ТАНИЛЦ: “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцны үнэ тариф

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцны үнэ тариф

ТАНИЛЦ: “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцны үнэ тариф

ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу өнөөдөр /2020.09.09/ “МИАТ” компанийн ажилтай танилцлаа.Тус компанид 2020 оны гарсаар 2009 өргөдөл гомдол иржээ. Эдгээрээс 1060 нь билетээ буцаах, 949 нь үйлчилгээний талаар, 12 нь тусгай үүргийн нислэгийн үнэ, тарифтай холбоотой бөгөөд долоон и-мэйлээр, таван утсаар ирсэн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр ярианы эхэнд онцлов.


Тэрбээр “Манай компани Сөүлийн чиглэлд тэр нислэгээ даагаад ирдэг шууд зардлаараа нислэг үйлдэж байгаа. Ямар ч нэмэлт төлбөр аваагүй гэдгийг онцолж хэлье. Бид өнгөрөгч тав, зургадугаар сард нэлээд хэдэн карго тээвэрлэж, 20 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон. Үндсэндээ тэр орлогоороо алдагдлуудаа хааж байгаа. Москва, Нурсултан, Токио чиглэлийн тусгай үүргийн нислэг маш их алдагдалтай, шууд зардлаараа ч зардлаа нөхдөггүй. Энэ бүх алдагдлыг өр төлбөрөө хойшлуулах, бууруулах, нэмэлт орлогоор карго үйлчилгээ хийх, хуримтлагдсан ашгаараа нөхөж байгаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн тухай хуулийн дагуу манай компани давамгайлсан байдалтай аж ахуй нэгж мөн.  Энэ хүрээнд 2015 оныхоо нислэгийн үнэ тарифыг огт нэмээгүй. Өнөөдөр тусгай үүргийн нислэгээр энэ тарифаа мөрдөж байгаа. Шинэ чиглэлүүдийг 2020 ондоо хуулийн дагуу тогтоосон гэж бодож байна. Нислэгийн үнэ тарифын хувьд улсаас татаас өгвөл тэр хэмжээгээр нь үнийг буулгаж болно. Өнөөдрийн байгаа үнэ тариф бол дөнгөж амиа зогоож буй нислэг учраас доод хэмжээнд хүргэсэн" гэсэн юм.

ФРАНКФУРТ, ИСТАНБУЛ, СИАТЛ, СИДНЕЙН НИСЛЭГИЙН ТАРИФЫГ БУУРУУЛЖЭЭ

Өнгөрсөн наймдугаар сард Улсын онцгой комисст танилцуулга мэдээллийг танилцуулсан юм. “МИАТ” ТӨХК-ийн хувьд 2015 оноос хойш батлагдсан үндсэн үнэ тарифыг дагаж мөрдөж байна. Жишээлбэл, Хонконг-Улаанбаатар чиглэлийн үнэ тарифыг 2015 оны арваннэгдүгээр сарын 23-нд батлагдсан тушаалаар 3900 хонконг доллар буюу нисэх буудлын такс хураамж нэмэгдээд 4160 хонгконг доллар ба 5000 гаруй ам.доллар болсон байгаа.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 2015 онд 656 мянган вон буюу ойролцоогоор 500 гаруй ам.доллар байгаа. Одоо энэ тарифыг мөрдөж байна.

Токио чиглэлийн тусгай үүргийн нислэг 54 мянган иен гэж байгаа. Үүн дээр такс, хураамж нэмэгдээд 59.150 иен буюу 500 гаруй ам.доллар болсон. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцны билет 725 евро буюу такс, хураамжтайгаа  нийлээд 829 еврогийн үнэ тарифтай одоо мөрдөгдөж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үнэ тарифт 2019 онд бусад авиа компани орж ирсэнтэй холбоотойгоор тушаалаа шинэчлэн баталж, одоо мөрдөгдөж буй 532 ам.доллар гэснийг иргэдийн гомдлын дагуу зургадугаар сарын 30, долдугаар сарын 29-ний өдрүүдэд шат дараатайгаар үнээ буулгасан гэдгийг тус компанийн мэргэжилтэн тайлбарласан юм.

Мөн Токио чиглэлийн нислэгийн үнэ тарифыг 2018 оны тушаалаар, Хонгконгийн нислэгийн үнийг 2015 оны тушаалаар, Москвагийн чиглэлийг 2020 оны тушаалаар, Франкфуртын чиглэлд иргэдийн гомдлын дагуу өнгөрөгч наймдугаар сард 63 еврогоор үнэ тарифыг бууруулсан бол Истанбулын чиглэлд 20-30 ам.долларыг бууруулсан. Харин Сиатл, Сидней чиглэлийн нислэгийн үнэ тарифыг тогтоохдоо зардлын тооцоо буюу бусад авиа компаниудын үнийг үндэслэж тогтоож, тодорхой хэмжээгээр бууруулсан гэлээ.

Ингээд “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн нислэгийн тарифыг танилцуулъя.

Тусгай үүргийн нислэгийн тарифыг 2019 оны тарифтай харьцуулахад

  • Сөүл-Улаанбаатар чиглэлд 2019 онд тариф 265-580 ам.доллар байсан бол 2020 онд 400 орчим ам.доллар болсон. Үүнд нисэх буудлын такс, хураамж ороогүй гэв.
  • Токио-Улаанбаатар чиглэлд 2019 онд тариф 470-812 ам.доллар байсан бол 2020 онд 505 ам.долларыг мөрдөж байгаа ажээ.

ASIANА AIRLINES” АВИА КОМПАНИЙН ХЯМД БИЛЕТ АВСАН ХҮМҮҮС ӨНДӨР ЗӨРҮҮ ТӨЛЖ БАЙГАА”

Нислэг үйлдэж буй тусгай үүргийн чиглэлүүдэд өмнөх батлагдсан тарифыг мөрдөж байгаа. Шинээр үйлдэж буй чиглэлүүдэд нислэгийн зардлаас хамаарч шинэ тариф гарган мөрдөж байна. Харин өмнө нь тийз авсан зорчигч нь тухайн нислэгт мөрдөж байгаа тарифын дүнгээс хамаарч тодорхой хэмжээний зөрүү төлж байгаа. Жишээлбэл, Сөүл, Франкфурт, Токио чиглэлд билеттэй зорчигч нар өмнө нь билетээ худалдан авсан учраас зөрүү мөнгө төлж, ирж байгаа гэлээ.

“Сөүлийн нислэг яагаад өндөр байна вэ гэхээр 2019 онд “Asianа airlines” авиа компани орж ирснээр зах зээлд маш хямд үнийг тогтоосон. Тэр хямд үнэтэй “МИАТ” ТӨХК өрсөлдөхийн тулд урамшуулалт тариф гаргасан. Тус компанийн хямд тарифаар явсан иргэд буцаж ирэхдээ өндөр зөрүү төлбөр төлж байна. Энэ асуудалд зарим иргэд гомдол гаргаж байгаа гэдгийг мэргэжилтэн тайлбарлалаа.

СӨҮЛИЙН ЧИГЛЭЛД ХАМГИЙН ОЛОН УДАА НИСЧ, СИАТЛ РУУ ӨНДӨР ЗАРДЛААР НИСЛЭГ ҮЙЛДЖЭЭ

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “МИАТ” ТӨХК-ийн цуцалсан болон цуцлаагүй нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигчдын саналаар өдөр солихдоо:

  • Шинээр нисэх нислэгийн өдөр нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх өдрүүдийн аль нэг өдрийг нислэгт шилжүүлэх
  • Тийзийн хүчинтэй хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тохируулж тийз сольж бичих, хураамжгүйгээр тийзийг сольж, шинээр бичиж байна.

“МИАТ” ТӨХК-ийн хувьд 2020 оны гурваас зургадугаар сард нийт 30 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Сөүл-Улаанбаатар чиглэлд хамгийн олон удаа буюу 11 нислэг үйлдсэн. Нэг удаагийн нислэгээр ойролцоогоор 88 мянган ам.долларын зардал гарчээ. Хамгийн өртөг өндөртэй нь Улаанбаатар-Сиатл чиглэлийн нислэг бөгөөд 344 мянган ам.долларын зардал гарсан байна.

 “Бид зардлын урьдчилсан тооцоогоо хийж, нислэгт хэдэн иргэн татан авахаа тооцоолж, нийт зорчигчийн тарифыг гаргадаг” гэдгийг мэргэжилтэн танилцуулсан юм. Тус компанийн хувьд энэ жил цар тахалтай холбоотойгоор бээлий, живх, малгай, макс, ариутгагч гэх мэт 20-30 мянган ширхэг бараа худалдан авалт хийж, нийт 754.6 сая төгрөгийн нэмэлт зардал гарсан гэв.

“ЗӨВХӨН НЭГ ТАЛДАА ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЖ БАЙГАА НЬ НИСЛЭГИЙН ЗАРДЛЫГ НЭМЖ БАЙНА”

Зөвхөн нэг талдаа зорчигч тээвэрлэж байгаа нь нэгж нислэгт ногдох тогтмол зардлыг шууд нэмэгдүүлж байна. Мөн гэрээгүй нислэг хийх зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт олон улсын нислэгийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 75 хувиар буурсан нь нэг нислэгт ногдох тогтмол зардлыг нэмэгдүүлсэн гэдгийг тус компаниас мэдээллээ.

“МИАТ” ТӨХК-ийн олон улсын нислэгийг хоёрдугаар сараас эхлэн хэсэгчлэн, гуравдугаар сараас бүрэн зогсоосон. Үүнтэй холбоотойгоор нийт орлогын 90 хувийг олон улсын нислэгээс бүрдүүлж байсан болохоор нийт орлого 49 хувиар буурсан.  Эхний хагас жилд 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж төлөвлөж байсан бол энэ тоо -16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай болсон.

Тус компани 2019 онд нэг сард 30-40 тэрбум төгрөгийн орлого олдог байсан бол энэ жил олон улсын нислэг бүрэн хаагдаж, дөрөвдүгээр сард хамгийн бага буюу найман тэрбум төгрөгийн орлого олжээ. Харин карго нислэгийн орлогоор 20.4 тэрбум төгрөг олсон гэв.Мөн 2020 онд төлөх ёстой байсан дөрвөн агаарын хөлгийн түрээсийн зардалд 6.4 сая ам.доллар буюу нийт 20 тэрбум төгрөгийн төлбөрийг 2022 оны төлбөр рүү төлсөн. Ингэснээр өнөөдрийн тусгай үүргийн онгоцны төлбөрийг хийх боломж бүрдсэн гэсэн юм.

 Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж