Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам өчигдөр/02.02/ Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдсэн юм. Ингээд сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдсэнээс яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ наадмын эзнээр тодорлоо. Наадмын удаах байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар III-V байрыг эзлэв.
”Болор цом” наадам сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт болдог уламжлал тогтоод байсан бол энэ жилийнх нийслэл Улаанбаатар хотод боллоо. Тухайлбал, Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна. Эдгээр нэрт яруу найрагчдын ой тохиосон “Болор цом” наадамд ахмад яруу найрагчдаас Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч Тангадын Галсан нар оролцож, мялаалгын шүлгээ уншлаа. Мөн “Болор цом”-ын эзэд энэ үдэш наадмын тайзнаа шүлгээ уншиж, уншигч сонсогч түмэнтэйгээ уулзсан юм.
"Болор цом-2016" наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, шүүгчээр Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Г.Мөнхцэцэг, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор цом"-ын эзэн Б.Галсансүх, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц нар ажиллалаа.
“Болор цом-2016” наадмын эзэн, яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатарын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.
“СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт
Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь
Хүүхэнд тачъяахаас шал ондоон гэдгийг
Аль эрт мэдчихсэн болохоор
Алив бүхнээс толгой өндөр явмаар санагдаад
Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрын олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг
Андтай болов
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг
Нөхөдтэй болов
Буруу бүхнийг онох зангидсан гар шиг шударга зоригтой байгаад
Хулчигар болов
Буцаад дэлгэгдэхдээ бурхны алга шиг лянхуалддаг энхрий сэтгэлтэн байгаад
Хуурамч болов Хэрэггүй ховын салхинд хийсэн алдан дэнжигнэх
Хэврэг “үнэн”-ий самбар болов
Хурдан цохилдог “СУУРИН ИРГЭНШЛИЙН ЦАГ”-т хөөлгүүлсэн
Худлаа олон “соёлын” боол болов …Ашгүй минь …
Аянгат сум тэнгэр нумнаас алдуурч өнөөх цагийг бут ниргээд
Алхам тутамд жижгэрсээр байгаа хүн чанар шиг минь хэлтэрхийг нь
Аварга том байшингийн доторх жижигхэн өрөөнд минь өлгөхдөө
Алга болж байгаа төрөл зүйл бол хүн шиг хүн гэдгийг
Чаг чаг …. хийн дуугарах болгондоо сануулж
Чангаас чанга хэлж бай гэж зарлигдсаныг нь
Сэтгэлийн тухай яриагаа хэтэвчнийх нь болгосон хөөрхий
Сэрүүлэг хэмээн эндүүрэн сэрж ядан байхдаа
Түмэн газрын цагаан хэрмийг зад татсан
Түрэмгий өвгөдийнхөө уухайнаас
“Шавар байшиндаа шавааралдан” амьдрах
Шалихгүй олон хүмүүсийн тухай сонсоод
Хөдөө аглагт ургасан суу билгийнхээ жигүүрийг даль болсныг
Хөх л уул нь өвлүүлсэн хүн чанараа өчүүхэн болсныг зүүдэлхүйд
Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт
Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн зулайдах
Таана халхалсан талдаа таавараа амьдрахаар
Тагнай ташсан айргаа таашааж залгилахаар
“СУУРИН ИРГЭНШЛИЙН” -аас алдуурч
Суварга суварга уулруугаа маргааш би мордоно
Ч.БОЛОР