Г.Ганзориг: Хөрөнгийн зах зээлд төрийн дэмжлэг үнэхээр бага байна

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

Г.Ганзориг: Хөрөнгийн зах зээлд төрийн дэмжлэг үнэхээр бага байна

Г.Ганзориг: Хөрөнгийн зах зээлд төрийн дэмжлэг үнэхээр бага байна

Жилийн жилд алдагдалтай ажилласаар ирсэн Монголын хөрөнгийн бирж дампуурах эрсдэлтэй гэсэн мэдээлэл цацагдаж буй юм. Бид Монголын Хөрөнгийн биржийн олон нийттэй харилцах албанаас энэ талаар тодруулахад “Биржийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэсэн хариулт өгөв. Мөн энэ асуудлаар бид эдийн засагч Г.Ганзоригтой цөөн хором ярилцлаа.

-Монголын хөрөнгийн биржийн өнөөгийн байдлын талаар та эдийн засагч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Монголын хөрөнгийн биржийг хөгжлийн шатан дээрээ явж байна гэж боддог. Дотоодын томоохон компаниуд IPO гаргаж, иргэдэд хувьцаагаа нээлттэй санал болгох үйл явц тасралтгүй үргэлжилсээр байгаа нь маш сайн үзүүлэлт. Цаашдаа ч олон сайн өөрчлөлт гарахаар хүлээгдэж байна. Гэхдээ асуудлууд мэдээж байгаа. Жишээ нь, төрөөс хөрөнгийн зах зээл дээрх дэмжлэг үнэхээр бага байна. Тэр дундаа суурь дэд бүтэц болох хөрөнгийн бирждээ анхаарал хандуулахгүй байна. Жишээ нь, Засгийн газар дотооддоо үнэт цаас гаргах талаар мэдэгдсэн. Гэхдээ үүнийгээ тусдаа блокчэйн систем үүсгэн худалдаалахаа хэлсэн. Шинэлэг арга барил гарган ажиллаж буйд талархаад баршгүй. Гэвч уг нь эхлээд суурь дэд бүтцээрээ явуулж, хөрөнгийн биржээ дэмжих ёсгүй байсан гэж үү? Мөн жижиг зах зээлд дэндүү олон толгой байна уу даа л гэж харагдах юм. Угтаа капиталист нийгмийн гол хөдөлгүүр нь хөрөнгийн зах, түүний гол дэд бүтэц нь хөрөнгийн бирж шүү дээ.

-Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан юунд байна вэ?

-Ерөөсөө бүхий л оролцогч талд асуудал байна. Нэгд, суурь дэд бүтцийн асуудал. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн суурь дэд бүтцээ их олон хуваачихсан харагддаг. Ийм жижиг зах зээлд угтаа нэг бодлогоор нэг групп дотор базагдаад явбал зүгээр санагдана. Бүгд тусдаа зардалтай, удирдлагатай байх нь асуудлыг улам л хүндрүүлж байна. Үр ашигтай ажилладаг жижиг бүтэц л манай улсад тохирно. Хоёрт, хөрөнгийн зах зээлд дээр гарч буй бүтээгдэхүүн. Энэ бол олон жил явж буй асуудал мөн. Хувьцаат компаниудын ил тод байдал, зөв тайлагналыг сайжруулах ажлууд олон жил явсан. Тодорхой үр дүнд ч хүрсэн. Гэхдээ дэлхийн түвшинд хүрэхэд алд, дэлэм зай байна. Түүнчлэн манай компаниуд нээлттэй болохын давуу талыг төдийлөн ойлгохгүй байна. Бүр зарим нэг нь хүүгүй мөнгө гэж харж байх шиг байна. Энэ тийм биш шүү дээ. Хувьцаа гэдэг бол цогц харилцаа. Түүнчлэн одоо байгаа компаниуд маань үнэлгээ өндөртэй харагдана. Цөөн хэдэн компанийн л хувьцааны үнэ болон ашгийн харьцаа өнөөгийн зах зээлийн зөвшөөрөгдөх түвшинд байна. Гуравт, хөрөнгө оруулагчид хангалттай бойжоогүй байна. Монгол хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурд удаан байгаа нь иргэдийн санхүүгийн мэдлэгтэй шууд холбоотой. Үүнээс гадна Монголд хөрөнгө оруулалтын сангууд буюу Тэтгэврийн сан, Эрүүл мэндийн сан, Даатгалын сангууд бараг хөгжөөгүй гэхэд хилсдэхгүй.

Цугларсан хуримтлалыг төсөв рүү шилжүүлэх бус, хөрөнгийн зах зээл рүү шилжүүлэн, ашгийг нь хүртэх тогтолцоо дутаж байна.

-Монголын хөрөнгийн бирж тэрбумын алдагдалтай ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрвээ энэ байдлаараа үйл ажиллагаа нь үргэлжилбэл 1.5 жилийн дараа дампуурч болзошгүй гэсэн мэдээллийг зарим эдийн засагч өгч байна. Та юу хэлэх вэ? 

-Хөрөнгийн бирж нь Засгийн газар болон бизнесийн байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалт татахад нь туслах гүүр болж ажилладаг. Мөн үүнтэй холбогдох нарийн мэдээллүүдийг цаг тухайд нь мэдээлж, зах зээлийн ил тод байдлыг хангах үүрэгтэй. Зах зээл дээр маш том үүрэг гүйцэтгэдэг байгууллага дампуурна гэдэг боломжгүй. Түүнчлэн одоогоор энэ байгууллага төрийн өмчит компани шүү дээ. Харин ч төрөөс биржийг дэмжин, сайжруулалтууд хийх шаардлагатай байна. Юун дампуурах. Бид зүгээр нэг ашгийн төлөө компанийн тухай яриагүй шүү дээ. Суурь дэд бүтцийн тухай ярьж байна.

-Жилийн жилд ашиггүй ажилладаг Хөрөнгийн биржийг хувьчлах нь зүйтэй гэсэн асуудал хөндөгддөг. Та энэ саналыг дэмждэг үү?

-Санхүүгийн салбарын хөгжлийг дагаад хөрөнгийн биржүүд илүү төвөгтэй, эрэлттэй, өрсөлдөөнтэй орчинтой нүүр тулах нь ойлгомжтой. Энэхүү хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгож, дэлхий нийтээрээ нарийн техник технологийг өргөнөөр ашиглах явдал юм. Ийм нөхцөлд хөрөнгийн биржүүдэд өрсөлдөх чадвараа бэхжүүлэх зорилгоор хувьчлах ажлыг эхлүүлэх шаардлага тулгардаг. Олон улсын жишээн дээр авч үзэхэд Стокгольмын хөрөнгийн бирж энэ тал дээр анхдагчийн хувьд сайн үлгэр дууриалал үзүүлдэг. Стокгольмын хөрөнгийн биржийн өмч хувьчлал нийт дөрвөн шат дамжсан бөгөөд хамгийн түрүүнд төвлөрсөн бус цахим худалдааны систем бий болгож, шинэчлэлийн ажил эхлүүлэн амжилт олсны дараа өмч хувьчлалын ажлыг эхлүүлсэн. Харин гурав дахь шатандаа олон улсын зах зээлд нэвтрэх стратегийг баримталж ажилласан бол сүүлийн шатандаа зах зээлийг босоо болон хэвтээ байдлаар нэгтгэх алхмууд хийсэн байдаг. Энэхүү дөрвөн үе шаттай өөрчлөлтийг гол шалтгаан нь өрсөлдөх чадварыг бэхжүүлэх явдал байсан. Хөрөнгийн биржүүд ихэвчлэн дотоодын өндөр хамгаалалттай орчинд, хатуу журмын дагуу ажилладаг тул бусад биржүүд, эсвэл биржийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын өрсөлдөөнд өртөх шаардлагагүй байсан. Гэвч өрсөлдөөн ба хамгаалалтын энэхүү байдал удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй. Судлаач хүний хувьд Монгол хөрөнгийн биржийн хувьчлалын асуудал удалгүй бодит байдал дээр хэрэгжих нь гарцаагүй гэж бодож байна.

-Иргэд хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэг дутмаг байна. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны ногдол ашиг тараахад ажиглагдлаа. Иргэдийн хөрөнгийн зах зээлийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх вэ?

-Хамгийн түрүүнд иргэдэд хувийн болон өрхийн санхүүгийн төлөвлөлтийг хэрхэн удирдах тал дээр суурь мэдлэг өгөх нь чухал. Иргэдийн санхүүгийн сахилга бат сайжирч, өрийн дарамтаас ангижирснаар хөрөнгийн зах зээлд хөл тавих боломж нээгдэнэ гэж боддог. Саяхан болж өнгөрсөн ногдол ашиг тараах үйл явц иргэдэд хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладаг талаар бага ч болов мэдээлэл тарааж чадсан үйл явдал болсон. Цаашдаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дагаад иргэдийн мэдлэг сайжирна гэж итгэж байна. Энэхүү санхүүгийн боловсролыг сайжруулах ажилд хувь хүнийхээ хувьд ч сүүлийн жилүүдэд тасралтгүй оролцож байна. Хэрэв яг одоо хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ тэлэхийг хүсч буй хүн байвал надад нэг зөвлөгөө байгаа юм. Хөрөнгийн зах зээл гэхээр хэдэн нэр томъёо цээжлэх гэж биш, агуулгаар нь харахыг хичээгээрэй. Тэгж чадвал та ирээдүйн том хөрөнгө оруулагч болно шүү.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж