Уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор хөгжүүлж, экспортыг дэмжих маш том боломж, зах зээл, түүхий эд Монголд байна. Өөрөөр хэлбэл, 500 мянган үхрийн ширээ экспортод гаргаж, 500 мянган тонн нүүрст зарсантай адил валютыг Монголдоо оруулж ирэх бүрэн боломжтойг Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан ярьдаг. Хөдөө аж ахуйн салбар бол нөхөн үрждэг, нэмүү өртөг шингээдэг салбар. Тэгээд ч монголд түүхий эд нь, зах зээл нь, ажиллах хүчин нь бэлэн байна.
Монголчууд анх Хиагтын булигаарын заводод арьс ширийг боловсруулж, 1934 оноос үйлдвэрлэл байгуулж, 1990 оны эхэн үе хүртэл жилд бэлтгэж байсан 5-6 ая арьс, ширийг 100% бүрэн боловсруулж, жилд 3-5 сая хос гутал, 600 мянган ширхэг савхин хувцас үйлдвэрлэж байсан түүхтэй. Мөн ЗХУ болон бусад социалист улс оронд жилдээ 200 мянган ширхэг нэхий дээл нийлүүлдэг байсан ч өдгөө малынхаа арьс ширийг мөнгө болгож чадахгүй хог болгож буй нь харамсалтай. Жилд 16 сая ширхэг арьс, шир зах зээлд нийлүүлэгддэгээс 35 хувь нь хог болж үлддэг аж. Малынхаа арьс, шир, ноос ноолуурыг үнэд хүргэх бодитой, урт хугацаатай бодлого бол аж үйлдвэржилт.
Өнөөдөр Улаанбаатар хотод 40 гаруй арьс шир боловсруулах үйлдвэрүүд байна. Хамгийн харамсалтай нь эдгээр үйлдвэрүүд Туул голын хаяанд байрлаж, тэндээс гарсан химийн хорт бодистой ус Туул голд цутгагдаад олон жил боллоо. Эдгээр үйлдвэрүүд өндөр валенттай хром хэрэглэгдгээс болж тэр хавийн оршин суугчид хорт хавдраар өвчлөх нөхцөл хэдийн бүрдчихсэн. Тиймээс нь нийслэлчүүдийн эрүүл мэнд болоод ундны усны нөөцөд аюул заналхийлж байгаа эдгээр үйлдвэрийг хотоос нүүлгэнэ гэж яриад арван жил өнгөрлөө.
Харин арай бодитой ажил хэрэг болоод явж байгаа төсөл нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт баригдах Дарханы арьс, ширний цогцолбор. Тус цогцолборт арьс шир боловсруулах 13, ноос ноолурын 2 үйлдвэр байгуулагдах бөгөөд одоогоор цахилгаан эрчим хүч, дулаан хангамж зэрэг дэд бүтцийн ажил хийгдээд үлдсэн нь гацчихсан.
Энэ цогцолбор баригдсанаар байгаль экологид аюулгүйгээс гадна эдийн засагт илүү өгөөжтэй хувилбар болохыг эрдэмтэд судлаачид хэлж байна. Тиймээс ч УИХ дээр байгуулагдсан ХАА-н салбарыг дэмжих лобби бүлэг энэ асуудлыг анхааралдаа авч, Ерөнхий сайд ч эрчтэй урагшлуул гэсэн чиглэлээ өгсөн билээ.
Харамсалтай нь долдугаар сард зарим үйлдвэр нь ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан цогцолборын ажил санхүүжилтээс болж гацсан нь төрийн ажлыг жинхэнэ урагшлуулах учиртай яам тамгын газрынхны хариуцлагагүйтэй холбохоос өөр аргагүй юм.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд зөвхөн зун, намрын зургаан сар л бүтээн байгуулалтын ажил явуулах боломжтой. Гэтэл Дарханы арьс ширний цогцолбор барих ажил ид бүтээн байгуулалт хийдэг үедээ хөрөнгө мөнгөний санхүүжилтээс болж гацчихаад байгаа нь Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай холбоотой болохыг харж болохоор.
МОНГОЛ УЛСАД АРЬС ШИРНИЙ ЦОГЦОЛБОР БАРИХ НЬ ЯАГААД АШИГТАЙ ВЭ?
Нэгд, Төсөл хэрэгжсэнээр 10 сая арьсыг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгох боломжтой.
Хоёрт, Монголын арьс шир үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ БНХАУ-д нийлүүлж байгаагаас 3-5 дахин өндөр үнээр дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ
Гуравт, Малчдын түүхий эдийн үнэ нэмэгдэж, орлогод нь бодит дэмжлэг болно.
Дөрөвт, Экспортыг 135 сая ам.доллараас 500 сая ам.долларт хүргэх боломж бүрдэнэ. Ингэснээр дотогшлох валютын урсгал нэмэгдэж, эдийн засгийг солонгоруулах боломжтой.
Тавд, Байгаль орчинд эерэгээр нөлөөлж, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал бохирдол буурна.
Зургаад, 288,0000 малчин, 16000 таваар бэлтгэгч /ченж нэрийн доор зохион байгуулалтад ороогүй хүмүүс/, 800- тээврийн салбарт ажиллагсад, 3500-агуулахын үйлчилгээ эрхлэгчид, дарханы арьс ширний цогцолборт 2300 гаруй, Дарханд 7500 ажлын байр нэмэгдэнэ.
Үнэхээр ч зургаахан жишээ татахад л Монголчуудын амьдралд болоод эдийн засагт Монгол Улс аж үйлдвэрийн цогцолбортой болсноор ямар өгөөжтэй байгааг харж болохоор.
Ялангуяа уг төслийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкны санхүүжилт оролцоо маш чухал болжээ. Өөрөөр хэлбэл, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүжилт болон бусад Хөрөнгө оруулалтын сан, Бизнес экспортын даатгал, лизингийн хөшүүрэг болон санхүүгийн хэрэгслүүд ус агаар мэт хэрэгтэй байгаа юм байна.
Төслийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет менежмент”, “Ди би Эм лизинг” гэх хоёр компани нэлээд түлхэц үзүүлсэн. Харамсалтай нь, уг хоёр компанийг татан буулгаснаар төслийн ажил удаашрахад хүрсэн байна. Тиймээс Хөгжлийн банк нь экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан учраас бүх хариуцлагыг үүрэх цаг нь болжээ. Сануулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх;
- Эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн төслүүдийг санхүүжүүлнэ гэж заасан байдаг.
Эдийн засагт валют авчрах энэхүү цогцолборыг барьж байгуулахад Сангийн яам, ХХААХҮЯ анхаарлаа хандуулж, хөгжлийн бодлогоо хөсөр хаягдахаас өмнө цаг хугацаа алдахгүйгээр яаралтай хөдлөх цаг болоод байна. Хөнгөн үйлдвэрийн салбар бол дахин боловсруулдаг, нэмүү өртөг шингээдэг, нөхөн үрждэг баялаг. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өдөр бүр бахархан жиргэдэг, Хятадыг зорьсон хэдэн сая тонн нүүрс, жонс бол шавхагддаг баялаг билээ. Баялгийн хараалаас эх орноо аврах ганцхан гарц бол нөхөн үрждэг баялагтаа л хөрөнгө оруулалт хийх юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ