Улс төрийн намууд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж дуусав. Одоо хуулийн дагуу Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт, материалыг шалгаж дууссаны дараа буюу есдүгээр сарын 16-ны өдөр нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна. Орон нутгийн сонгуульд оролцож байгаа намуудын хувьд нийслэлд илүү их ач холбогдол өгч, нэр дэвшигчдээ тодруулсан нь тодорхой.
Ерөнхийдөө энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН, АН хэн хэнийг өрсөлдүүлэв гэдгээс сонгуулийн үр дүнгийн ерөнхий зураг тодорхой гэхэд буруудахгүй болов уу.
У.ХҮРЭЛСҮХ, Д.СУМЪЯАБАЗАР НАРЫН ТӨЛӨВЛӨСӨН “ЖҮЖИГ”
Түүнээс гадна улс төрийн намуудын нэр дэвших ажиллагаа хэрхэн өнгөрсөн, хэн хэн өөрийнхөө хүнийг нэр дэвшүүлэв гэдэг анхаарлын төвд байна. Ялангуяа эрх барьж буй МАН-ын хувьд хэн хэн нэр дэвших хүмүүсийн нэрсийг зурж, өөрсдийн хүнээ дэвшүүлсэн бэ гэдэг анхаарал татаж буй. Учир нь, энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-ын нэр дэвшүүлсэн 45 нэр дэвшигчийн 33 нь шинэ нэр дэвшигчид байгаа юм. Нэр дэвшигчид тодрохтой зэрэгцэн МАН-ын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд “зодоон”, “маргаан”, бүр МАН-ын генсек нь хуралдаа сууж чадаагүй гэх яриа улс төрийн хүрээнд өрнөх болсон.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазар нар хоорондоо зодолдсон, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ томилгоонд оролцож чадаагүй хэмээн яригдах болсон нь учиртай. Өөрөөр хэлбэл, энэ бол МАН-ын гурван толгойн хооронд ярилцаж, эртнээс бэлтгэсэн “жүжиг” гэж харагдахаар байгаа юм. Энэ нь нэр дэвшигчдийг хэн хэний хүн бэ гэдгээс ч тодорхой харагдана. Тухайлбал, МАН-ын генсек Д.Амарбаясгалан Баянзүрх дүүрэгт өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлсэн бол Ерөнхий сайдын хувьд Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэгт өөрийн хүмүүсээ, Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазарын хүмүүс нэр дэвшиж байгаа бол Сүхбаатар дүүрэгт Сү.Батболдын фракц, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт хотын экс дарга С.Амарсайханы хүмүүс нэр дэвшсэн харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нар бялуугаа эн тэнцүү хувааж хүртсэн гэсэн үг.
Энэ гурван хүнийг таарамжгүй харилцаатай байгаа гэх мессеж өгч байгаа нь тэдний нэг төрлийн “мэх” бололтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нам дотроо өрнүүлсэн тэмцэл нь одоо ч өрнөж, М.Энхболдын талынхныг энэ удаагийн сонгуульд өрсөлдүүлээгүй бололтой. Тэд УИХ-д олон болсон шигээ нийслэлд ч олонх болж, өөрсдийн хүмүүсээр багаа бүрдүүлэхээр зэхэж яваа бололтой.
АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН "ОРОЛЦОО"
Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгуульд МАХН, ШИНЭ хамтарч оролцож байгаа учраас эрээвэр хураавар нэр дэвшигч өрсөлдүүлжээ. Одоогийн нам, нийслэлийн нам нь ч үүрэг гүйцэтгэгч дарга нартай боловч энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулчихсан. Энэ нэр дэвших ажиллагаанд АН-ынхан гэхээс илүү Ерөнхийлөгчийн томилгоо олонх болсон гэж улс төрийн хүрээнд ярьж эхэлжээ. Гэхдээ мэдээж дүүргийн намын хорооны гишүүд, төлөөлөгчдөөс багаа бүрдүүлсэн, өнгөн дээрээ цэвэрхэн харагдах боловч хөшигний ард Ерөнхийлөгч энэ томилгооны заримд нь гар бие оролцсон гэх.
Нийслэлийн намын хорооны дарга Д.Пүрэвдаваагийн хувьд шинэ залуучуудаар багаа бүрдүүлж, эрх баригчдын луйварт цэг тавьж, нийслэлд олон ажил хийнэ хэмээн ам гараад буй. Гэхдээ АН-ын нэр дэвшигчдийн талаар учир мэдэх хүмүүс Ерөнхийлөгчийг 2021 оны сонгуулийн хөрсөө бэлдэж байна гэх яриа ч гарах болов.
Ямартай ч МАН, АН нэр дэвшигчдээ тодруулчихлаа. Хэн хэний хүн бэ гэдэг сонгогдож гарч ирээд хийх ажлаас нь тодорхой харагдана. Улс төрийн хүрээнд хаях чулуу бүхэнд оногдохгүй шиг сонголтоо хийх нь сонгогчдын үүрэг. Ялангуяа иргэдийн амьдралд хэрэгтэй, шаардлагатай шийдвэрийг гардаж хийдэг учраас орон нутгийн сонгууль илүү хариуцлагатай, чухал сонголт хийх сонгууль юм шүү, сонгогчид оо.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ