Хүүхдүүд үнэ төлбөргүй музей үзэж, дуу шуугиан тасрахгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд үнэ төлбөргүй музей үзэж, дуу шуугиан тасрахгүй байна

Хүүхдүүд үнэ төлбөргүй музей үзэж, дуу шуугиан тасрахгүй байна

“Аниа энэ ямар хүн бэ”, “Ямар гоё байшин бэ”, “Энэ машин юм уу” хэмээн А.Ундрам хүү эгчээсээ олон зүйл шалгаах аж. Тэрбээр анх удаа Театрын музейгээр зочилж, Монголын театр урлагийн сор болсон алдартай уран бүтээлчдийн хөрөг, кино аппарат хараад уулга алдаж буй нь энэ. Хоёрдугаар ангийн бяцхан сурагч хүүд энэ бүхэн сонирхолтой санагдах нь аргагүй биз.

Дүүгээ дагуулан Театрын музей үзэж буй А.Тэмүгэ “Би энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Дүүгээ дагуулан Театрын музей, Монголын үндэсний түүхийн музей үзэж, танилцаж явна. Музей үзээд явж байхад ихэвчлэн дунд ангийн хүүхдүүд найзуудтайгаа явж харагдлаа. Над шиг дүүгээ дагуулж яваа хүүхэдтэй таарсангүй. Хүүхдүүд музей үнэ төлбөргүй үзэх болсон нь маш их таалагдаж байна. Миний хувьд дараа нь Одон орны музей үзэхээр төлөвлөж байгаа” гэв. Харин А.Ундрам хүү дэргэдээс нь “Би Үлэг гүрвэлийн музей үзье” гэлээ.

Тэр бүр хүүхэд орж, сонирхоод байдаггүй Театрын музей хүүхдүүдийн хөлд дарагдаж, тэдний дуу шуугианаар тасрахгүй байгаа тухай музейн ажилчид хэлж байв. Энэ нь шинэхэн Соёлын сайд есдүгээр сарын 1-нээс 18 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй музей үзэх тушаал баталсантай холбоотой аж.

“ХҮҮХЭД 3000 ТӨГРӨГӨӨР МУЗЕЙ ҮЗДЭГ БАЙСАН”

Музейн Боловсролын ажилтан О.Ананд “Есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон 18-аас доош насны хүүхдүүд үнэ төлбөргүй музей үздэг болсон. Ерөнхийдөө хүүхдүүдийн музей үзэх хандлага илт нэмэгдсэн. Өмнө нь ганц нэгээрээ, эсвэл заавал анги хамт олноороо зохион байгуулалттай ирдэг байсан бол одоо хүссэн хүүхэд бүр музей сонирхож байна. Өдөрт дунджаар 20-30 хүүхэд музей үздэг болсон.

Хүмүүс Театрын музейг төдийлөн сайн мэддэггүй. Хүүхдүүдийн зарим нь музейгээр анх удаа үйлчлүүлж “Энд ийм музей байдаг юм уу” гэдэг. Манай музей сүүлд “Гэгээн муза” танхимын нээлтээ хийж, орчин цагийн 15 жүжигчний хөрөг зургийг дэлгэсэн. Энэ танхимыг хүүхдүүд их сонирхож, сүүлийн үеийн жүжигчдийг илүүтэй таньж байгаа нь анзаарагдсан” гэсэн юм.

Театрын музей нь байнгын үзүүлэнгийн таван танхимтай бөгөөд үзмэрүүд нь солигддоггүй. Төлбөр нь том хүн 5000 төгрөг, хүүхэд, оюутан 3000 төгрөгийн төлбөртэй байсан бол одоо хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлүүлж байна.

“ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР 300 ОРЧИМ ХҮҮХЭД МУЗЕЙГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН”

Тэндээс гарч, Монголын үндэсний түүхийн музейг зорин очлоо. Музейн үүдэнд ерөнхий боловсролын сургуулийн цөөнгүй сурагчид цугларчээ. Тэдний зарим нь музейгээ үзэж, танилцсан бол зарим нь дотогш орохоор яарах ажээ.

Тус музейн хувьд нийт есөн танхимтай. Музейн танхим болгонд 2-10 хүртэлх тооны хүүхэд музей үзэж, хоорондоо ярилцаж байв. Тэр дунд багштайгаа зохион байгуулалттайгаар музей үзэж яваа ангийнхантай тааралдсан юм. Тэд “Ангиараа анх удаа музей үзлээ. Маш гоё санагдлаа” хэмээн ам уралдан ярьцгаана.

“Музей үзэх их сонирхолтой санагдлаа. Монголын түүхийг үечилж, сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн харуулсан байна. Өмнө нь музей төлбөртэй байхад үзэж байгаагүй. Биднийг музей үзэж байхад ангиараа, найзуудтайгаа хүүхдүүд их үйлчлүүлж байгаа нь анзаарагдсан. Миний хувьд дараа нь Одон орны музей үзэх төлөвлөгөөтэй байна” хэмээн “Хангай” мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн сурагч З.Номингуа хэлж байв.

Монголын үндэсний түүхийн музейн Боловсрол, олон нийтийн хөтөлбөрийн албаны дарга Ц.Оюунхишиг “Соёлын сайдын А/03 тоот тушаалаар есдүгээр сарын 1-нээс эхлэн улсын болон орон нутгийн бүх музейг 18 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэж байна. Манай музейг өнөөдрийн байдлаар 300 орчим хүүхэд үзэж, сонирхоод байна. Өмнөх жилүүдэд ес, аравдугаар сард хүүхдүүд их үйлчлүүлдэг байсан ч үнэ төлбөргүй болсноор энэ тоо улам нэмэгдсэн. Манай музейг Монголын түүхэн үечлэлийн дагуу дэглэсэн байдаг учраас хүүхдүүд их сонирхолтай санагддаг байх. Мөн оюутнууд хичээлдээ Монголын түүхийн хичээлээ заавал үзэж судалдаг учраас цөөнгүй ирж, үйлчлүүлдэг.

Сүүлийн үед хүүхдүүд аав, ээжтэйгээ музей үзэх гэж их иргэд болсон нь сайшаалтай. Бидний зүгээс халдвар хамгааллын дагуу амны хаалт зүүх, гараа ариутгах, хоорондын зай барих, биеийн халууныг тогтмол үзэж байна. Гэхдээ музейн танхим дотор удаан амны хаалттай явахаар хүүхдүүдийн хувьд амьсгалахад төвөгтэй байдаг учраас хүүхэд болгонд амны хаалт зүүх ёстой гэж шаардаж чадахгүй байгаа.

Ойролцоогоор музейг нэг цаг орчим хугацаанд үзэж, танилцдаг. Музейн танхимуудын ариутгал халдваргүйтгэлийг тодорхой давтамжтайгаар, зориулалтын бодисоор хийж байгаа учраас хүүхдүүдийг заавал маск зүүх шаардлага тавихгүй байгаа. Манай музей 2018 онд үйл ажиллагаагаа бүтэн жилийн турш явуулахад 100 орчим мянган үзэгч хүлээж авсан. Үүний 50 хувь нь монгол үзэгч байдгаас 40 мянган нь хүүхэд, залуучууд байдаг юм. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор музейн үзэгч харьцангуй цөөхөн байна” гэв.

“Монголын үндэсний түүхийн музей үзэнгээ ангийнхаа найзуудтайгаа түүхийн хичээлээ хийж байна. Өмнө нь танхимаар үзсэн хичээлээ бататгаж, түүхийн музейгээр үйлчлүүлж байгаагүй. Өмнө нь түүхийн хичээлээ хийхдээ музейд ирж судлахгүйгээр интернэтээс мэдээлэл хайж, судалдаг байсан. Бид анх удаа найзуудаараа музей үзэж байгаа учраас их сонирхолтой санагдлаа. Миний хувьд түүхийн музей үзэх дуртай” тухайгаа нийслэлийн 115 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Жаргалмаа ярилаа.

“МУЗЕЙН АЧААЛАЛ НЭМЭГДЭЖ, ХҮҮХДҮҮД ЗҮЛГЭН ДЭЭР ДУУЛЖ БҮЖИГЛЭДЭГ”

Хүмүүсийн очих дуртай музейн нэг бол Чойжин ламын сүм музей. Энэ музей саяхан өнгө засч, үйлчлүүлэхэд улам тухтай болсон байв. Өдгөө 100 гаруй жилийн настай энэ музейн дахин давтагдашгүй ур хийц, сонирхол татам үзмэрүүд хүүхдүүдийн сонирхлыг татаж буй нь илт. Биднийг очиход дөнгөж сая 200 орчим бяцхан зочноо хүлээн авч, үдэж явуулсан хэмээн ажилчид нь хэлж байв.

“Соёлын сайдын тушаал шийдвэр гарч, есдүгээр сарын 1-нээс 18 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүйгээр музей үздэг болсон. Уг тушаал гарснаас хойш музейгээр үйлчлүүлж буй хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Одоо ерөнхий боловсролын сургуулиуд богино цагаар хичээллэж байгаа учраас ангиараа, найзуудаараа, сургуулиараа зохион байгуулалттайгаар музейг зорин ирж байна. Манай музейн хувьд ачаалал ихтэй болсон. Өглөө гэхэд Мэргэжил арга зүйн төвөөс зохион байгуулалттайгаар багшийнхаа хамт 200 орчим хүүхэд ирж музей үзлээ.

Жил болгон музейгээр үйлчлүүлж буй хүүхдийн тоо ес, аравдугаар сард нэмэгддэг. Энэ жилээс үнэ төлбөргүй болсноор энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Манай музейн хувьд сүм хийдийн зориулалттай баригдсан, өвөлдөө маш хүйтэн байдаг учраас урин дулааны улиралд хүүхдүүд их үйлчлүүлдэг. Энэ жил манай музей засвар хийж, тав тухтай болсон учраас хүүхдүүд олноор ирж байна. Өглөө найзуудаа хүлээнгээ зүлгэн дээр суугаад дуулж бүжиглэдэг.

Музейг жилд ойролцоогоор 2000 хүүхэд үздэг байлаа гэхэд өөрсдийнхөө боловсролын хөтөлбөрөөр 2000-3000 хүүхдийг музейн үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. Дэлхийн аль ч улсын музей хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Тиймээс музейн үзэгчдийн тоо нэмэгдэж, ачаалалтай байгаагаас санхүүжилтэд ямар нэгэн байдлаар хүндрэл гарахгүй” гэж тус музейн Захиргааны нэгжийн дарга Э.Баярзул хэлсэн юм.

Чойжин ламын сүм музей таван сүмтэй. Төлбөрийн хувьд том хүн 8000 төгрөг бол хүүхэд 1500 төгрөгийн үнэ төлбөртэйгөөр үйлчлүүлдэг байжээ. Музейгээр үйлчлүүлж буй хүүхдүүдийн хувьд аав, ээжийнхээ аль нэгтэй хамт, эсвэл ангийн найзуудтайгаа явж харагдана. Тэд сүм болгоныг сонирхон харж, сонирхол татсан үзмэрээ тайлбарлагчаас асуух ажээ.

Музейн үзэгчид дунд хоёр хүүгээ хөтлөн үйлчлүүлж буй Ц.Ариунаа “Хүүхдүүд маань музей үзсэнээр Монголынхоо түүх соёлыг танин мэдэх ач холбогдолтой. Бидний хувьд өнгөрсөн жилээс эхлэн музейтэй танилцаж, сонирхож байна. Одоо тав дахь музейгээ үзэж байна. Хүүхдүүд Үлэг гүрвэлийн музей, Үндэсний түүхийн музей үзэх нь сонирхолтой санагдсан гэж хэлж байсан. Одоо Богд хааны ордон музей үзэхээр төлөвлөсөн байгаа. Музейн зүгээс гэр бүлээрээ музей сонирхож явахад их сайхан хүлээн авч, дэмжиж байгаа нь сайхан санагддаг” гэлээ.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж