Түгжрэлгүй, утаагүй, бухимдалгүй, иргэнээ дээдэлсэн хот болгох “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг 2016-2020 он хүртэл амжилттай хэрэгжүүлнэ гэж нийслэлийн өмнөх удирдлага сүр дуулиантай тунхаглаж байв. Тохилог сууцанд амьдарч, цэмбэгэр тэрэг унадаг дарга нарын боловсруулсан уг төлөвлөгөө ёсоор бол энэ онд нийслэлийг тойрсон дагуул болон хаяа 5-6 хот бий болж, нийтийн тээврээ метрогоор шийдчихсэн, явган хүний гарц, дугуйн замтай бухимдалгүй стрессгүй хот болох байсан юм. Энэхүү төсөл тууз хайчлах дуртай дарга нарын нүдэнд амжилттай хэрэгжиж, Улаанбаатар аз жаргалтай болсон нь гудамжаар алхахад л харагдах гэнэ.
НИТХ-ын дарга Р.Дагва хэвлэлийнхэнд хандахдаа “Аз жаргалтай хот төсөл яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар” гэж хэлэхдээ “Хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг тав тухтай болгох, аз жаргалтай байлгах олон ажил хийсэн. Улаанбаатар хотод хүмүүсийн амарч, зугаалах тав тухтай газрууд бий болгож байна” гэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд амжсан. Арга ч үгүй биз. Түгжрэл, утаа, ядууралд бухимдаж буй нийслэлийнхэн аз жаргалгүй амьдарч байгаа нь гашуун үнэн.
Олон жил нийслэлийнхний тулгамдсан асуудал болсон түгжрэл шийдэгдээгүй. Нийтийн тээвэр нь ч хүрэлцээгүй. Ядахдаа л хүүхэд тоглох тоглоомын талбайгүй, явган зорчигчдод ээлгүй хот. Өнөөдөр бяцхан үрс үүдэнд тоглож байгаад машинд мөргүүлж, амь насаа алдаж байна. Тоглох талбайгүй болохоор гэрээсээ хол явж тоглох гэж яваад гэртээ эргэж ирээгүй гашуун мэдээ дэндүү олон. Ердөө дөрвөн сарын өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүү эндсэн. Тэд тоглох гэж л гэрээсээ холдсон бөгөөд хэзээ ч эргэж ирээгүй. Хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай хэргийг албан тушаалтнуудыг ажлаас нь халах төдийгөөр шийдсэн нь нууц биш.
Түгжрэл, утаа, хүүхдэд ээлгүй “Аз жаргалтай, ухаалаг Улаанбатар”-т өнөөдөр явган хүн ч алхах газар үгүй. Явган хүний замыг нь хуулж хаяад, авто замтай тулган барилга, хашаа барьсан газар энд тэндгүй тааралддаг. Эсвэл явган хүний зам дээр томоос том нүх ухчихсан байх жишээтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай яриад бүр ч хэрэггүй. Зам нь авто зам дагасан байхад эрүүл байх тухай бодоод ч хэрэггүй. Өнөөдөр гудамжаар аз жаргалтай, тайван алхах нь бүү хэл эсэн мэнд эрүүл саруул гэртээ харьж байвал зол болсон гэхэд хилсдэхгүй. Алхаж явах үед өөдөөс машин гараад ирэх нь энүүхэнд. Энэ мэт олон асуудлаас үүдэлтэйгээр явганаар зорчиж байхдаа амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нийслэлд маш их байна.
Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн авто ослын дийлэнх хувийг явганаар зорчиж байхдаа гэмтсэн, амь насаа алдсан тохиолдлууд эзэлж буй юм.
Иргэд нь аз жаргалтай, эрүүл, ажил орлоготой, төр засагтаа итгэж амьдрах нь хөгжингүй хотын мөн чанар болохоос биш өнөөгийнх шиг жилийн 365 өдрийн турш иргэн бүр агаарын бохирдолд санаа зовж явах учиргүй. Хөшөө барьж, гудамж гэрэлтүүллээ гээд өдрийн талыг замын түгжрэлд бардаг иргэд, өвлийн ихэнхийг эмнэлгийн ор сахидаг хүүхдүүд аз жаргалтай болно гэвэл түүн шиг харалган бодол байхгүй биз.
Б.ЦЭЦЭГ
Гэрэл зургийг Д.БҮЖИН