НИТХ-д АН, ИЗНН, Шинэ намтай, МАХН нэгдэж оролцох талаараа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчимд өнөөдөр /2020.09.09/ мэдээлэл хийлээ.
НИТХ-ын 43 тойрогт АН-аас 33, МАХН-аас ес, ШИНЭ намаас нэг хүн нэр дэвшихээр болжээ.
Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч н.Төгөлдөр хэлэхдээ "Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 30 жил МАН-аас өөр нам, эвсэл олонх болж үзээгүй. Зөвхөн МАН 30 жил Сонгинохайрхан дүүрэгт төр барилаа. Үүний үр дүнд Сонгинохайрхан нийслэлийн дүүргүүдээс хамгийн сүүлд орж, ажилгүйдэл ядуурлаараа дээгүүрт орж байна. Э.Бат-Үүл даргын үед Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд нийслэлийн төр захиргааны байгууллагыг байгуулахаар бүх зураг төслийг нь хийчихсэн байсан. Гэтэл 2016 онд МАН олонх болсноор дээрх ажлуудыг зогсоож, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн эсрэг ажиллаж, нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармаг руу шилжүүлэхээр болсон. Хэрэв Сонгинохайрхан дүүрэгт төр захиргааны байгууллагыг барьсан бол энэ дүүргийн иргэдэд хөгжил бий болох байсан. Мөн НИТХ-ын дарга Р.Дагва хоёр хоногийн өмнө “Аз жаргалтай хот хөтөлбөр яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар гэж хэлснээр нь бид өнөөдөр Ханын материалаас мэдээллээ хийж байна.
МАХН-ЫН ГИШҮҮН З.БАЯНСЭЛЭНГЭ:
-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд намууд нэгдэн орж улс төрийн шинэ соёл бий болгож байгаагаа албан ёсоор зарлаж байна. МАН сүүлийн 30 жил Сонгинохайрхан дүүргийг засаглаж, тэдэнд хангалттай ажил хийх боломжийг олгосон. 330 мянган хүн амьдарч буй энэ том дүүрэгт МАН засаглахад ажилгүйдэл, ядуудал, цэцэрлэг сургуулийн хүртээмжгүй асуудал энэ бүхэн өөрчлөгдөөгүй. Эсрэгээрээ нүдэн дээр улам дордлоо. 30 жил засагласан МАН Сонгинохайрханчуудын амьдралыг яагаад өөд нь татаагүйг нь асуух ёстой. АН, МАХН, Шинэ намын шижигнэсэн 43 залуучуудыг нэр дэвшүүлэхээр боллоо. Энэ залуус хувийн эрх ашгаа хойш нь тавьж, Сонгинохайрханчуудын төлөө чин шударгаар зүтгэж чадна гэдэгт нь бид итгэж, нэр дэвшүүллээ.
МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯР:
-МАН-ын дарангуйлал, авилга, ажилгүйдэл мөн ядуурлын эсрэг Монголчуудын бүгд эвсэх хэрэгтэй байна. МАН-ын хийж чадахгүй байгаа алдааг нь засахын төлөө эвсэх ёстой. МАН-ын дарга ард түмнийхээ амьдралаас дэндүү тасарчихсан байна. Дэргэдээ байгаа дарга нарыг магтахаас өөрийг хэлэхээ больжээ. Бодит байдалд ажилгүйдэл хэтэрлээ гэж хэлэхэд сонсохгүй байна. Тийм учраас бид орон нутгийн сонгуульд АН, ИЗНН, Шинэ намтай нэгдэж МАН-ын дарангуйллыг таслан зогсооно. Ард түмэн дэмжвэл манай залуучууд дуу хоолой нь болж чадна. Хүнд хэцүү амьдралаасаа салах өдөр аравдугаар сарын 15-ны өдөр гэлээ.
МАХН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ТУЛГА:
-Намын журмын нөхөд болон Сонгинохайрханчуудын хүсэлтийг хүндэтгэн миний бие Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ. Хэрэгжүүлэх гол ажил бол өнгөрсөн 30 жилийн туршид Сонгинохайрханчуудыг мартсан явдлыг таслан зогсооно. Дарга нар эсвэл мөнгөтэй хүмүүсийн цонхоор аз жаргалтай нийслэлийн гудамж харагдаж байгаа бол иргэд өөрсдийнхөө сонголтыг хийх өдөр тун удахгүй болно. Улс төрд цоо шинэ цэвэр агаар оруулах, Сонгинохайрхан дүүрэгт бугшсан мафийн сүлжээ буюу МАН-ын сүлжээг өөрчлөх цаг нь болсон.
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ
Сонгинохайрхан дүүрэг
Б.Тулга – хэрэглээний математикч, улс төр судлаач
С.Орхонбаяр – инженер, эдийн засагч
Э.Батшугар – эдийн засагч, санхүүч
Г.Батбаяр – эдийн засагч, санхүүч
Чингэлтэй дүүрэг
Л.Байгал – гадаад албаны ажилтан, олон улсын эрх зүйч
Хан-Уул дүүрэг
Б.Амартүвшин – аэрогеодизийн инженер
Ч.Өлзийдэлгэр – сувилагч
Налайх дүүрэг
В.Мөнхцэцэг – бизнесийн удирдлага