. Том сандал мөрөөдсөн, том ивээлд багтсан удирдлагад намынх нь ирээдүй байтугай улс орны язгуур эрх ашиг ч хамаагүй байгаа нь харамсалтай байна даа.
АН ЗАСГАА ОГЦРУУЛАХГҮЙ АВААД ҮЛДЭЖ БОЛДГИЙГ БИД ХАРЛАА
-Маш хатуу шүүмжлэл байна. Гэтэл хүн бүр л “Алтангадас” задарсан, Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр таныг унагалцсан гэдгийг ярьдаг. Энэ ярианд та цэг тавих уу?
-Үүнд хариулахын тулд ардчиллын суурь зарчим, Ардчилсан намын давуу тал хоёрыг сануулах хэрэгтэй. Манай нам байгуулагдсан цагаасаа хуйвалдаж үгсэж шийдвэр гаргадаггүй зарчимтай. Үзэл бодол зөрөлдсөн тохиолдолд илээр мэтгэлцэж зөвлөөд олонхийнхоо шийдвэрийг дагадаг. Энэ зарчмыг би намын даргаар зургаан жил ажиллахдаа хатуу баримталсан. Ардчилсан нам түүхэндээ байгаагүй дараалсан олон ялалт байгуулсны нууцуудын нэг нь нь энэ. Тийм учраас хуйвалдсан үгссэн байлаа ч би зөвөөр ойлгож, холыг харж зарчмаа барина. Энэ бол ардчиллын суурь зарчим буюу хувь хүний эрхийн асуудал. Хүмүүсийн ярьдаг хов живийг бус өнөөдрийн үйл явдлыг ажиглавал илүү ойлгомжтой хариулт гарна л даа. Ч.Сайханбилэгийг анх Ерөнхий сайдаар томилогдоход том биетэй хэн гэж дуудаж байлаа, одоо том биетэй хэн болсон байна гэхээр ойлгогдох байх. /инээв/ Би түүнийг анх Ерөнхий сайд болоход нь зөвлөж байсан үгээ өнөөдөр ч хэлмээр байна. Өөрийнхөөрөө бай гэж… Түүх түүнийг яаж, яах гэж Ерөнхий сайд болсныг нь биш юу хийж бүтээснээр нь дурсана. Товчхондоо бол Ардчилсан нам засгаа огцруулахгүй аваад үлдэж болдгийг бүгд харлаа. Сайн үйл үргэлж ярьж явдаг хүн, сайхан үйлдэл үргэлж бүтээж явдаг хүн хоёрт асар том зөрүү бий.
-Яг тухайн үед бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилуулах санаачилга нь таных, ард нь байсан хүн та биз дээ. Ардчилсан намын бүлэг дээр Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгоё гээд шийдчихсэн байхад ҮЗХ дээр нөхцөл байдлыг эргүүлчихсэн. Тиймээс ч Ч.Сайханбилэг том биетэй болохоос Н.Алтанхуяг гэж дүгнэж байсан удаатай. Гэтэл одоо харахад үгүй бололтой. “Алтангадас” гэсэн нэг малгайд багтаж явсан, таны ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Сайханбилэг, одоогийн Сайханбилэг хоёрт ямар ялгаа байна вэ?
-Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгож болохгүй гэсэн нь манай намд буруу жишиг тогтох гээд байсантай холбоотой. Засгийн газраа нөгөөдүүлтэй нийлж огцруулсан хүн өөрөө Ерөнхий сайд болно гэдэг ямар ч ёс зүйд таарахгүй зүйл. Манай намын үнэт зүйл, зарчимд халдсан үйлдэл. Түүнээс надад Р.Амаржаргалтай сайн муу харилцаа байхгүй. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод хэрхэн өөрчлөгдсөнийг би хэлж мэдэхгүй. Хүмүүс дүгнэх биз.
-Н.Энхбаяртай байгуулсан гэрээний тухайд юу хэлэх вэ. Маш их шүүмжлэл, маш олон дайралтууд намынхнаас чинь танд ирж байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ таныг огцорсны дараа МАН-ыг засагтаа урьж, бас хөөчихөөд буцаад л Н.Энхбаяртайгаа хамт явж байна. Одоо бүр Шадар сайд болгох гээд тохиролцож байна ш дээ.
-Энэ асуултын хариулт бол өнөөдөр хэрхэн өрнөж байгаагаас та бүхэн надаар хэлүүлэлтгүй харж байна. Надаас ухаантай хүмүүс намайг огцруулсан юм чинь ойлгож байгаа байх. /инээв/ Намайг манай Э.Бат-Үүл нарын нөхөд маань бараг л ардчиллаас урвасан урвагч гэж цоллож байсан. Н.Энхбаяр гэдэг хүнтэй юм ярилаа гэж буруутгасан. Би Н.Энхбаяр гэдэг хүнтэй огт юм яриагүй. Харин “Шударга ёс” эвсэлтэй л ярьсан. Тэр намын дарга тухайн үед хэн ч байсан нөгөө талд суугаад гарын үсэг зурах л байсан. Урдын жишигээр бол ойрын үед олон олон ширүүн зүйл болох биз дээ. /инээв/
-Та Ерөнхий сайдаас огцордог юм байж, намын даргаа яагаад өгсөн юм бэ?
-Манай намынхан бол намайг намын даргаа өгөх дээр эсрэг байр суурьтай байсан. Миний хувьд МАНАН байгуулахын эсрэг хатуу байр суурьтай байсан хүн гэнэт МАНАН-гийн Засгийн газар байгуулъя гэж журмын нөхөддөө уриалах уу. Зарчим, ёс суртахууны хувьд тийм асуудал байж болохгүй учир намын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хамгийн гол нь намаа хагалснаас Н.Алтанхуяг буусан нь дээр гэж би хувийн шийдвэрээ гаргасан. Энэ намд надаас болж ан цав гарах ёсгүй. Яагаад гэвэл, Ардчилсан нам бол шинэчлэгч, ардчиллын тулгуур багана, эдийн засгийн түүчээ болсон нам.
-Ер нь эргээд бодоход танд Ерөнхий сайдаасаа огцрохгүй, намын даргаа өгөхгүй байх боломж байсан юм уу?
-Байлгүй яахав. МАНАН байгуулаад ажиллахад л шийдэгдэх асуудал байсан. Намайг 2012 оны сонгуулийн дараа л Ерөнхий сайд болгохгүй гэсэн хүмүүс байсан. Асуудал анх тэгж л эхэлсэн. Ямар ч үндэслэлгүй шаардлагаасаа ичсэн үү, яасан энэ яриа удахгүй намжаад намын даргаа өг гэсэн шаардлагыг хүчтэй тавьж эхэлсэн. Харин би зэрэмдэг Ерөнхий сайд болж, барьцаалагдаж ажиллахгүйн тулд эсэргүүцсэн. Хэрэв тэр үед намын даргаа өгсөн бол өнөөдрийнх шиг үл ойлголцол үүсч нам болоод улс оронд ямар ч ашиггүй байх байсан биз.
АН-ЫН ХУВЬД Х.ТЭМҮҮЖИНГҮЙГЭЭР, Н.БАТБАЯРГҮЙГЭЭР, Ч.САЙХАНБИЛЭГГҮЙГЭЭР, МАГАДГҮЙ "ЖЕНКО"-ГҮЙГЭЭР СЭТГЭХГҮЙ НЬ ҮНЭН
-Ардчилсан намын дотоод руу орж асууя. “Алтангадас” фракц байгаа юу, задарсан уу. З.Энхболд АН-ын даргын албан тушаалыг аваад фракцгүй нам болж байгаагаа зарласан. Гэтэл сая зарлагдсан ҮЗХ-ны хуралдаан фракцуудын зөрчлөөс болоод гацах шиг боллоо.
-Засгийн газрыг огцруулах асуудал ороод ирсэн ийм цаг үед их олон асуудал зэрэгцүүлэх нь буруу гээд ҮЗХ-г хойшлуулсан. Ардчилсан намын хувьд Х.Тэмүүжингүйгээр, Н.Бат-баяргүйгээр, Ч.Сайханбилэг-гүйгээр, магадгүй “Женко”-гүйгээр сэтгэхгүй нь үнэн. Намайг намын дарга хийж байсан зургаан жилд фракц гэдэг ойлголт л лав байгаагүй. “Монгол хүн 2020” хөтөлбөр ч, шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлууд ч дандаа олон толгой оролцож, оюун санаагаа уралдуулж бүтээсэн ажлууд. Зөвхөн хэдэн улстөрч суугаад хийхгүй, мэргэжлийн чиглэлийн хүмүүстэй маш их зөвлөж шийдвэр гаргадаг байсан.
-Гэхдээ саяхан болж өнгөрсөн АЭХ-ны тэргүүн тодруулах сонгуулиар таныг нам доторх “бяр”-аа харууллаа гэж хүмүүс ярьж байна?
-Наадахь чинь фракц гэхээс илүүтэй Б.Ургамалцэцэг гэдэг хувь хүнтэй холбоотой зүйл. Б.Ургамалцэцэгийн хувьд намын дотоод ажлыг олон жилийн турш халуунд халж, хүйтэнд хөрж, нэр төртэй хийж, нам дотроо хүндлэгдсэн эмэгтэй. Нам доторхи миний байр суурийн хувьд олон жил гишүүдтэйгээ ойрхон ажиллаж, олон сонгуульд хамт ялж, олон бүтээлч ажлуудыг хамт хийсний хувьд нүүр бүтэн уулздаг, зөвлөдөг.
-Өнөөдөр манай нийгэмд буй олон ээдрээтэй асуудлын шалтгааныг Үндсэн хуультай холбож тайлбарладаг хүмүүс олширлоо. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Болохгүй бүх юм Үндсэн хуулиас л үүдэлтэй гээд байгаатай би санал нийлдэггүй. Бид өөрсдөө эрх мэдэлд улайрсан, шунасан байдлаасаа болж энэ тэнцвэрт байдлыг, хүчний харьцааг алдагдуулсан. Үүнээс үүдэлтэй маш олон гажиг бий болсон. Ардчилалд учраад байгаа дараагийн аюул занал бол зөвхөн төрийн гурван институцийн эрх мэдлийг алдагдуулаад зогсохгүй төрийн бусад байгууллагынхыг ч алдагдуулчихсан. Тэр дундаа хууль хяналтын байгууллагуудын хоорондын зөв зохистой эрх мэдэл, тэнцвэрт хяналтыг алдагдуулсан. Энэ бүхнээс болж гажуудал үүсэнгүүт “Ардчилал бүтэхээ байлаа” гээд халаглах байдал руугаа орж байна. Үгүй шүү, ардчилал амьд бас эрүүл байгаа. Ардчилал болохоо байлаа гэдгийг ардчилалд итгэдэг хүмүүсийн итгэлийг алдагдуулах зохион байгуулалттай үйл ажиллагаа явж байна гэж хардаг. Ардчилал хэрэггүй юм байна, ухаантай ганц удирдагч гараад ирвэл бид хөгжих юм байна гээд мундаг ганц даргатай улсын жишээ авч яриад эхэлж байна. Энэ бол үндсээрээ буруу. Үүнийг зогсоож, зөв болгох хэрэгтэй.
ЖҮЖИГЛЭХЭЭ Л БОЛЬЧИХ Л ДОО
-Тэгэхээр ээдрээтэй асуудлуудын гогцоо Үндсэн хуульд биш тодорхой хүмүүсийн ашиг сонирхлоос үүдэлтэй байна гэж та дүгнэж байна. Зөв үү?
-Нийгэм өөрсдийн болохгүй байгаагаа онигоо болгон илэрхийлж эхэлдэг. Манай улс хэдэн Ерөнхий сайдтай вэ гэдэг онигоо чиний асуултын хариулт болж байна. Ардчилал бол эрх мэдлийн тэнцвэр, хяналт дээр оршдог. Энэ суурь зарчмаа Үндсэн хуулиараа тодорхой болгож цэгцлэхгүй бол хэн дуртай нь шуналдаа нийцүүлж нэгнээ барьцаалах замаар Монголыг удирдах гэж оролдоод байгаа нь маш аюултай үзэгдэл. Би энэ талаар чуулганы танхимд олон удаа байрь сууриа илэрхийлж, хаалттай хуралдаан хүртэл хийе гэж санал гаргаад дийлэхгүй байгаа. Жишээ нь Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг том баймаар байгаа юм. Ядаж л доошоо бууж аж ахуйн ажил, томилгоо руу ордоггүй баймаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний итгэж болох хамгийн сүүлчийн хүн нь, үнэт зүйлийг нь тээгч нь, эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой юм.
-Та хуулиас илүүтэй тухайн институцийг удирдаж байгаа хүний шуналаас маш их юм үүссэн гэж хэллээ. Тэгвэл өнгөрсөн 2012 оноос хойш Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд гурван институцийг удирдаж байгаа хүмүүс нь нэг намынхан, тодруулбал АН-ынхан ш дээ. Ойлголцоод явж болдоггүй юм уу. Та жишээ нь ойлголцож чаддаг байсан уу?
-Би Үндсэн хуулийг л өөрчилнө гэдэг ч юм уу, болохгүй, бүтэхгүй байна гэхээс илүү байгаа орчиндоо зохицож ажиллах арга барил хайж, оногдсон ачаагаа үүрээд, тавьсан зорилтоо хэрэгжүүлье гэж бодоод зүтгэсэн. Засгийн газрын оруулсан төсвийг УИХ танигдахын аргагүй болтол өөрчилчихдөг. УИХ-ын хэдхэн гишүүн сууж байгаад л хөрөнгө оруулалт нэрээр төсвийн мөнгийг шаардлагагүй барилга, байгууламж руу хуваарилдаг. Иймэрхүү юм одоо ч байгаа. Авлига төсвийн мөнгөн дээр байсан учир “Авлигажсан төсөв”-тэй тэмцсэн. Наад захын жишээ хэлэхэд ямарч хэрэггүй газар гүүр тавина гээд төсөвт суулгаж, бүр жил болгон үнийг нь өсгөж мөнгө авч байгаа нь авлига. Үүнийг зүгээр харж сууж чадаагүй учраас тэмцсэн.
Асуултын чинь хувьд би аливаа асуудалд наанатай цаанатай ханддаг хүн. Огт ойлголцож чадаагүй биш ойлголцож байсан. Хэрэв огт ойлголцоогүй бол хоёр, гурван сар болоод огцорчих байсан. Тэгэхээр ойлголцохын тулд ойлголцож, харилцан хүлээн зөвшөөрөлцөж явсан. Гэхдээ ойлголцохгүй юм байсан уу гэвэл байсан. Жишээ нь давхар дээл байна. Одоо шинэчлэлийн Засгийн газрын гишүүд байхаар давхар дээлтэй байж болохгүй, Алтанхуяг байхгүй болохоор давхар дээлтэй байж болдог уу гэдэг зүйл хүртэл яригдаж байна. Өнөөдөр бүгд л дээлээ давхарлаад суучихсан байна. Ёстой жүжиглэхээ л больчих л доо гэж хэлмээр байгаа юм.
-Тэгвэл энэ бүгдийн зөв гарц шийдэл нь юу юм бэ?
-Ерөөсөө л ёс зүй. Уг нь шунал хүслээ жаахан хазаарладаг ёс зүйтэй хүмүүс Монголын нийгэмд их хэрэгтэй байна даа. Би хоёр зүйл дээр ёс зүй маш ихээр алдагдаж байна гэж боддог. Эхнийх нь улстөрчдөд ёс зүй асар их дутагдаж, уландаа гишгэж байна. Улс төрийн өрсөлдөгч гэж харсан хүмүүсээ ямар ч хамаагүй аргаар муу хүн болгодог бохир арга барилтай. Хоёр дахь нь буюу Монголын нийгэмд бий болсон буруу жишиг бол мөнгөтэй хүмүүсийг үзэн яддаг сэтгэл зүй тогтжээ. Хамгийн харамсалтай нь үзэн ядахаас өөр аргагүй нөхцөл байдлыг бий болгочихсон. Яаж мөнгөтэй болсон нь дүүрсэн хэрэг гэж бодъё. Гол нь мөнгөтэй хүмүүс нь ёс зүйгүй болчихож. Зарим мөнгөтэй хүний ёс зүйгүй авираас болж нийгэмд мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй юм байна гэсэн ойлголт тогтчихсон. Одоо бүр цөөн хэсэг мөнгөтэй хүний үр садад нь, төрөл төрөгсдөд нь хүртэл хууль үйлчлэхээ байлаа. Энэ нь өөрөө нийгэмд маш буруу дохио өгч байна. Уг нь зах зээлийн нийгэмд мөнгөжсөн, мөнгөтэй болсон хүмүүсээ хүндэлдэг. Тэд нь ёс зүйтэй байдаг. Мөнгө яаж олж байгаа нь ойлгомжтой байдаг. Манайд эсрэгээрээ яваад байна. Мөнгөтэй нь мөнгөтэй гэж онгирдоггүй, том машинаараа жижгээ шахдаггүй, дайрдаггүй байх хэрэгтэй. Харамсалтай нь ийм ёс зүй манайд байхгүй боллоо. Шулуухан хэлэхэд, Монголын нийгмийг шуналаа барьж чаддаггүй нэг хэсэг, хэд гурван төгрөгөөсөө болоод ёс зүйгээ мартчихсан нэг хэсэг баллаж байна.
БИ ГОНГИНОХ ДУРГҮЙ ХҮН. ГЭХДЭЭ Л МАН-ЫН БЭЛНЭЭР ТАРААСАН МӨНГӨ НЬ ХОЁР "ЧИНГИС" БОНД
-Эдийн засгийн тухайд, гол ажлын талаар та илүү тодруулж болох уу. МАН-ын болон АН-ын Засгийн газрыг харьцуулсан статистик яваад байсан учраас дахин, дахин лавлаад байна л даа?
-Харьцуулж асуугаад байгаа учраас би харьцуулж хариулъя. Н.Энхбаярын Засгийн газрыг бол газар хувьчилснаар нь, С.Баярын Засгийн газрыг “Атрын III” аянаар нь, Оюутолгойн гэрээг байгуулснаар нь бүгд л санаж байгаа. Зөв, буруу нь дараагийн асуудал. М.Энхболд юу хийснийг би санахгүй байна. Харин шинэчлэлийн Засгийн газар бол хийсэн юмтай, бүтээсэн ажилтай. Зам, найман хувийн зээл, бүтээн байгуулалт, ажлын байр гээд хэлж чадна. Би гонгинох дургүй хүн. Гэхдээ нэг юмыг заавал зориуд хэлье. Өнөөдрийн энэ их бүтээн байгуулалтад атаархсан зарим хүн муучлах гэж үздэг юм. Зээл аваад өрөнд оруулчихлаа гэдэг. Хөөе, тэд энэ “Чингис” бондын мөнгөтэй тэнцэх хэмжээний мөнгийг 21 мянган төгрөг, нэг сая төгрөг болгож тарааж дуусгасан ш дээ. Нийт тараасан мөнгө нь хоёр “Чингис” бонд. Хамгийн аюултай нь ирээдүйгээсээ зээлээд тараачихсан. Манай Засгийн газар ажиллаад олох мөнгийг урьдчилж зээлж аваад тараачихсан. Би Ерөнхий сайд байхдаа “Чалко”-гийн 350 сая ам.долларыг хэлж байсан. Өнөөдрийн ханшаар энэ бол 700 тэрбум төгрөг. Ийм их мөнгийг нэг компанид нүүрсээ өгнө гэж зээлж аваад тараагаад л дуусгасан. Бүгдийг нь жорлон руу оруулаад алга болгосон. Сарын 21 мянган төгрөгийн ихэнх нь архи болоод дууссан. АН харин иргэдээ ингэж халамжлаагүй. Ер нь хамгийн сайн халамж бол сайн цалинтай ажлын байр. Бид “Чингис” бондын мөнгөөр 13 аймгийн замаас долоогийнхыг нь барьчихлаа. 1381 үйлдвэр үйлдвэрээ өргөтгөж, зарим нь шинэчилж, зарим нь шинээр босгочихлоо. Биднийг 2012 онд ажил авахад Монгол нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авч байсан улс. “Монголдоо бүтээцгээе”, “Монголдоо үйлдвэрлэе” гэдэг уриаг бид зүгээр ч дэвшүүлээгүй. Зээл өгч үйлдвэрлэлээ дэмжсэний үр дүнд импорт багаслаа. Энэ бол тэр мөнгө өгч босгосон 1381 үйлдвэрийн үр дүн. Тэдэнд 1.2 их наяд төгрөг өгсөн. Тэгэхэд нэг сая, 21 мянган төгрөг тараахад нийтдээ 2.5 их наяд төгрөг зарцуулсан байдаг юм ш дээ. Ийм их мөнгийг зүгээр л тарааж өгөөд дуусгасан. АН-д итгээд сонгоход улс орон өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь аргагүй. Ард түмэн хүлээн зөвшөөрч байгаа. Галд цучил нэмнэ гэж гоё үг байдаг даа. Харамсалтай нь, улс орон хөгжөөд дүрэлзээд байхад цучил нэмэхийн оронд гал командын машин авчирч байгаад шланкаар ус шүршдэгээ л МАН-ынхан болих хэрэгтэй. Иймэрхүү байдалтай байвал бид ерөөсөө хөгжихгүй.
-Одоо нэгэнт эдийн засаг их хүнд боллоо. Үүнээс гарах аргаа та Ерөнхий сайд байхдаа юу гэж харж байсан бэ?
-Би байсан бол ингэх байсан юм гээд ярих тийм зохистой эсэхийг мэдэхгүй. Гэхдээ бид юун түрүүнд зохисгүй хэрэглээгээ танах байсан.
ШУДАРГА ЁС АЛАГЧИЛЖ ҮЙЛЧЛЭХ ЁСГҮЙ
-Ойлгомжтой. Одоо хууль, хүчний байгууллагатай холбоотой хэдэн зүйл асууя. АТГ-т шилжүүлсэн байсан прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг хуучин харьяалалд нь оруулах хуулийн төслийг та санаачилсан. Энэ төсөл “хаачсан” бэ. Уг нь хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн байсан. Хэн, хаана дарчихав?
-Намын бүлгүүд, Байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганд ороод хэлэлцэгдэхгүй зогсчихсон. Яагаад зогсоосон шалтгааныг ерөөсөө хэлээгүй. Хэлэлцэх асуудалд оруулахгүй жил болох гэж байгаа төсөл л дөө. Энэ хооронд нь миний хавь ойрынхныг буруутгах ажлаа хийсэн.
-Ийм төсөл санаачилсан шалтгаан яг юу юм бэ. Янз бүрийн л тайлбар гадуур явж байгаагийн нэг нь “Алтанхуяг ахлах зөвлөх Л.Гансүхийг нь хорьсон учраас АТГ руу дайрч байна” гэсэн мэдээлэл. Олон улсын авлигын эсрэг “Трансперенси Интернешнл” байгууллага хүртэл энэ төсөлтэй холбогдуулж мэдэгдэл гаргаж байсан. Ер нь Н.Алтанхуяг авлигатай тэмцэх гээд байгаа хүн үү, тэнцэх гээд байгаа хүн үү гээд л янз бүрийн мэдээлэл явсан даа…
-Манай Засгийн газар байгуулагдаад гурван том зорилго тавьсан юм. Нэгд, бүтээн байгуулалт. Хоёрт, ард түмний амьжиргааг дээшүүлье. Гуравт, хүнд суртал, авлига хээл хахуулийг устгая гэсэн. Тиймээс ч манай Засгийн газар шиг авлига, хээл хахуультай тэмцсэн Засгийн газар байхгүй. Би хувь хүнийхээ хувьд ч авлигын эсрэг явдаг улстөрч. Харин авлигатай тэмцэж байгаа нэрээр хүмүүсийг хэлмэгдүүлж болохгүй. Үүний эсрэг зогсоно. Энэ бол хоёр өөр зүйл. Хоёрт, хүмүүсийг шоронд аваачиж хийх замаар тэмцэж болохгүй. Гуравт, улс төрийн зорилгоор хийж болохгүй. Яг үнэхээр тэр нь тэгсэн, энэ нь ингэсэн гээд нотлоод явбал өөр хэрэг. Гэтэл улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй л дээ.
-Л.Гансүх зөвлөх, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой”-н Я.Батсуурь гээд таныг тойрон хүрээлж байсан хүмүүс хууль, хяналтын байгууллагад шалгагдлаа. Нэг бус удаа тэд өөрсдийгөө бохир улс төрийн золиос болсноо илэрхийлж байсан. Гэхдээ Н.Алтанхуяг гэдэг улстөрчийг унагахын тулд тийм олон хүний амьдралаар тоглоно гэж байх уу. Та энэ асуудлаар ямар бодолтой явдаг вэ?
-Он дарааллаар нь яривал манай Засгийн газрыг давхар дээлээр унагачихна гэж шийдсэн юм билээ. Эхний оролдлого нь тэр. Гэвч бүтээгүй учраас дараагийн барьц хэрэгтэй болсон байгаа юм. Тэр нь Гансүх, Дэнзэн байсан. Тэгээд Гансүхийн хэрэг гэгчийг олон нийт хараад энэ хэрэг биш юм байна гээд бүгд ойлгочихсон. Монголын ард түмэн бүгдээрээ юу болсныг мэдсэн, харсан. Бодоход Алтанхуягийг л унагахын тулд заавал ойр хавийнхнаас нь юм ол гэсэн юм шиг байгаа юм.
Ерөнхий сайд улс төрийн шийдвэр л гаргадаг. 13 аймгийг холбох шийдвэр гаргана. Тэрийг бол Ерөнхий сайд хүн хийнэ. Ийм ийм үйлдвэр барья, мөнгө өгч дэмжье гэдэг шийдвэрийг Ерөнхий сайд хүн гаргана. Түүнээс тэр үйлдвэрт мөнгө өг гэж би хэлэхгүй. Тийм болохоор Засгийн газрыг унагахын тулд Алтанхуягийн нэр хүндийг унагах ёстой. Алтанхуяг гэдэг хүний нэр хүндийг унагахын тулд ажиллагааг ойр тойрныхноос нь эхэлсэн. Ер нь бол энэ чинь технологи юм байна лээ. Хамгийн аюултай нь энэ бүгд зохиомол хэргүүдэд хохирогч байхгүй, дарамталж л хохирогчтой болгодог. Тэрийг Гансүхийн жишээнээс харж болно. Магадгүй маргааш Батсуурийг, Дэнзэнг аваачаад тэгсэн байна, ингэсэн байна гэхэд олон нийтэд харуулахгүй бол “тэгжээ” л гэж бодно, ойлгоно. Хэчнээн аавын хүүхэд ийм маягаар хохирсон, хоригдсон бол. Би АТГ-тай ерөөсөө тэмцдэггүй. Тэд ажлаа хийг л дээ. Хийх ч ёстой. Харин хэлмэгдүүлэлтийг тэвчихгүй. Шударга ёс алагчилж үйлчлэх ёсгүй юм. Үүнийг би ҮАБЗ дээр хүртэл хэлж байсан.
-ҮАБЗ-д багтдаг нөгөө хоёр хүний нэг нь авлигатай тэмцэнэ, нөгөө нь баялаг бүтээгчдээ дэмжинэ гэдэг биз дээ…
-Мэдэхгүй юм даа. Харин авлигатай ёстой тэмцсэн хүн чинь Дэнзэн. Өөрөө эцэстээ буруутгагдсан нь ёстой хувь заяаны егөөдөл гэдэг л байх. Учир нь, Дэнзэн ЗГХЭГ-ын хяналт, шалгалтыг хариуцаж байхдаа болохгүй юм олныг илчилсэн. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд ногдол ашиг нэрээр хувьдаа мөнгө авсныг, урт хугацааны хөнгөлөлттэй зээлд өөрсдийгөө хамруулсан байсныг, Татварынхан баахан хүнээ гадаадаар аялуулсныг бүгдийг илчилсэн. Энэ бүхнийг манай Засгийн газар л гаргаж тавьсан. Гэхдээ би ганц ч хүн шоронд хийлгээгүй. Зүгээр л ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь өөрөө төрийн албан хаагчдад том дохио болж очсон. Тэгэхээр үнэндээ хэн нь авлигатай тэмцээд, хэн нь авлигатай тэмцэх нэр барьж байсан болох вэ.
Зарим хүн надтай сүүлд уулзахдаа “Алтанхуяг аа, чи яах гэж нүүрс хөтөлбөр хэрэгжүүлж, хямд нүүрс тараасан юм бэ” гэж хэлж байсан. Би “Нүүрс” хөтөлбөрөөр туршилт хийж Монголд байгаа нэмүү өртөгийг шударга бусаар нэмэгдүүлдэг картел буюу ченжийн системийг арилгахаар ажилласан. Тэр ченж нарын загалмайлсан эцэг нь ихэнх нь төртэй холбоотой. Зөвхөн нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн халаасны 40, 50 тэрбум төгрөг хэмнэгдсэн. Энэ нь ийм их хэмжээний мөнгийг нэмэлт шат дамжлага бүрдүүлж хувааж иддэг байсан хүмүүсийн эсрэг дайн зарласан гэсэн үг. Уурхайн аманд 25 мянган төгрөгөөр гарч байгаа нүүрс иргэдийн гэрт 200 мянгаар очно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Сурагчийн дүрэмт хувцас 30-40 тэрбум төгрөгний бизнес. Тиймээс энэ хөтөлбөр ганцхан нүүрс биш харин логистикийн дэд бүтэц үүсгэсэн систем юм. Үүнийг мах, сүү, хүнсний ногоо, нүүрс цаашилвал бүх зүйлд ченжийн зах зээлийг устгахад хэрэглэх юм. Шударгаар хэлэхэд зарим супермаркет, зах хүртэл түрээсийн үнээр түрий барьсан ченжийн хандлагаар ажиллаад байгаа. Аливаа бизнес ашгийн төлөө байх нь зүйн хэрэг. Гэхдээ мөлжигч байж болохгүй.
Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийх ажил гэдэг үнэн юм байна гэж хүмүүс надад хэлж байсан. “Сэтгэл гэдэг үгийг хаанаас гаргаад ирэв ээ, чи” гэж асууж ч байсан. Сэтгэл гэдэг бол хариуцлага. Монголын ард түмэн надад итгээд Ерөнхий сайдаар сонгоод байхад төсвийн нэг төгрөгийг ч нэг гэлгүй хариуцлагатай хандах нь миний үүрэг. Намайг 2012 онд анх засгийн эрх авч байхад төсвийн үрэлгэн зарцуулалт хэрээс хэтэрсэн байсан. Сурагчийн дүрэмт хувцаснаас эхлээд Тавантолгойг нь хүртэл дээрэмдчихсэн байсан юм.
2016 ОНЫ СОНГУУЛЬД АН БАГААРАА ЯЛНА
-Хоёулаа сэдвээ дахиад өөрчилье. 2016 он гарч сонгуулийн жил эхэллээ. Та бол АН-ын дараалсан ялалтуудын хөтөч нь байсан хүн. Харин одоо АН-ын дарга өөрчлөгдсөн учраас намын бодлого дагаж хөдлөх үү. Жишээ нь, “Монгол хүн 2020” ч гэдэг юм уу. Ер нь 2016 оны сонгуулийг та хэрхэн харж байна вэ?
-Намынхаа олон хүнтэй би уулзсан. Нэлээд хэсэг нь гутрангүй үзэлтэй байна лээ. Хэцүү болчихлоо гээд л. Би харин өөдрөг байгаа. Гэхдээ хоосон өөдрөг биш. Үлдэж байгаа хугацаанд зөв ажиллаж чадвал Ардчилсан нам 2016 оны сонгуульд багаараа ялах боломжтой. Яагаад гэвэл яаж ч гүтгэж гуйвуулсан, доромжилсон Ардчилсан нам гарч ирээд ард түмнийхээ төлөө ажиллаад бүтээн байгуулалт хийчихсэн. Зөвхөн Улаанбаатарт биш, бүх аймагт шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байхад үнэхээр зоримог, эрмэлзлэл дүүрэн ажилласан. Юм хийж бүтээе гэсэн урам зоригтой ажилласан. Тэр тусмаа орон нутгийнхан онцгой байсан. Маш олон газар Ардчилсан намыг дэмжиж санал өгсөн учраас манайхан ч үнэхээр ажилласан шиг ажилласан. Үр дүнд нь орон нутагт маш олон бүтээн байгуулалт хийгдлээ. Хүмүүс зарим нь гайхдаг л юм. Өмнө нь бид зөвхөн Сүхбаатарын Засаг дарга Батсуурь гэж ганцхан жишээтэй явдаг байсан бол одоо энэ жишээ үржчихсэн. Ховд аймгийн Засаг дарга Цэвээнравдан, Говь-Алтайн Засаг дарга Амгаланбаатар, Увсын Засаг дарга Цэндсүрэн, Хэнтий аймгийн Засаг дарга Оюунбаатар, Өмнөговийн Засаг дарга Бадраа, Архангайн Бат-Эрдэнэ, Төв аймгийн Засаг дарга Баярбат, Булганы Эрдэнэбат, Говьсүмбэр аймгийн засаг дарга Одсэр гээд нэрлэж болж байна. Орон нутгийн иргэдийн нүдэн дээр өөрчлөлт гарчихсан учраас иргэд “Эднийг эрт сонгох нь яалаа” гээд халаглах хүн зөндөө байна. Тийм учраас үлдэж байгаа хугацаанд зөв ойлголцоод ажиллах юм бол АН багаараа амжилтад хүрэх боломжтой. АН эдгээр Засаг даргаа нутагт нь УИХ-д нэр дэвшүүлэх хэрэгтэй.
-Та яасан итгэлтэй байна вэ. Намын гишүүд чинь гутранга байгаа нь цаанаа юм хэлээд байгаа биш юм үү?
-Нам дотор асуудал байна уу гэвэл мэдээж байна. Гэхдээ урвайж ялагдах хэмжээний байдалд манай нам хүрээгүй. Хэний ч өмнө нүүр бардам зогсох их ажил ардчилсан сонголтын үр дүнд хийгдлээ. Хүмүүс өдөр бүр үр дүнг нь амьдралаараа хүртэж байна. Нийслэл орон нутагт манайхан багаараа ялна. Бид өнгөрсөн сонгуулиар олон аймаг, суманд олуулаа болж хийж бүтээснээрээ иргэдийнхээ итгэлийг аль хэдийнэ хүлээсэн. Хүн бүр дээр очоод нүдэндээ харж буй хийсэн ажлуудаа гараараа нүүр бардам зааж байгаад сонгуульд өрсөлдөнө. Өрсөлдөж буй намын удирдагчид нь үгүйсгэж, хорлон сүйтгэж л чадна. Харин бүтээх сэтгэлгүй гэдгийг нь бид яс махандаа шингэтэл ойлгож авлаа. Ардчилсан сонголтоо агуулгын төвшинд ойлгуулж хамтдаа урагш харж зүтгэвэл бид ялна. Бид хахир өвөл хамтдаа өлсөж ардчиллыг авчирсан, бид хүнд суртал дарангуйллыг хамтдаа сөрсөн, бид хэцүү цагт хийж бүтээхээ хойш тавилгүй зүтгэж бүтээчихээд энэ цаг үед сэтгэлээр унасан гэдэг бол байж боломгүй зүйл. Сэтгэл, зүтгэл, зорилго гурваа нэгтгэхэд ялалт ойрхон харагдаж байна. Ардчилсан нам сонгуульд ялна.
-Сонгуульд ИЗНН-тай нэгдэж, эсвэл эвсэж орох хувилбарууд яригдаж байна. Үүн дээр таны бодол ямар байгаа вэ?
-Ардчилсан нам өөрөө асар мундаг том хүч шүү. Саяын хоёр, гурван жилд ард түмний итгэлийг дааж чаддаг нам гэдгээ ч харуулсан.
-Хувь улстөрчтэй холбоотой асуултаар ярилцлага дуусгая. Та 2016 оны сонгуульд хаана нэр дэвших вэ. Тойрогт уу, намын жагсаалтад уу?
-Энийг нам л шийднэ. Нам нэг мөр дотроо ойлголцлоо бүрдүүлээд намайг яавал дээр гэж шийднэ би шийдвэрийг нь дагна. Хаана ч үз гэсэн тэнд нь үзэхэд бэлэн байгаа.
Ч.ГАНГЭРЭЛ
ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" СОНИН