Зэрлэг амьтдын тоо 68 хувиар цөөрчээ | News.MN

Зэрлэг амьтдын тоо 68 хувиар цөөрчээ

Зэрлэг амьтдын тоо 68 хувиар цөөрчээ

Зэрлэг амьтдын тоо 68 хувиар цөөрчээ

Хүн, байгаль хоёр одоо ба ирээдүйд зэрэгцэн оршихын тулд бидэнд ургамал, амьтнаар баялаг, хүчирхэг экосистемтэй эрүүл дэлхий хэрэгтэй билээ. Гэтэл дэлхий дээрх амьд организмын тоо хурдацтай цөөрсөөр байна. Тухайлбал, зэрлэг амьтдын тоо толгой 68 хувиар цөөрөөд байна. Энэ талаар “Амьд ертөнцийн тайлан-2020”-д тусгажээ.

Дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюулыг тогтоохын тулд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг болон дэлхийн 120 гаруй шилдэг эрдэмтэн, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан-2020”-ыг гаргажээ. Энэ тайланг өнөөдөр /2020.9.10/ дэлхийн өнцөг булан бүрт зэрэг танилцуулж байгаа юм. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хувьд Монголд хоёр дахь удаагаа танилцуулж байна.

Амьд ертөнцийн индекс нь манай гаригийн биологийн олон янз байдлын төлөв, эрүүл мэндийг илтгэдэг үзүүлэлт юм. Энэ индекс анх 1998 онд хэвлэгдсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш энэ үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоожээ. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш дор хаяж хоёр жил ажиглалт, бүртгэл хийсэн зүйлүүдийн өгөгдлийг ашигладаг. Одоогоор хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21 мянга гаруй популяцид гарч буй өөрчлөлтийг тандах боломж бидэнд олгоод байна.

Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдацтай цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл, зэрлэг амьтдын тоо толгой санаанд оромгүй их хэмжээгээр цөөрчээ. Тодруулбал, 1970 оноос хойш судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой 68 хувиар цөөрсөн судалгааны дүн гарчээ. Гэхдээ зөвхөн судлагдсан амьтдын тоо гэдгийг дахин онцолъё. Учир нь дэлхий дээр сайн судлагдаагүй маш олон төрөл, зүйлийн амьтад байгаа билээ.

Хэт ашиглалт ба газар тариалан биологийн олон янз байдлын сүйрлийн үндсэн шалтгаан хэвээр буй нь тогтоогдсон байна. Тэртээ 1700 оноос хойш дэлхийн ус намгархаг газруудын 90 хувь нь устаж алга болжээ. Дэлхийн гадаргын мөсөнд хучигдаагүй газрын 75 хувь нь аль хэдийнэ үлэмж хэмжээгээр хувирч өөрчлөгдсөн, ихэнх далайн ус бохирдсон бол ус намгархаг газрын талбайн 85 хувиас илүү нь устаж үгүй болжээ. Экосистемийн энэхүү сүйрэл доройтлын улмаас дараагийн зуун жилд нэг сая зүйл (500 мянган зүйлийн амьтан, ургамал, 500 мянган зүйлийн шавьж) устаж мөхөх аюулд тулж ирээд байна. Хэрвээ бид байгалиа хамгаалж, нөхөн сэргээж байвал үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Олон арван жилийн турш хүн төрөлхтөн байгалийн нөөцийг өөрийнх нь нөхөн төлжих хурдаас илүү хурдтайгаар ашиглаж ирлээ. Өнөөгийн бидний амьдралын хэв маягаас үзвэл дэлхийн нөхөн сэргээж чадах хэмжээнээс даруй 1.6 дахин илүү хэмжээний эрэлт бий болоод байна. Жилээс жилд бид байгалиа доройтуулж, нөөцийг нь багасгаж байгаа нь хүн төрөлхтөн өөрийнхөө ирээдүйн амьдралын баталгааг бууруулж байгаа хэрэг юм.

Байгаль дэлхийгээ сүйтгэсээр, биологийн олон янз байдал алдагдсан үед өөр олон асуудал үүсдэг болохыг бид одоо л ойлгож эхлээд байна. Арабын хойгт орсон их хур борооны улмаас царцаанд үржих тааламжтай нөхцөл бүрэлдсэнээр 2019 онд Африкт хэдэн арван жилд тохиогоогүй цөлийн царцааны үлэмж хэмжээний олшрол болж, тэдгээр нь Зүүн Африк, Өмнөд Ази руу нүүдэллэн, ихээхэн хэмжээний ургацыг цөлмөсөн билээ. Мөн 2019 онд удаан үргэлжилсэн их халалтын улмаас Энэтхэг, Пакистанд ган гачиг болж, хэдэн арван мянган хүнийг орон гэрээ орхин нүүхэд, бас цөөнгүй хүн үхэж үрэгдэхэд хүргэсэн юм. Австралид урьд бүртгэгдэж байгаагүй цар хүрээтэй түймрийн улирал тохиож, 10 сая гаруй га талбай түймэрт шатаж, үлэмж тооны зэрлэг амьтад үхсэн байна. Хур тунадас бага, температур маш өндөр, түүнчлэн мод бэлтгэл хэт их байсан зэрэг нь энэхүү гамшигт үзэгдлийг улам дордуулсан билээ.

2020 онд урьд мэдэгдэж байгаагүй шинэ коронавирус “Ковид-19” цар тахал гарсан нь дэлхий дээрх бараг бүх хүнд ямар нэгэн байдлаар нөлөөлж, дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсээр байна. “Ковид-19”-ийг оролцуулаад сүүлийн үеийн томоохон цар хүрээтэй өвчний дэгдэлтүүдийн 60 хувь нь амьтнаас хүнд халдварласан өвчин байсан юм. Эдгээр гамшигт үзэгдэл бүгд байгаль дэлхийд хүний сөрөг үйл ажиллагаагаар үүссэн хохирлын үр дүн байсан бөгөөд үүнтэй төстэй асуудлууд илүү өндөр давтамжтай, илүү ноцтойгоор дахин гарч ирэхэд хүргэх аюултай билээ. Иймд, хэрвээ  бид өөрсдийгөө, оршин суугаа  эх дэлхийгээ аврахыг хүсч байгаа бол байгаль орчноо хамгаалах нь  хамгийн чухал гэдэг нь тодорхой болоод байна. Байгаль хамгаалах асуудал зөвхөн бидний хайрлаж, биширдэг гайхалтай амьтдын олон янз байдлыг хамгаалснаар хязгаарлагдахгүй. Энэ нь өргөн хүрээний  томоохон асуудал юм. Тогтворгүй уур амьсгал, бохирдсон гол, ус, доройтсон газар, хоосон ой, биологийн олон янз байдал нь сүйдсэн гариг дээр бидэнд эрүүл, аз жаргалтай ирээдүй байх боломжгүй юм.

Ирэх хэдэн жилд бид цэвэр эрчим хүч болон хүрээлэн буй орчинд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар илүүдэл нүүрстөрөгч нийлүүлдэггүй нийгэмд шилжих хэрэгтэй боллоо.

Юуны өмнө дараах гурван арга хэмжээ хамгийн чухал гэж судлаачид үзэж байна.

1) Хүнсний үйлдвэрлэл болон хэрэглээгээ өөрчилж, хүн бүрт тогтвортой арга замаар хангалттай хүнс бүрдүүлэх. Энэ нь бага орон зай (амьдрах орчны доройтлыг зогсооно), бага ус, экосистемд хортой химийн бодис бага хэрэглэдэг арга замаар газар тариалан эрхэлнэ гэсэн үг. Энэ нь бас хоол хүнсний хаягдлыг зогсоох, хоол тэжээлийн зарим бүрэлдэхүүнээ өөрчилнө гэсэн үг.

Гэртээ хийж болох өөрчлөлт: Ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх, ойн хомсдол үүсгэх замаар бий болдоггүй хоол хүнсийг сонгон хэрэглэх, тухайн нутагтаа үйлдвэрлэсэн хүнс худалдан авах.

2) Хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх.

Гэртээ хийж болох өөрчлөлт: Хэрэглэж буй эрчим хүчээ аль болох сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс байлгах.

3) Биологийн олон янз байдлыг тэтгэх “байгальд ээлтэй шийдлүүдэд” хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулах, түүний үр дагавраас хүн, зэрлэг амьтдыг хамгаалахад идэвхтэй оролцох. Жишээлбэл, илүү олон мод тарьж хөрсний чанарыг сайжруулснаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дэм болох учиртай. Гэртээ хийж болох өөрчлөлт: Орон нутгийнхаа биологийн олон янз байдлыг хамгаалахын төлөө арга хэмжээ хэрэгжүүлэх

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-10 64.119.27.113

ХҮН ГЭДЭГ АМЬТАН ЭНЭ ЕРТӨНЦИЙГ ЦӨЛМӨЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж