Дэлхийн олон өдрийн хэт холын гүйлтийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн Б.Буджаргал энэ онд хэд хэдэн тэмцээнд оролцохоор төлөвлөжээ. Удахгүй тэрбээр Тайландад болох тэмцээнд оролцох юм байна. Энэ удаад дэлхийд шинэ рекорд тогтоох зорилго тавьж, бэлтгэл сургуулилтдаа ороод байгаа түүнтэй цахимаар холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Та олон өдрийн хэт холын гүйлтээр хичээллээд хэр удаж байна вэ?
-Гүйлтийн спортоор хичээллээд 20 гаруй жил болж байна. Харин Олон өдрийн гүйлтээр дагнан хичээллээд 10 орчим жил болж байна. Энэ тэмцээнд 2014 оноос хойш оролцсон.
-Олон өдрийн хэт холын гүйлтийн тэмцээний онцлог юу вэ?
-Энэ тэмцээн нь бусад спортыг бодоход удаан, тасралтгүй үргэлжилнэ. Энэ утгаараа тамирчнаас тэсвэр хатуужил шаарддаг. Идэх, унтах асуудлаа тамирчин өөрөө зохицуулдаг. Аль болох бага унтаж, бага идэж, амрахгүй цаг хэмнээд, хурдтай байвал барианд хурдан орно.
-Та хамгийн ихдээ хэдэн өдөр гүйсэн бэ?
-Миний хувьд 10 өдөр, 10 шөнө үргэлжилсэн тэмцээнд оролцож байсан. Ийм тэмцээнд таван удаа оролцож, хоёр удаа түрүүлсэн. Мөн зургаан хоногийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн.
-Олон хоног бүтэн нойр, хоолгүй гүйх маш хүнд байх. Тэмцээнд оролцоход хүндрэлтэй асуудал юу байсан бэ?
-Энэ тэмцээнд анх оролцож байхад хүндрэлтэй зүйл маш их тохиолдож байсан. Тэмцээнд орох бүрт туршлагаждаг. Олон хоног гүйхээр асар их ядарна, хөл, гар өвдөнө. Шантарч, тэмцээнийг орхимоор санагдана. Энэ бүхнийг, өөрийгөө ялан дийлэх нь чухал.
-Өөрийгөө зовоож, олон хоногоор гүйх юу нь сайхан байдаг вэ?
-Хүнд өөрөөс нь өөр өрсөлдөгч гэж үгүй. Асар их ядралт, өвдөлт мэдэрдэг гэж түрүүн хэлсэн. Энэ бүхнийг бясалгалаар ялан дийлдэг. Гүйж байгаа нь нэг ёсондоо бясалгал юм. Энэ тэмцээнд маш цөөн хүн оролцдог. Учир нь, хэр баргийн хүн ийм зүйл хийж чаддаггүй. Тэсвэр хатуужлын туйлыг харуулдаг спорт.
-Удахгүй болох тэмцээний бэлтгэлээ хангаж байгаа гэсэн үү?
-Энэ жил би дөрвөн тэмцээнд оролцохоор төлөвлөсөн. Тайландад энэ сарын 20-нд болох тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаад байна. Энэ гүйлт 12 цаг үргэлжилнэ. Дараа нь ирэх сарын 1-нд Хятадад зургаа хоногийн гүйлтэд, арваннэгдүгээр сарын 16-нд АНУ-ын Флорида мужид зургаа хоногийн гүйлт, арванхоёрдугаар сарын 28-нд АНУ-ын Аризона мужид зургаа хоногийн гүйлтэд оролцоно. Энэ тэмцээнүүдэд амжилттай оролцож улсынхаа нэрийг гаргахын зэрэгцээ дэлхийн рекордыг эвдэх хүсэлтэй байгаа.
-Дэлхийн рекорд эзэмшигч хэд хоног гүйсэн байдаг вэ?
-Зургаа хоногийн гүйлтийн хувьд дэлхийн рекорд нь 1037 км зам туулсан байдаг. Харин миний хувьд одоогоор зургаа хоногт 834 км зам туулаад байна. Харин арав хоногийн гүйлтийн хувьд дэлхийн рекорд 1553 км зам байдаг. Миний хувьд арав хоногт 1304 км зам туулаад байгаа.
–Цар тахалтай үед уралдаан зохион байгуулах юм уу?
-"Covid-19"-ийн халдвараас шалтгаалаад хэд хэдэн тэмцээн цуцлагдсан ч одоо дахин сэргэж байна. Энэ тэмцээнд оролцох урилга ирсэн болохоор би бэлтгэлээ базаагаад байж байна.
-Тэмцээн уралдаануудаа орхиод, эх орондоо, гэртээ ирээд амрах бодол танд байна уу?
-Эх орноосоо гараад жил боллоо. Жилийн өмнө эх орноосоо гарахдаа, дэлхийн рекордыг тогтоочихоод буцаж ирнэ гэсэн бодолтой гарсан. Дэлхийн рекорд эвдэж байж л эх орондоо очно. Түүнээс наана очихгүй. Энэ төрөлд булчин шөрмөс нь зангирсан цэл залуу хүнээс илүү 40-өөс дээш насныхан түлхүү амжилт үзүүлдэг. Энэ нь тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй холбоотой байх. Миний хувьд дэлхийн аваргын тэмцээнд 34 настайдаа нэгдүгээр байранд орж байсан. Энэ утгаараа надад маш том боломж, ирээдүй байна гэж боддог.
-Тэмцээнд оролцоход ямар асуудал тулгамддаг вэ?
-Энэ спортод амжилт гаргахын тулд байр, машин гээд өөрт байгаа бүх зүйлээ золиосолсон. Тэмцээнд оролцоход нэгдүгээрт санхүүгийн асуудал тулгамдаж байна. Хоёрт, энэ тэмцээнд оролцож буй зарим тамирчид өөрийн эмч, дасгалжуулагч, сэтгэлзүйч, туслахтай байдаг. Надад одоогоор тийм хүн байхгүй байна. Тэр бүхэн дутагдаж байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ