Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Дэлхийн зөн" олон улсын байгууллага, JCI Mongolia байгууллагаас хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийллийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлээд байна.
ЦЕГ-ын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан “Сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол Улсад хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ихсэж байна. Энэ гэмт хэрэг нь ахуйн хүрээнд хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа энэ зүйлийг бууруулах, гэр бүлийн соёл хандлага, төлөвшил эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр энэхүү нөлөөллийн аяныг зохион байгуулж байна” гэлээ.
“Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсаны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил төлөвшилд нь сөрөг нөлөө үзүүлэх хүүхэд амь нас эрүүлд мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна” хэмээн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга хэллээ.
Сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 5043 хүүхэд өртөж хохирсон тоон судалгаа гарсан байна. Үүнээс нийт гэмт хэргийн 70 хувь нь Улаанбаатар хотод, 29,9 хувь орон нутагт гарсан байна.
С.СУМЪЯАБАЗАР