Улаанбаатараас Хасагт хайрхан, Хар азаргын нуруу хүртэл

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатараас Хасагт хайрхан, Хар азаргын нуруу хүртэл

НҮБ-ын Хүүхдийн сангаас өвөлжилт хүндэрсэн орон нутгийн сургуулийн дотуур байрны сурагчдад зориулсан ээлжит тусламжийн цуваа энэ сарын тавны өглөө Улаанбаатараас хөдөллөө. Энэхүү цуваа нь Говь-Алтай аймгийн Жаргалан, Халиун сумдын сургуулийн дотуур байрны сурагчдад хүрэхээр 1500 гаруй километр замыг туулах ёстой ажээ. Бидний очих эхний газар Говь-Алтай аймгийн Жаргалан сум, Улаан­баатараас 1100 гаруй километр. Хааяа төв зам дагаад хэдэн арван тас шувуу үзэгдэх нь тэдний ойролцоо үхсэн малын сэг байгаагаас гарцаагүй гэж бодоод хэсэг явж байтал замын хоёр талаар үхсэн малын сэг хэдэн арваараа үзэгдэнэ. Зам дагуу нутаглах малчид үхсэн малаа аль нэг нүх жалганд бус яг замынхаа хажууд ил “нутаглуулж” өвлийг хэрхэн давж, хавартай яаж золгосноо илтгэнэ. Бид явсаар нар жаргахтай уралдан Баянхонгор аймгийн төвд буудаллаа. Юуны учир жаргах нартай уралддаг юм бол гэж бодон энэ тухай жолоочоосоо асуувал:

-Хөдөө яваа НҮБ-ын ямар ч машин аюулгүйн үүднээс өвлийн улиралд 19 цаг, зуны улиралд 21 цагаас хойш хөдөлгөөнд оролцдоггүй, дээрээс нь манай машинд GPS суурилсан болохоор төөрч будилна гэсэн асуудал байхгүй, зургаан цаг тутам төвтэйгээ сансарын холбоогоор холбогдож машин техник, тухайн газрынхаа цаг агаарын тухай мэдээлдэг гэв. Өглөө нь нар хараахан мандаагүй байхад бидний аялал цааш үргэлжлэлээ. Үд болж байхад “Хөх эргийн гарам” дээр ирлээ. Энд Баянхонгор аймгийн 15 өрх айл хоолон гэр ажиллуулна. Бүх хоолон гэрүүд нь тамхи, боорцог, ундаа, бохь гээд дагавар бүтээгдэхүүний тасагтай. Зарим нь гэрийнхээ зүүн хаяаны сэрүүн хэсэгт шар айрагны бяцхан “лангуу”-тай. Өртөгийн хувьд Улаанбаатарын цайны газруудынхтай адилхан ажээ. Мөн л нар жаргаж байхад бид Говь-Алтай аймгийн Жаргалан сумын буудалд буудаллав. Жаргалан сумын өврөөр Хасагт хайрхан уулс үргэлжлэх ба алтайн салбар уулсаас ирэх ширүүн салхийг хааж байдаг аж. Жаргалан сум өнгөрсөн долдугаар сард Тайширын усан цахилгаан станцтай холбогдож 24 цагийн турш цахилгаанаар хангагдсан цөөн сумдын нэг. Сумын удирдлагуудын хэлж байгаагаар өнгөрсөн өвөл 33 мянга орчим мал хоргодоод байгаа гэнэ. Тус сумын есөн жилийн дунд сургууль нь 70 жилийн настай, сургуулийн дотуур байранд ерөнхий боловсролын 120 гаруй, дүйцсэн боловсролын 20 гаруй хүүхэд амьдардаг. НҮБ-ын хүүхдийн сангийнхан дотуур байрны хүүхэд тус бүрт гутал, хөнжил, тоглоом, хичээлийн хэрэглэл гээд нэг хүүхдэд 100 гаруй мянган төгрөгийн эд зүйлс бэлэглэв. Сумын удирдлага болон сургуулийн захирал, багш нар дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн асуудал бүгд “ок” гэх юм. Дотуур байрны хүүхдүүддээ зориулж халуун усны байшин барьж өгсөн, манай хүүхдүүд гурав хоноод л халуун усанд ордог гэв. Дотуур байрны хүүхдүүдээс яриа авах гээд жаахан юм яриад суувал “тагнуул” дагаад салахгүй, хүүхдүүдийн амнаас гарч байгаа үгс хүртэл болж байна, бүтэж байна, баярлаж байна гээд л албаны үгс унагана. Тэр өдөр амралтын өдөр таарч байсан тул сумынхаа төвтэй ойролцоо байх малчид сумын төвөөс ойр зуурын хэрэгцээнийхээ зүйлсийг цуглуу­лангаа хүүхдүүдээ авахаар дотуур байрны гадаа ирсэн байлаа.

Хот нь хоосорсон ч итгэл нь хоосроогүй малчид

-Ирж яваа цаг болохоор болох байлгүй дээ. Өчигдөрхөн анхныхаа төлийн дууг сонсоод сэтгэл сэргээд сайхан байна-

Сумын төвтэй хамгийн ойрхон гэртэй гэх нэгэн малчныг “точиглоод” гэрээр нь ороод, малчдын ахуй амьдрал, хүүхдүүдийн сургууль, дотуур байрны тухай ярилцахаар боллоо. Бидний очсон хот айл сумынхаа төвөөс 13 километр С.Нямдорж, С.Даваацогт гэдэг ах дүүс. Хот айлын эргэн тойрны жалганд арьсыг нь өвчсөн ямааны сэг, арьсыг нь өвчилгүй хаясан хонины сэг дүүрэн. Үхсэн ямааныхаа арьсыг нь хөлдөхөөс нь өмнө өвчиж аваад сумынхаа төвд ченж нарт өгөөд 8-10 мянган төгрөг болгочихдог бол үхсэн хонины арьс үнэ хүрдэггүй гэнэ.
Нуруу нь тэгширтлээ зоолсон ноход гадны хүн ирлээ яаж дуугүй байхав гэсэн шиг залхуутайн аргагүй тэнгэр харж хэсэг хуцчихаад гэрийн хаяанд шургаад өгөв.
Ах С.Нямдорж нь 1-16 насны зургаан хүүхэдтэй, том охин нь оюутан болоод хотод сууж байгаа хоёр хүүхэд нь сумынхаа сургуулийн дотуур байранд суудаг гэнэ. Дүү С.Даваацогтынх нь нэг хүү мөн л дотуур байранд суудаг ажээ. Ах дүүс хүний өөрийн нийлсэн 300 гаруй богоос одоо 100 хүрэхтэй л богтой болоод байна. Одоо хаврын хавсарга эхлэхээр бас л хоргодол нэмэгдэх байх даа. Урин цаг ирэхээр хүнсний ногоо тариад тарьсан ногоогоо нутгийнхандаа төлөг, борлонгоор өгчихдөг юм.  Амин зуулгынхаа ихэнхийг алдчихвал газар ээжийгээ түшээд болох байхаа л гэж санах юм даа. Гэхдээ ирж яваа цаг болохоор болох байлгүй дээ. Өчигдөрхөн анхныхаа төлийн дууг сонсоод сэтгэл сэргээд сайхан байна, дээрээс нь энэ тэндээс тусламж дэмжлэг ирэхгүй биш ирж байна. Одоо л гэхэд хоёр хүү минь шинэ гуталтай болчихож, хүүхдүүддээ гутал хувцас авъя гэж бодож байсан ч тэр мөнгөөрөө малдаа тэжээл авчихсаан, мал л маань байвал болох байх гэж санах юм даа хэмээн гэрийн эзэгтэй хуучлав. Дотуур байранд амьдардаг хүүхдүүд ихэнх нь 14 хоноод л гэрлүүгээ харина. Ингэхдээ үргэлж мотоциклээр “тансаг”-лаад байхгүй, ихэнхдээ хоёр зээрдээрээ л таваргана. Сумын удирдлага, сургуулийн захиралын яриагаар гурав хоноод халуун усанд ороод байдаг дотуур байрны хүүхдүүд 14 хоногт нэг удаа гэртээ ирж цас хайлж байж ариун цэвэр сахьдаг ажээ. Бидэнтэй яриа өрнүүлэхээс дөлөөд байсан хүүхдүүд одоо л дуу орж эхэллээ. Хүүхэд л болсон хойно элдэв юм ярина.
-Том болоод олон малтай малчин болно гэж боддог байсан бол одоо дуучин болно. Дуучин болчихоод сумынхаа улаан буланд дуулна гэхэд өөр нэг хүүхэд нь бөх болно гэх юм.

Амьдрахын эрхэнд алт хайна

-Өнгөрсөн жилийн зургаан сард Бигэр сумаас 36 километрт Хантайширийн нурууны сугаар алтны орд газрыг явуулын хүмүүс илэрүүлснээс хойш тэр зүг рүү Говь-Алтайнхан хошуурч эхэлжээ-

Ингээд бид дараагийхаа чиглэл болох Говь-Алтай аймгийн Халиун сумыг зорилоо. Аймгийн төвөөр дайраад Хар азаргын нурууг даган 80 орчим километр яваад Халиун суманд ирлээ. Биднийг ирэхээс долоо хоногийн өмнө энэ суманд ёстой байгалийн гамшигт үзэгдэл болжээ. Цасан шуурга долоо хоног тасралтгүй шуурч сумын төвийн бүх айлын хашаагаар цас дүүрч айл бүхэн зөвхөн гэрийнхээ үүдийг л онгойх төдий байсан бол сумын бүх байшингийн нэг давхар тэр чигтээ цасан овоо  болсон ажээ. Сумынхан гэрээсээ гарах, гэртээ орохдоо бүгд л уулын цанаар гулгах гэж байгаа аятай овгор цасаар өгсөж, уруудана. Сумын төвийн цахилгаан өглөө 7.30-8.00 хүртэл, орой 19-22 цаг хүртэл ажиллана. Соц нийгмийн үед монголдоо гайхагдаж байсан чацарганы аж ахуйтай байсан энэ сум одоо эль хуль, явуулын хүмүүс буудаллах буудал ч байхгүй. Харин тэр орой цахилгаан 02 цаг хүртэл аслаа. Учир нь сум даяараа “март” хийж байгаа аж. “Март” хийх гэж хөдөөнөөс малчид, бригадын төвөөс гээд ер л энэ сумын харьяат гэсэн болгон ирж дотуур байрны ачаалалыг эрс нэмжээ. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэсэн зүйр үг байдаг даа. Гэтэл энэ зүйр үг энэ цаг мөчид эсэргээрээ хэрэгжлээ. Хотоос ажлаар яваа бидэнд ч, хөдөөд амьдарч байгаа тэдэнд ч бүгдийг маань хонуулсан сургуулийн захиргаа ч тэр нэг дор халуун яриа өрнүүлэх боломж бий боллоо. Малчид ч тэр, сумын хүмүүс ч тэр бүгд л өнгөрсөн өвлийн чангыг ярина. Халиун сумынханы ганц итгэл найдвар нь Бигэр сум руу явж нинжа болох гэнэ. Өнгөрсөн жилийн зургаан сард Бигэр сумаас 36 километрт Хантайширийн нурууны сугаар алтны орд газрыг явуулын хүмүүс илэрүүлснээс хойш тэр зүг рүү Говь-Алтайнхан хошуурч эхэлжээ. Алтанд явсан гэх хүний яриагаар анх очиход алтны гарц тун сайн, багаар л бодоход долоо хоногт  цэвэр ашиг нь 200-250 мянга байсан гэнэ. Гэтэл одоо тэр орчимын газрыг нь нэгэн компани аваад хамгаалагчаар мануулдаг аж. Гэсэн ч амьдрах арга хайсан хөдөөгийнхөн харуул манаанд туугддагч очсон байхад арга нь олддог юмаа хэмээв.

Дотуур байр хүүхдүүдийг амьдралд сургадаг

-Орой голын харзнаас авчирсан усны дээд хэсэг гоожуур дотроо зайрмагтсан харагдана. Хүйтэн усаар нүүр гараа угаасан хүүхдүүдийн гар нүүрнээс ягаан туяа бутарна-

Бид сумын дунд сургуулийн дотуур байрны нэг өрөөнд буудаллаа. Сумын сургуулийн дотуур байр нь хоёр давхар байсныг нь 54 хүүхдийн багтаамжтай нэг давхар болгон засчээ. Сумын дэлгүүрүүдээр орох гэсэн боловч онгорхой байгаа нь ганц, үйлчлүүлж байгаа гол хүмүүс нь дотуур байрны хүүхдүүд. Уг сумыг чацарганы өлгий нутаг гэж сонсоод  нутгийн брэнд сурвал  юу ч алга хотод л байдаг бараа, “Өгөөж”, “Бамбууш”-н еэвэн, зүсмэл. Нэгийг нь аваад үзлээ, чулуу шиг болсон хүнсний уутан дээр 2010.01.08 гэсэн дардас харагдана. Тэр оройдоо бид дотуур байрны хүүхдүүдтэй хамт хоолонд орлоо. Нэг хүүхдийн хоолны норм өдөрт 1300 төгрөгт багтдаг гэнэ. Өглөө хүүхэд бүр нэг аяга цай, нэг хайрцаг “зуу”-гийн печень, өдөр нь нэг, хоёрдураар хоол, орой нь нэг аяга цуйван идээд норм гүйцээ. Бага ангийн хүүхдүүд нь хоолоо барахгүй бол ах, эгчдээ илүүчилнэ, илүү “юм”авсан ч ходоод нь хонхолзоод байвал тасагтаа орж ирээд чемоданыхаа “юм”-ыг идэцгээнэ. Байрны хүүхдүүд зурагт үзэх нэг өрөөтэй, орой цахилгаан ирсэн үед гурван цаг суваг болгоны солонгос кино түүж үзнэ. Зургаан настангууд хүүхэлдэй энэ тэр үзэх эрх байхгүй, хэн юу үзэхийг зөвхөн байрны “атаман” зохицуулна. Дотуур байранд өглөө 6.30 цагт “сэрээд” команд зарлалаа. Лаа барьсан охин, хүү хоёр байрны нэг булангаас нөгөө булан руу тасаг болгоны хаалгыг нээн “сэрээд, сэрээд” гэсээр 30-аад минут болсны дараа эхний хүүхдүүд бослоо. Энэ өглөө хуваарь ёсоор ирэх ёстой цахилгаан ирсэнгүй. Урд шөнө нь дизель мотор асаадаг хэн нэгэн нь багагүй “март” хийсэн нь тодорхой. Орой голын харзнаас авчирсан усны дээд хэсэг гоожуур дотроо зайрмагтсан харагдана. Хүйтэн усаар нүүр гараа угаасан хүүхдүүдийн гар нүүрнээс ягаан туяа бутарна. Ингэж эртлэн босох нь зургаан настангуудад хамгийн хэцүү байдаг нь илт. Дотуур байр хонгилдоо ганц тольтой, толинд охидоос илүү хөвгүүд тольдох дуртай. Ингээд 7.30 цаг болоход хүүхдүүд өглөөнийхөө цайг уухаар дотуур байрныхаа цайны газар луу яваад сургуулийнхаа үүдэнд 8.00 цагт жагссан байх үүрэгтэй . Охид нь бүгд үсээ хоёр салаа самнаж улаан, цагаан туузаар жигдэрнэ.

Хичээлийн хонх дуургарахтай зэрэгцэн бид аян замдаа гарч, хүүхдүүд биднийг далласаар хоцорлоо.

М.Нямсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж