ОБЕГ: Адуугаа хураахаар гэрээсээ гарсан малчин сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Адуугаа хураахаар гэрээсээ гарсан малчин сураггүй болжээ

ОБЕГ: Адуугаа хураахаар гэрээсээ гарсан малчин сураггүй болжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр (2020.09.09) иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


АЙЛЫН ДЭЛГҮҮР БАЙШИН, СУУДЛЫН АВТОМАШИН ШАТЖЭЭ

  • Ховд аймгийн Үенч сумын Буянт багийн 11 дүгээр гудамжинд иргэн Б-ийн “Киа Рио” загварын суудлын автомашин шатаж байсныг алба хаагчид цаг алдалгүй унтраажээ. Галын дуудлага өчигдөр (2020.09.09) өдрийн 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
  • Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт иргэн Э-гийн “Буян-Итгэлт” хүнсний дэлгүүр, байшин шатаж байсныг Гал унтраах аврах ангийн бүрэлдэхүүн цаг алдалгүй унтраажээ. Галын дуудлага өчигдөр өглөө 06:22 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Гал түймрийг 09:00 цагт бүрэн унтраажээ.
  • Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд иргэн О-ийн дөрвөн ханатай гэр шатаж байсныг алба хаагчид таван минутад унтраажээ. Энэ тухай дуудлага өчигдөр орой 17:36 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

АДУУГАА ХУРААХААР ГЭРЭЭСЭЭ ГАРСАН МАЛЧИН ЗАВХАН ГОЛД ОСОЛДСОН БАЙЖ МАГАДГҮЙ

  • Энэ сарын 7-нд адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон  31 настай эрэгтэй А-г эрэн хайж байна. Тэрбээр тухайн өдрийн 10:00 цагийн орчимд адуугаа “Завхан” голоор гаргаж ирэхээр мотоциклтой яваад эргэж ирээгүй аж. Алга болсон иргэний тухай дуудлага өчигдөр орой 16:05 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 18:15 цагт очиж, “Цахир тэх” гэдэг газраас “Завхан” голын урсгал дагуу 1 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 07:10 цагаас дахин эхлүүлжээ.

АЛГА БОЛСОН ИРГЭДИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

  • Онцгой байдлын алба хаагчид алга болсон иргэдийг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна. Тодруулбал, долдугаар сарын 31-нд “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс сураггүй болсон 25 настай эмэгтэйг эрэн хайх ажлыг хоёр сар гаруй хугацаанд үргэлжлүүлсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Эрлийн баг алга болсон иргэнийг “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсч хайсан боловч сураг гараагүй байна. Эрэн хайх ажлыг түр зогсоогоод байна. Мөн долдугаар сарын 14-нд Туул голын усанд осолдсон байж болзошгүй 11 настай хүүг эрэн хайж байна. Эрлийн баг өчигдөр “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай хайсан ч үр дүнд хүрээгүй байгаа юм.

АВТОМАШИН ОСОЛДОЖ, ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ

  • Орон нутгийн замд өчигдөр автомашины ослын улмаас гурван хүн бэртэж, нэг хүүхэд амь насаа алдсан байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Х-ын “Аксент” загварын суудлын автомашин онхолджээ. Ховд аймгийн Манхан суманд Эрдэнэт хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан 28 настай эмэгтэй Ж,  24 настай эрэгтэй Х, 22 настай эрэгтэй Н нар  бэртэж, гурван настай эмэгтэй А нь амь насаа алджээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж