Дэлхийн зэрлэг байгалийн сан WWF-ийн өчигдөр/2020.09.09/ мэдээллээс харвал хүн төрөлхтний буруутай үйл ажиллагааны улмаас сүүлийн 40 орчим жилийн дотор зэрлэг амьтдын тоо толгой 68 хувиар буурсан байна.
Сангийн хэвлүүлсэн “Амьд байгалийн тайлан 2020”-д хөхтөн, шувуу, загас, хэвлээр явагч, хоёр нутагтан нийлсэн нийт 4392 зүйлийн амьтдын тоо толгой 1970-2016 оны хооронд хэрхэн цөөрсөн тухай бичжээ. Мөн сүүлийн хэдэн сая жилийн турш амьтад ийм ихээр багасч байгаагүйг дурджээ.
Нарийвчилж үзвэл Латин Америк, Карибын нутгуудад зэрлэг амьтад хамгийн их буюу 94 хувиар цөөрсөн аж. Харин нуга, тал, ой, намаг зэрэг орчинд амьдардаг зэрлэг амьтдын хувьд уур амьсгалын өөрчлөлт, уугуул биш амьтад ирж нутагших зэрэг хүчин зүйлүүд тоо толгой цөөрөх гол шалтгаан болж байгаа аж.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, хүн төрөлхтөн дэлхийн мөсгүй хуурай газрын 75 хувьд нь тархан суурьшчээ. Мөн зэрлэг байгалийн сангийн мэдээлснээр ойрын ирээдүйд хүн төрөлхтний буруугаас болж 500 мянган ургамал, шавьж, 500 мянган амьтны зүйл устаж үгүй болох аюул нүүрлэсэн аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ