ТЭРСЛҮҮ ҮГ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг бүү хүндэтгэ!

Хуучирсан мэдээ: 2020.09.10-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг бүү хүндэтгэ!

ТЭРСЛҮҮ ҮГ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг бүү хүндэтгэ!

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ныг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэх өдөр болгон зарласнаас хойш Монголын үе үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт 36 мянган хүн гүтгэгдэн амь нас, эрүүл мэнд сэтгэл санаа, амьдрал, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон байдаг. Тэдний болон ах дүү, хамаатан садан, аав ээж, үр хүүхдийнх нь амссан доромжлол, зовлон, эдэлсэн уй гашуу дахин битгий нүүрлээсэй гэсэндээ жилийн бүрийн өнөөдрийг хэлмэгдэгсдийг дурсах өдөр болгосон хэрэг.

Зүй нь 31 мянган хүний амийг авч одсон тэр аймшгийн өдрүүдийг, тэрхүү их хэлмэгдүүлэлтийг битгий март, битгий давт гэж сануулах утга учиртай өдөр юм. Түүнээс ёс төдий цэцэг өргөсөн болж, толгой гудайх нь цагаатгал, гэмшил, харуусал огтоос биш л дээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дүгнэлтэд бичсэнээр Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийг эхлэл үе /1921-1924 он/, өрнөл үе /1925-1932 он/, оргил үе /1932-1939 он/, бууралт үе /1940-1955 он/, сүүлч үе /1956-1989 он/ гэсэн таван хэсэгт хуваан үздэг. Тэгвэл нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлт 2020 оноос тоологдох нь, “төрийн дайсан”-уудыг тодруулж, хар массын алга ташилт, сошиалын толгой угаалт дор хэчнээн хүнийг шоронд хийхийг хэлэхэд хэцүү.

“Улс төрийн хэлмэгдүүлэлт бол улс төрийн эрх мэдэл бүхий бүлэг этгээд улс төрийн явцуу ашиг сонирхлоо хамгаалах, бататгахын тулд төрийн хүчийг ашиглан нийгмийн гишүүд, зарим давхаргаа улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан хууль бусаар шийтгэх, устгах, хохироох үйлдэл мөн” гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс дүгнээд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, төр нийгмийн зүтгэлтний биед халдсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан, зэвсэгт бослого гаргасан, хорлон сүйтгэсэн, цуурхал дэгдээсэн, улсын нууц задруулсан гэх хувьсгалын эсэргүү хэрэгт хилсээр холбогдуулан шударга бус шүүхээр шийтгэх, хавчин гадуурхах зэргээр хохироосон байдаг” тухай тэмдэглэжээ.

Чухамдаа Монгол Ардын нам ардын дайснуудыг тодруулж, толгой дараалан баривчилж, алгаа ташиж суусан ард түмэн өөрсдөө ч толгойгоо алдсан  гашуун сургамжийг эргэх сануулах нь Монголд түүх давтагдаж байгаатай холбоотой юм. Өнөөдөр нийгэмд бусдыг хавчин гадуурхаж кайф авдаг, гүтгэн харлуулж ялладаг цус судлаачид олон.  Тэдний хар пиарт хэлмэгдэж, дээрээс даалгавартайгаар ажилладаг шударга бус шүүхээр шийтгүүлсэн “ардын дайсны хойд дүр”-үүд болох М.Энхсайхан, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баяр, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Б.Болор, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг ар араас нь ачаад 461 дүгээр ангид хорьчихсон. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван хүн өнөөдөр шоронд 4.5-6 жилийн хорих ялтай сууж байна.

Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн дүгнэлт нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай”. Манай “төрийн дайсан”-уудыг шүүхээс баривчлахад миний ард түмний баярлаж байгааг нь ээ, “барь, хорь, хөрөнгийг нь хураа, ал цаазал” гэж олон нийтийн сүлжээнд харааж суудаг троллууд хар мянгаараа байна. Яг л зуун жилийн өмнөх харанхуй масс шиг.

Мянга есөн зуун гучин долоон оноор нэрлэгддэг их хэлмэгдүүлэлт ингэж л эхэлсэн гэдэг. Японы тагнуул, ардын дайсан, гадаадын гар хөл гэх нийгмийн тархийг угаасны дараа эхлээд нам төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж ноёд, лам нар дараа нь хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, жирийн иргэд ч өртсөн.

Нэн шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн баривчилгаа Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханаас эхэлсэн юм. Түүнд Тавантолгойн гэрээний төслийг боловсруулахдаа улсаа хорлон сүйтгэхийг завдсан гэсэн ял тулгаад, дараа нь автомашины хэрэг тохоод, 4 жил зургаан сарын ял оноосон билээ. Төсөвлөсөн 165 сая төгрөгийг нь 35 саяар хямдруулж машин авсан М.Энхсайхан шоронд орж, эсрэгээрээ эхнэрийнхээ компанид 3 тэрбум төгрөгийн ЖДҮ аваад өгчихсөн Б.Батзориг 40 саяар торгуулж, Ж.Энхбаяр, Л.Энхболд нар ямар ч ял шийтгэлгүй, Х.Болорчулуун бүр дахиад УИХ-ын гишүүн болчихсон нь манай дарга нарын “шударга ёс”.

Мэдээж даргын тал биш бол тэд төрийн дайснууд гэсэн үг. Тиймээс өнгөрсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг Монголын шүүх Оюутолгойн “хэрэгтнүүд”-ийг шүүхдээ С.Баярцогтод 10 жилийн ял оноож, хөрөнгийг нь хураах, С.Баярт 5 жил, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт 4 жил, үргэлжлүүлээд “Эрдэнэтийн 49”-ийн хэрэгт Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг буруутгаж 3.5-4.5 жилийн ял оноосон юм. Эрх зүйт төр, хууль ёс гэж энэ улсад байдаг бол уг нь нэг хэрэг дээр нэг л мөрдөн шалгах ажиллагаа явагдах, шүүгдэх ёстой. Гэтэл Монголын шүүх хүн олдсон дээр нь гэсэн шиг нэг хүнд хэд хэдээр нь хэрэг бөөндөө яллачихдаг нь хэний өгсөн үүрэг даалгавар вэ.

Арван хэрэг нээчихээд аль нэгээр нь яллаад явуулчихъя гэдэг байдлаар хандаж байгаа шүүх засаглал эрх зүйт, иргэний төр, эрх гэж рекламдахаа боль. Прокурор нь хэргийн бүрэлдэхүүнийг шууд өөрчилчихдөг, шүүх нь 10 жилийн дараа гарсан хуулийг ашиглаад бусдыг буруутгадаг байвал өнөөдрийн дарга нар ч өөрсдөө их хэлмэгдүүлэлтийнхээ золиос болох өдөр ирэх вий. Тэр тусмаа УИХ, Засгийн газрын шийдвэрээр ажил хийсэн болгоныг шүүхийн өмнө авчраад яллаад байвал төрийн төлөө, улсын төлөө зүтгэх хүнгүй болно.

Хэн нэгэнд хэрэг тохохоос илүү хэнийг ч бид хэлмэгдүүлж болохгүй. Хэн нэгнийг хэлмэгдүүлчихээд хээв нэг цэцэг өргөсөн шигээ  хэлмэгдэгсдийг бүү доромжил.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
64
ТэнэглэлТэнэглэл
20
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж