Залуу уран бүтээлч Б.Сэргэлэнтэй ярилцлаа.
-Монгол бичгийн түгээмэл хэрэглээг дэлгэрүүлэхийн тулд хүчин зүтгэж буй танай ARTO CREW-ийнханд талархал илэрхийлье. Та нар бүтээлээрээ ямар утга санааг илэрхийлэх гэсэн бэ гэдгээс яриагаа эхлэх үү. Мэдээж их зохиолч Б.Ринчен гуайг онцолсон нь учиртай л байх?
–Баярлалаа. News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Бид энэхүү бүтээлээ урлаж эхлээд хоёр долоо хонож байна. Одоогоор бүтээлийн гүйцэтгэл 75 хувьтай явж байна. Юуны өмнө ханан дээрх зургийг чанартай гүйцэтгэж буй Арто багийн Тогтуундаа талархаж байна. Б.Ринчен гуай өөрөө түүхэн шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч төдийгүй монголын ганц урдаа барьдаг манлай монголч эрдэмтэн байсан. Монгол хэлний хөгжилд түлхүү нөлөөлсөн эрдэмтэн учраас бид ханан дээр түүний хөргийг зурсан.
Мөн хажууд нь аугаа их багшийн өөрийнх нь бичсэн “Өнгөт ертөнцөд сайхан газар олон бий, Өлгий нутгаас минь сайхан газар үгүй, Эрдэм сурахад хэл бүхэн сайхан бий, Эх хэлийг минь гүйцэх сайхан хэл гэж үгүй” гэх дөрвөн мөрт шүлгийг бичсэн.
Ингэхдээ би өөрийн бүтээсэн монгол бичгийн тигээр бичсэн. Монгол хэлний дархлаа болсон монгол бичгээ эргэн сэргээхэд хөгшин, залуу гэлтгүй бүх хүний оролцоо чухал болохыг нийгэмд ойлгуулах нь бидний зорилго юм. Бүх нийтээрээ хос бичигтэн болох нь ганцхан агшинд бүтчихдэг мөрөөдөл биш гэдгийг мэдэж байгаа ч бид хичээсээр л байх болно.
-Зарим хүмүүсийн зүгээс ханан дээрх бичгийг ямар хэлээр бичсэн нь ойлгомжгүй байна гэх шүүмжлэл дагуулсан. Бодитоор ирээд харахад уран бичлэгийг орчин үеийн графиттай хослуулсан юм болов уу гэж бодогдож байна. Миний зөв үү?
-Тийм ээ. Би залуу уран бүтээлч. Тийм ч учраас шинэлэг монгол бичгийн тигийг бүтээхийг эрмэлзэж байна. Тэгж байж тухайн тиг өөрийн онцлог хэв маягаараа үүргээ гүйцэтгэдэг. Цаашид Арто багийн хамт олны үндсэн уран бүтээлч гишүүн болгоны шинэлэг санааг ажил болгон хэрэгжүүлж нийтэд урлагийг зөвөөр таниулахаар зорьж байна. Миний хувьд цаашид монгол бичгийн түгээмэл хэрэглээг нийтэд дэлгэрүүлэхээр "Элхэ" нэрийн дор залуусын нэгдэл цахим хуудаснаа залууст эерэгээр нөлөөлж, монгол бичгийн ач холбогдлыг таниулахаар зорин ажиллах болно.
ХҮМҮҮС МОНГОЛ БИЧГИЙГ ХАРИЙН ХЭЛ ШИГ, ХЭЦҮҮ МЭТЭЭР БОДДОГ
– Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчлөөд Б.Сэргэлэн гэх хувь хүний талаар ярилцъя. Таны хувьд үсгийн урлагийг хэрхэн заалгаж байсан тухайгаа яриач?
-Би уран бичлэгийг анхандаа бие дааж сурсан учраас тийм ч хялбар байгаагүй. Монгол бичгийг суралцах хугацаанд миний ашигладаг байсан хамгийн чухал ном нь Монгол бичгийн тайлбар толь бичиг байдаг байсан. Улмаар наймдугаар ангидаа лам багш н.Балжиннямтай танилцаад зуны гурван сарын хугацаанд өдөр бүр Төв Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуульд заалгаж сурсан. Ингээд Монгол бичгийг боломжийн төвшинд эзэмшсэн гэж боддог.
Харин сурсан зүйлээ өөртөө авч үлдэх тухайд би илүү онцгой анхаарч чадсаны дүнд Монгол бичгийн олимпиад, уралдаан тэмцээнийг алгасалгүй оролцож, түүнээсээ урам авдаг байлаа. “Монголын сайхан бичигтэн” 2017 оны улсын уралдаанд гутгаар байр эзэлсэн маань надад хамгийн том урмыг өгсөн.
-Анзаараад байхад өөрийн цахим хуудсаа хүртэл монгол бичгээр хөтөлдөг юм байна лээ. Ийм залуу үеийн төлөөллийг харахад бахархах сэтгэл төрж байлаа.
-Баярлалаа. Монгол бичгийн хэрэглээг дэмждэг хүмүүс тун цөөхөн шүү дээ. Одоо энэ цаг үед л цахим орчинд монгол бичгийн хэрэглээг дэмжихгүй бол ирээдүйд бидний бичиг үсэг аль хэдийн сэхэхээс хожимдох вий гэхээс хамгийн их айдаг. Монгол бичгийн хувьд, дунд сургуульд долоо хоногт нэг л удаа орж байгаа. Тиймээс сургуульд монгол бичиг сураад гарах боломж бараг л байхгүй гэсэн үг. Үүнээс гадна багш нарын хувьд монгол бичиг заах аргаар тааруу. Уг нь зөв заасан тохиолдолд монгол бичгийг маш хурдан сурах боломжтой. Хүмүүс монгол бичгийг харийн хэл шиг, хэцүү мэтээр боддог. Гэтэл яг үнэндээ бол монгол үндэстний хэл бичиг нь монгол бичиг шүү дээ.
-Би өөрөөс чинь таны каллиграфаар хамгийн их бичих дуртай үг ямар үг вэ гэж асуухаар бэлдэж байсан юм. Гэтэл таны ярианаас анзаараад байхад монгол гэсэн зургаан үсэгнээс бүтсэн энэ үг юм байна гэж бодлоо. Зөв үү?
-Тийм ээ. Гэхдээ олон сайхан үгс бас бий. Би бийрийн бичлэгээр “үүрд” ,“өлзий” ,“жаргалан” , “нүүдэлчин” гэх зэрэг үгсийг бичих дуртай. Утгын хувьд ч бүгд сайхан үгс. Эдгээр үгсийн махбодыг яаж ч уран сэтгэмжээр сайхан зохиомжилж болдог төдийгүй уран бичлэгээр үзэмжийн хувьд их сайхан харагддаг.
БҮХ НИЙТЭЭРЭЭ МОНГОЛ БИЧИГТ ШИЛЖИХИЙГ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
-Улс орон бүр өөр өөрийн гэсэн уран бичлэгтэй. Дорно дахины улс орнуудад уран бичлэг нь бийр, бэх, цаас ашиглан утга агуулга, үсгийн хэмнэлээр урлагийн бүтээл туурвидаг. Харин тэднээс монгол уран бичлэгийн ялгарах онцлог нь юу вэ?
-Уран бичлэг буюу бийрийн бичлэгийн урлаг нь Монголд үүсээд ойролцоогоор 30 жил болж байна. Монгол уран бичлэг хөгжихдөө дахин давтагдашгүй, бичиг үсгийн махбод гоо зүйн үүднээс үнэхээр сайхан болж хөгжсөн гэж боддог. Харин монгол уран бичлэгийн ялгарах онцлог нь дээрээс доош бичдэгээрээ бусад орны бичгээс ялгаатай. Үндэсний бичгээ дагаад монгол бичгийн олон төрөл зүйл хөгжиж ирсэн. Үүнд эвхмэл, бийрэн, үзгэн бичлэг зэрэг уламжлалт бичлэг хөгжсөн. Энэ уран бичлэг нь нэг талаасаа бичиг боловч нөгөө талаасаа дүрслэх урлагийн зохиомж, гэрэл сүүдэр, яруу найргийн мэдрэмж юм. Уран бичлэгт үг сонголт их чухал байдаг. Үг гэдэг маань өөрөө хүч гэсэн үг л дээ.
-Ер нь бидний болон өвөрмонголчуудын хэрэглэж байгаа монгол бичигт ялгаа байна уу?
-Огтхон ч ялгаа байхгүй. Монгол бичгээр Өвөрмонгол найзуудтайгаа чатлахад асуудал үүсдэггүй. Гэхдээ хаана бичиг үсгийг хэрэглэж байна, тэнд л тухайн бичиг үсэг илүү хөгжиж байдаг. Монголчуудын хувьд монгол бичгээ орхигдуулсан нь тун харамсалтай. Гэхдээ миний бодлоор бүх нийтээрээ монгол бичигт шилжихийг боломжгүй зүйл гэж бодохгүй байна.
-Эх хэл, үндэсний соёл бол чухал. Гэхдээ одоо крилл үсгийг халах, солих ямар ч боломжгүй. Үндэсний хэл бичиг болчихлоо шүү дээ?
-Мэдээж, хэрэг бид аль хэдийн сурч дадсан оросжин үсэг /кирилл/ байхад монгол бичгийг эргүүлэн сэргээхэд ямар ач холбогдолтой вэ гэж хүн бүхэнд санагдана. Хэл нь өгүүлэгч болон сонсогчийн хооронд өрнөдөг бол бичиг нь цаг хугацаа, орон зай болон тодорхой шаардлагын үндсэн дээр үүрэгээ гүйцэтгэдэг. Аливаа үсэг бичиг нь соёл иргэншил оршин тогтож буйг баталдаг учир бичиг нь утга соёлын хамгийн үнэт зүйл мөн. Тухайн хэлний тогтолцоо тухайн бичиг үсгийн тогтолцоог онцлогийг тодорхойлдог. Тиймээс тухайн хэлэнд тохирсон бичиг үсгийг хэрэглэснээр тэр хэл хөгжих болохоос тохироогүй бичиг үсэг авч хэрэглэснээр тухайн үндэстнийг мөхөөдөг. Үүний адилаар бидний хэрэглэж байгаа латин болон оросжин үсэг нь монгол хэлэнд хүртэл нөлөөллөөд зогсохгүй монгол хэлэнд тохироогүй бичгийн дүрмийн гажилттай оросжин үсгээр ч хүртэл бид буруу зөрүү бичиж байна. Тиймээс бид монгол хэлээ аваръя гэхээс илүүтэйгээр монгол бичгийн түгээмэл хэрэглээг нэн даруй түгээж, дэлгэрүүлж, бусдад зааж сургах зэрэг бодитой арга хэмжээг авах хэрэгтэй.
Б.Сэргэлэн: Монгол хэлний дархлаа болсон монгол бичгээ эргэн сэргээнэhttps://news.mn/r/2346285/
Posted by News.mn on Tuesday, September 8, 2020
Э.БУРАМ
Холбоотой мэдээ