Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд ороод буй монголчуудад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Шадар сайд Я.Содбаатарт өнгөрсөн сард гаргасан билээ. Энэ дагуу 300 сая төгрөгийг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргахаар болсон.
Уг шийдвэрийн явц ямар байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "300 сая төгрөгийн хөрөнгийг зорилтот бүлэгт, нэн шаардлагатай иргэндээ өгөхөөр ГХЯ, гадаад улсад байгаа Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байна.
Бидэнд өгсөн мэдээллээр, өнөөдрийн байдлаар хэдийгээр нэр нь тусгай үүргийн нислэгт орсон боловч санхүүгийн боломжгүйн улмаас онгоцны билетээ авч чадаагүй 142 хүн байна. Есдүгээр сарын 14-ний өдөр Франкфуртээс ирэх тусгай нислэгт нийтдээ 15 хүний эх орондоо ирэх зардлыг бүрэн болон хэсэгчлэн олгох шийдвэрийг Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас гаргахаар болсон.
Бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Прагийн нислэгийг оролцуулаад 215 иргэний эх оронд нь ирэх болон тусгаарлах байрны зардлыг гаргуулсан. Цаашдаа ч хамтарч ажиллахаар ярилцаж, өчигдөр дахин 80 хүнд эх оронд нь ирэх болон тусгаарлах байрны зардал олгох болсноо мэдэгдсэн.
УОК-ын шийдвэрээр олон улсын байгууллагатай хамтран бид аль болох 140 хүнээр хязгаарлахгүйгээр олон иргэнд тусламж хүргэхээр ажиллаж байна. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгөд Үндэсний аудитын газар жил бүр аудит хийдэг. Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэхтэй холбоотой бүх шаардлагыг хангаж байгаа" гэв.
Холбоотой мэдээ