“Намайг тэнэг Жамъянжавын охин гэж шоолж доромжилдог”

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

“Намайг тэнэг Жамъянжавын охин гэж шоолж доромжилдог”

“Намайг тэнэг Жамъянжавын охин гэж шоолж доромжилдог”

Төрийн гурван өндөрлөг болон улс төрийн нам, эвслийн төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд өнөөдөр (2020.0.9.10) Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.


Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31.314 иргэнийг цагаатгаад байгаа аж. Тэдэнд нөхөн олговор олгох тухай Монгол Улсын хууль батлагдсан 1998 оноос хойшхи хугацаанд 500 мянга, нэг сая төгрөг, 40 сая төгрөг, 80 сая төгрөгийн нөхөн олговор өгсөн. Хуулийн дагуу нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөн олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхдэд 19.225 иргэнд олгожээ.

“700 ГАРУЙ ХЭЛМЭГДЭГЧИЙН ХЭРЭГ МАТЕРИАЛ ОЛДОХГҮЙ БАЙНА”

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Д.Ууганбаяр мэдээлэл өгөхдөө “Монгол Улсын их хурал 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Тэр цагаас хойш энэ өдөр 25 дахь жилдээ хүндэтгэл үзүүлж байна. Энэ жилийн тухайд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой давхцаж буйгаараа онцлог.

Цагаатгалын үйл ажиллагаа 1939 оноос эхэлсэн байдаг. Хэлмэгдүүлэлтийн үеийн цаг хугацаа одоогоос 80 гаруй жилийн өмнө болж өнгөрсөн учраас зарим хүмүүсийн хэрэг материал олдохгүй, тогтоогдохгүй байна. Энэ асуудлыг хуулиараа Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Улсын ерөнхий прокурорын газарт шалгаж байна. Одоогоор 1000 гаруй хүний асуудал ярьж байгаа ч зарим материалыг шийдвэрлэсэн бол 700 гаруй хүний асуудал үлдсэн. Хуулиараа цагаатгах тухай өргөдлийг хүлээн авах хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусч байгаа юм. Цаашид энэ хугацааг сунгах эсэхийг Улсын их хурлаар шийдвэрлэнэ” гэв.

“АРДЧИЛСАН НИЙГЭМД ХЭЛМЭГДЭГСДИЙН ТҮҮХИЙГ БҮДГЭРҮҮЛЭХ ЁСГҮЙ”

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа “Бидний хувьд энэ өдөр онцгой анхаарал хандуулах ёстой. Өнөөдрийн байдлаар нийт 30 гаруй мянган иргэнээ өөрсдөө хэлмэгдүүлж, алтан ургийн сэхээтэн хүмүүсийг устгаж үгүй хийсэн. Энэ хүндэтгэл үзүүлэх өдрийг Ардчилсан нам үргэлжлүүлж, бүдгэрүүлэн мартуулахгүй байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэнэ. Энэ жил 25 дахь жилдээ хүндэтгэл үзүүлж байна. Цаашдаа энэ хүндэтгэлийн өдрийг цэцэг өргөөд өнгөрөх бус, улам төгөлдөржүүлэх ёстой.

Жишээлбэл, Социалист нийгмээс капиталист нийгэм рүү шилжсэн улс орнууд тухайн үеийн кино, суртал ухуулгыг устгаж, хуулиараа хориглосон тохиолдол байдаг. Гэтэл өнөөдөр монголчууд өөрсдийнхөө ахуй амьдрал, зан заншил, ёс уламжлалаа улам бүдгэрүүлж байна. Тиймээс цаашид энэ хэлмэгдэгсдийн өдрийг зөв зохистой хүндэтгэн өнгөрүүлэх нь зүйтэй” хэмээн яриандаа онцлон хэллээ.

“НАМАЙГ “ТЭНЭГ ЖАМЪЯНЖАВЫН ОХИН” ГЭЖ ДОРОМЖИЛЖ ШООЛДОГ”

Цэцэг өргөх ёслолын үеэр VIII Богд Жавзандамба хутагтын жаазтай зураг барьсан Ж.Сүхбаатар гуай “Хэлмэгдэлтийн хар шуурга миний амьдралыг 80 гаруй жил дайран өнгөрч байна. Миний өвөө болох VIII Богд Жавзандамба хутагтыг 1924 онд хор өгч, амийг нь хөнөөсөн. Харин том ах Лувсанданзанг 1937 онд хэлмэгдүүлэн хороосон юм. Би их сургууль төгссөн, эдийн засагч мэргэжилтэй хүн. Надтай хамт арван жилийн сургууль төгссөн хүмүүс намайг “Нөгөө зургаа барьчихаад, гуйлга гуйгаад л явах байх даа" гэж даажигнадаг юм. Хоёрдугаарт, 1937 оны гуравдугаар сарын 15-нд ахыг минь баривчилсны дараа миний аавыг баривчлах гэж оролдсон. Тэгсэн ээж нь “Энэ чинь тэнэг солиотой хүн байхгүй юу” гэж хэлээд, гурван үхэр тэрэгтэй Төв аймгийн Баянцагаан сум руу нүүсэн гэдэг. Түүнээс хойш одоог хүртэл “Тэнэг Жамъянжавын охин” гэж ангийнхан доромжилж, шоолдог.

Миний туйлын хүсэл бол одоогийн 28 дугаар сургуулийн хашаанд, ахыг минь буудан хороосон тэр газарт гэрэлт хөшөөг нь босгох. Тухайн үед ахын минь хураалгасан хөрөнгө гэхэд нэг тэрбум орчим байсан. Өнөөдөр надад гэрэлт хөшөө босгох 150 сая төгрөг хэрэгтэй байна. Төрөөс нөхөн олговор гээд нэг сая төгрөг өгсөн. Тэр мөнгөний 300 мянгыг бичиг баримт хөөцөлдөхөд зарцуулсан. Үлдсэн 700 мянган төгрөгийг ах, дүү нартайгаа хуваан авсан. Энэ нөхөн олговор бол даажигнал гэж бодож байна” хэмээн ярьсан юм.

Төрийн гурван өндөрлөг Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

Төрийн гурван өндөрлөг Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

Posted by News.mn on Wednesday, September 9, 2020

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж