ФОТО: Үгээр илэрхийлэшгүй гоё мэдрэмж | News.MN

ФОТО: Үгээр илэрхийлэшгүй гоё мэдрэмж

ФОТО: Үгээр илэрхийлэшгүй гоё мэдрэмж

“Жаахан охидын мөрөөдөл Балерина болох байдаг. Миний ч гэсэн мөрөөдөл балерина. Балетад үгээр илэрхийлэх боломжгүй гоё мэдрэмж байдаг” хэмээн турьхан, уран гараа цээжиндээ аван чин сэтгэлээсээ ярих эдгээр бяцхан хунгууд бол Монголын Балетын Үндэсний сургуулийн сурагчид юм.

Эмэгтэй хүний гоо сайхан, уян налархайн цогцлыг илэрхийлдэг урлаг бол балет. Хүүхэд багаасаа балетаар хичээллэснээр нийгэмших, шинэ найз нөхөдтэй болох, өөрийн сонирхол авьяасыг олж нээх, мөн хөгжмийн мэдрэмж, биеийн зөв хөгжил, хүмүүжил уян налархай байдал, хатуужил өгөхөөс гадна өөртөө итгэлтэй болох зэргээр сэтгэл зүйд нь ч эерэгээр нөлөөлдөг байна.

Өнөөдрийн сурвалжилгаараа Орос 3-р сургуулийн наймдугаар ангийн сурагч С.Хангоог онцолж байна. С.Хангоо балетаар тав дахь жилдээ хичээллэж байгаа ирээдүйтэй, авьяаслаг сурагч юм. Тэрбээр “Манай эгч балетаар хичээллэдэг байсан. Би эгчтэйгээ барьцаж анх балетад явж эхэлсэн. Анх багш намайг их магтдаг байсан. Магтаалын үгэнд нь урамшаад, энэ урлагт бүр их дурласан. Манай багш ер нь магтаад байдаггүй. Хааяа жижигхэн ч гэсэн магтуулах их гоё байдаг. Хааяа л магтдаг болохоор, их үнэтэй санагддаг. Тайзан дээр гарах их хариуцлага байдаг. Сүүлийн амжилт гэвэл 3-р уралдаанаас тусгай байр, багийн төрлөөс мөнгөн медаль авсан. Балетаар хичээллэснээр би хариуцлагатай, илүү тэвчээртэй болсон. Ой тогтоолт мөн сайжирсан.

Балетад үгээр илэрхийлэх боломжгүй гоё мэдрэмж байдаг.

Нэг удаа шөрмөс зангираад алхаж чадахгүй болсон. Энэ үед гэрийнхэн болиулна гэсэн ч би балетаа орхиж чадаагүй. Дасгалуудаа сайн хийгээд, хөлсөө гаргаад, сургалтаасаа гарч явах мэдрэмж их гоё байдаг.

Манай ангийнхан миний тоглолтын зургийг хараад "Ямар гоё юм бэ?" гэдэг. Балетын тоглолтын хувцас үнэхээр гоё, өмсчихөөр л би хөөрхөн болчихдог. Ирээдүйгээ төлөвлөөгүй байгаа ч гэсэн том тоглолтод гол дүр бүтээнэ гэж боддог” хэмээн С.Хангоо ярилаа. Хүн ер нь дааж давшгүй их хүслээс илүү хайртай зүйлдээ үнэнч байхад заавал шагнагддаг гэдэг. Охид балетад үнэхээр хайртай, сэтгэл нь энд уяатай ажээ.

Балетын багш, СТА Ц.Жаргалан

С.Хангоо охины тухай багш нь: Тэвчээртэй, ачаалал даах чадвартай, залхуу зан ерөөсөө байдаггүй. Ерөнхий эрдмийн сургууль нь ачаалал ихтэй байдаг ч гэсэн балетдаа цаг зав гарган хичээллэдэг, мундаг охин.

“Би хүүхдүүдээ маш их хайрладаг ч шаардлагаа яс тавьдаг. Ингэснээр манай хүүхдүүд хариуцлагатай болж аливаа зүйлд тууштай байх, мөн үг дааж сурах, хувийн зохион байгуулалт зэрэг нь маш сайн төлөвшдөг.

Эцэг эхчүүд хүүхдээ таргалалтаас сэргийлж балетад явуулдаг. Мөн насанд хүрэгчид ч ялгаагүй. Балетаар хичээллэснээр турах биш, бие эрүүлжиж, галбиржих юм. Мэдээж удаан хугацаанд хичээллэх хэрэгтэй. Гурван жилээс дээш хугацаанд хичээллэж байж биед илт ялгаа гарч ирдэг.

Одооны охид залуусын ихэнх нь хэвлийн таргалалттай харагддаг. Үнэхээр харамсмаар. Эмэгтэй хүн гоолиг, гоо сайхан байх ёстой. Төрсөн гээд л их гүзээтэй яваад байдаг. Хэвлий давсаг хавийн өөх, бөгтөр нуруу бол биеэ сайн арчлаагүйтэй холбоотой асуудал. Ямар ч гоё үнэтэй хувцсыг бөгтөр нуруу, том хэвлий дээр өмсөх онцгүй харагддаг шүү дээ. Сэмбийсэн сайхан бие дээр хямдхан хувцас өмссөн хүн өөрөө илүү үнэ цэнэтэй харагдана. Сайхан бие өөрөө үнэтэй хувцаснаас илүү үнэ цэнэтэй” гэж багш зөвлөлөө.

Нэгдүгээр сургуулийн сурагч И.Ундрам “Бүх жаахан охидын мөрөөдөл Балерина болох байдаг. Миний ч гэсэн мөрөөдөл балерина. Балет надад анхнаасаа л үнэхээр гоё санагдсан”.

Урлаг урлагийн дотроос хамгийн төгс нь балет гэдэг. Балетаар хичээллэх тусам хүүхдүүд биеэ их гоё, зөв авч явж сурдаг байна. Сонгодог урлаг хөгжинө гэдэг тухайн улсын хөгжил, иргэдийнх нь соёлын түвшин хэр байгааг харуулдаг. Хүмүүжлийн зорилгоор хүүхдийг багаас нь сонгодог урлагийн мэдлэгтэй болгох, мөн эрүүл мэнд гоо зүйн талаас нь ч урлагтай ойр байлгах нь чухал санагдлаа. Одоогийн залуусын дунд балетыг шимтэн үздэг үзэгч цөөхөн болов уу. Төр засгийн бодлогоор урлагийг дэмжвэл залуус маань соёлтой болж, ёс суртахуун нь улам дээшлэх биз ээ.

Балет тэсвэр тэвчээрт сургадаг.

Завсарлах хугацаандаа ч охид сунгалтын дасгалаа хийсээр байлаа.

Балетаар хичээллэж байхдаа нэг л тансаг, эрхэмсэг байсан хунгууд, сургалтаа таран жирийн охид болон хөгжилдөн алхлаа.

Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-10 203.91.115.40

Жаргалн багшдаа мэнд хүргэе,

Avatar

Зочин 2020-09-10 124.158.109.140

Алиа марзан урлаг төлөвшөөгүй нийгэм

Avatar

Сарантуяа 2020-09-10 150.129.141.122

Өөрөө эрүүл үү?

Avatar

Зочин 2020-09-10 203.91.115.50

Ohindoo amjilt husie, mundag shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж