Төрийн соёрхолт, ардын зураач Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу” зургийг харж өсөөгүй монгол хүн гэж байхгүй биз ээ. Эх үрийн нандин холбоог харуулсан энэхүү бүтээл 58 жилийн дараа ЭХЭМҮТ-ийн үүдэнд сүндэрлэлээ. Тус эмнэлгийн 90 жилийн ойн баяр энэ сард тохиож буй тул ийнхүү Ардын зураачийн бүтээлийг хөшөө болгон амилуулжээ. Хөшөөт цогцолборын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2020.09.10) болж, эмнэлгийн үе үеийн удирдлагууд хүрэлцэн ирснээрээ онцлог байв.
ЭХ ҮРИЙН НАНДИН ХОЛБООГ ХОЙЧ ҮЕДЭЭ САНАЖ ЯВААСАЙ
ЭХЭМҮТ-ийн захирал Ш.ЭНХТӨР:
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв түүхт 90 жилийн хугацаанд ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавьяаг мөнхжүүлэх үүднээс хамт олноороо Ардын зураач Д.Амгалангийн “Ээж ээ, сайн байна уу” бүтээлээр хөшөөт цогцолбор байгууллаа. Эх үрийн нандин холбоог харуулсан энэ хөшөөг хойч үедээ ч сануулж байх үүднээс хөшөөг бүтээсэн болно. Манай төвд жилд 40 мянга гаруй эх хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Амбулаторийн үзлэгээр 210 мянга гаруй эх, хүүхэд хамрагддаг. Жилд 12 мянган эх амарждаг.
ЭХЭМҮТ-ИЙГ ЦОГЦОЛБОР БОЛГОХ МИНИЙ ЗОРИЛГО ОДОО Л БИЕЛЖ БАЙНА
Монгол Улсын Ардын эмч, ЭХЭМҮТ-ийн Зөвлөх эмч, профессор Д.МАЛЧИНХҮҮ:
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд тохиож буй нэгэн томоохон үйл явдал бол ЭХЭМҮТ албан ёсоор үүсгэн байгуулагдсанаас хойш 90 жил болж байна. Энэ салбарыг түүчээлж буй эмнэлгийн ууган байгууллага бол ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг билээ. Эх үрс гэдэг бол мөнхийн уриа. Үүнийг бэлгэдсэн энэ сайхан хөшөөг эмнэлгийн урд сүндэрлүүлж байгаад их баяртай байна.
Миний бие ЭХЭМҮТ-д 3 жил 11 сар захирлаар ажиллаж байлаа. Эмнэлгийн анхны захирал, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Данзан гуайгаас би ажлаа хүлээн авч байсан түүхтэй. Дараа нь эмнэлгийн гурав дахь захирал Т.Эрхэмбаатарт би ажлаа хүлээлгэн өгч байжээ. Түүний халааг миний отгон шавь Ш.Энхтөр удирдан явуулж байна. ЭХЭМҮТ-ийн 90 жилийн ойг хүн бүрийн сэтгэл хөдлөхөөр сайхан үйл явдлуудаар дүүрэн тэмдэглэж байгаад талархал илэрхийлье. Миний бие тухайн үед эмнэлгийн удирдлагаар ажиллаж байхдаа ЭХЭМҮТ-ийг эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлзүй цогцоор байдаг нэгдмэл төв болгохыг хүсч, үүний төлөө зорьж ажиллаж байлаа. Энэ зорилго, чиглэлд одоо л хүрч байна.
ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫГ ХАМТ ОЛНЫ ХАНДИВААР БҮТЭЭЛЭЭ
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн асуудал хариуцсан дэд захирал Ц.АЛТАНТУЯА:
-Эх хүүхдийн эрүүл мэндийн төв үүсгэн байгуулагдсаны 90 жил, Хүүхдийн анхны эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ойн баярт үйл явдал энэ өдрүүдэд тохиож байна. Бид 90 жилийнхээ түүхэнд тохиосон сайн үйлсээ мөнхлөх үүднээс Ардын зураач Д.Амгалан гуайн “Ээж ээ, сайн байна уу” бүтээлийг хөшөө болгон эмнэлгийнхээ урд сүндэрлүүлж байгаа юм. Эл цогцолборт хөшөөг амилуулахад манай эмнэлгийн хамт олон хандив цуглуулж, хувь нэмрээ оруулсан. Бид эх үрсийн нандин холбоог бэлгэдэл болгож, ийнхүү “Ээж ээ, сайн байна уу” бүтээлийг хөшөө болгосон юм. Монголын олон мянган ээж, өрх айл хүүхдийн дуугаар цангинан бялхаж, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөж байгаад хөшөөний гол утга учир оршино.
МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ТУЛГАМДСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛЫГ ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН ШИЙДВЭРЛЭСЭН
“Итгэл-Хавдаргүй Монгол” сангийн тэргүүн Э.ЭРДЭНЭ:
-“Итгэл-Хавдаргүй Монгол” сан анх үүсэн байгуулагдсан цагаас хойш Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллаж байна. Бид өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд гадаад хамтын ажиллагаагаар дамжуулан ЭХЭМҮТ-д тулгамдсан тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа юм. Одоогоос найман жилийн өмнө ЭХЭМҮТ-д амьсгалын аппарат нэн шаардлагатай үе ч байсан. Харин одоо энэ асуудал шийдэгдсэнээр олон бяцхан үрст амьдрал бэлэглэж, ээж аавууд хагацал үзэлгүй элэг бүтэн амьдарч байна. Бид ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж хандивласнаас гадна эмч нартай хамтран олон улсын эрүүл мэндийн аянд нэгдэж, монгол хүүхдүүдэд тулгамдсан эрүүл мэндийн асуудлыг нь амжилттай шийдвэрлэсэн байдаг юм. Тэр хүүхүүд маань одоо эдгэсэн баярт мэдээ бий.
Дашрамд дурдахад, “Итгэл-Хавдаргүй Монгол” сангаас нийгмийн хариуцлагын хүрээнд ЭХЭМҮТ-ийн тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар хамтран ажилладаг байна.
Б.ЦЭЦЭГ
Гэрэл зургийн Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ