Навальныйн хэрэг "Умардын урсгал-2" төслийг зогсоох уу?

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Навальныйн хэрэг "Умардын урсгал-2" төслийг зогсоох уу?

Навальныйн хэрэг "Умардын урсгал-2" төслийг зогсоох уу?

Оросын сөрөг хүчний улс төрч, Ерөнхийлөгч Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйн бие наймдугаар сарын 20-ны өдөр Сибириэс Москва руу буцах замд гэнэт муудаж, "ком"-д орсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг удалгүй Герман руу шилжүүлэн, тус улсын “Charite” эмнэлэгт эмчилж байгаа юм.

Тэрбээр ухаан орж, хүмүүстэй харилцаж эхэлсэн тухай түүнийг эмчилж байгаа эмнэлгээс мягмар гаригт (2020.09.08)  мэдэгджээ. Ийнхүү биеийн байдал нь дээрдэж эхэлсэн тул амьсгалын аппаратыг нь салгасан талаар мэдээлсэн. Германы эмч мэргэжилтнүүд түүнийг Зөвлөлтийн үед бүтээсэн “Новичок”гэх мэдрэл саажуулах химийн бодисоор хордуулсныг тогтоосноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд ОХУ-аас үнэнийг шаардаж байгаа юм. ОХУ-аас уг мэдээлэл ямар ч баримт нотолгоогүйг мэдэгдээд, шинжилгээний дэлгэрэнгүй хариуг Оросын талд өгөхийг шаардсан билээ. Мөн ОХУ-ын эмч нар эхэндээ Навальныйг чихрийн шижингээс болоод "ком"-д орсон гэж дүгнэж байсан юм. Навальный наймдугаар сарын 20-ны өдөр өглөө нэг аяга цайнаас өөр юу ч идэж уугаагүй байсан нь анхаарал татаж буй юм.

Навальныйг хордуулсан гэх энэ хэрэгтэй холбогдуулан Оросоос Европт байгалийн хий нийлүүлэх “Умардын урсгал-2” хоолойн төсөлд хориг тавих шахалтыг барууны орнууд Германд үзүүлж эхэлсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Нийт 11 тэрбум ам.долларын өртгөөр босч буй уг төсөл нь 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.

“Умардын урсгал-1” хийн хоолойтой зэрэгцүүлэн барьж буй уг хоолой ирэх оноос эхлэн Оросоос Германд нийлүүлдэг байгалийн хийн хэмжээг хоёр дахин өсгөх зорилготой. Харин Навальныйн асуудалтай холбоотой хориг тавигдвал ОХУ-ын эрчим хүчний экспортод том цохилт болох юм. Энэхүү төслийг 2011 онд эхлүүлсэн ч өнөөг хүртэл асуудал дагуулсаар байгаа билээ. Харин энэ удаагийн асуудал бараг дуусахын даваан дээр ирээд буй төслийг гацааж магадгүй нөхцөл байдалд хүргээд байна.

Германы канцлер Ангела Меркелийн залгамж халааны төлөө өрсөлдөж буй хэд хэдэн улстөрч Навальныйг хордуулсан асуудалд ОХУ даруй хариу арга хэмжээ авч, мөрдөн байцаалтыг эхлүүлж, үнэн мөнийг дэлхий нийтэд дэлгэхгүй бол хийн хоолойн төслийг зогсоох нь зүйтэй гэж мэдэгдээд байгаа.

Түүнчлэн Германы канцлер асан Герхард Шредер Оросын төрийн өмчит “Газпром” болон “Роснефть ойл” компаниудад өндөр албан тушаал хашдаг бөгөөд түүнийг мөн албан тушаалаа өгөх нь зүйтэй гэж Германы улстөрчид үзэж байна.

Дээрх үйл явдал нь “Умардын урсгал-2” хийн хоолойг барихыг олон жилийн турш эсэргүүцэж буй АНУ-ын засаг захиргаанд маш сайхан далим болж байгаа юм. АНУ-ын зүгээс “Умардын урсгал-2” хоолой нь Европыг Оросын хийнээс улам их хамааралтай болгож, Кремлийн нөлөө болон орлогыг нэмэгдүүлнэ” гэж болгоомжилж, уг төслийг зогсоохын тулд бүхий л аргыг хэрэглэж ирсэн. АНУ нь энэхүү төслийг зогсоохын тулд төслийг дэмжсэн, хөрөнгө оруулсан албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах,  төслийг зогсоохгүй бол Герман дахь батлан хамгаалахын зардлаа нэмнэ гэх зэргээр сүрдүүлсээр ирсэн.

Гэвч “Умардын урсгал-2” төслийг Герман улс шууд зогсоох нь тус улсын хувьд хохиролтой. Тус улсын Гадаад хэргийн сайд Хейко Маас төслийг цуцлахыг уриалж буй хүмүүст дараа нь гарах үр дагаврыг нь тооцоолохыг анхааруулж байгаа юм.

Учир нь энэхүү төсөлд Европын 12 орны 100 гаруй компани оролцож байгаагийн тэн хагас нь Герман улсын компаниуд байгаа ба Газпромоос гадна дамжуулах хоолойн гол түншээр Германы “Uniper and Wintershall”, Австрийн “OMV”, Францын “Engie”, Англи-Голландын “Royal Dutch Shell” зэрэг томоохон группууд оролцож байгаа. Германы “Uniper and Wintershall” л гэхэд энэ төсөлд 950 сая еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Дээрх компаниуд төслийн нийт зардлын 50 хувийг гарган оролцож байгаа учир хэрэв төсөл дуусах шатан дээрээ гацвал Европын маш олон том компаниуд хохирол амсах юм. Мөн “Умардын урсгал-2” төсөл хэрэгжсэнээр Герман улс эрчим хүчний зардлаа 12 тэрбум ам.доллараар хэмнэх ёстой.

ОХУ нь дэлхийн байгалийн хийн нөөцийн 20 хувь, үйлдвэрлэлийн 17.3 хувийг эзэмшдэг, дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч орон билээ. Европын хоолойгоор импортлож буй байгалийн хийн тавны нэгийг ОХУ нийлүүлж ирсэн ба тус улсын экспортын орлогын 63 хувь, холбооны төсвийн орлогын тал нь газрын тос, байгалийн хийнээс бүтдэг. 2014 онд Крымийн хойгийн асуудлаас болж АНУ тэргүүтэй барууны орнуудын хориг Орос улсыг экспортын энэ том зах зээлээ бууруулах эрсдэлд оруулаад байгаа. Украинаар 1240 км урт хоолойгоор, жилд 142 тэрбум шоо метр хий дамжуулж ирсэн ч, улс төрийн эрсдэл нь улам бүр өссөөр байгаа юм. Энэхүү эрсдлийг нөхөхөөр Балтын тэнгисийн гүнээр Герман, Европын бусад оронд хүрэх, жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах “Умардын урсгал-2” хийн хоолойг барьж байгаа боловч Навальныйн хэргээс болж дахин саад учраад байна.

Эх сурвалж: FT, WSJ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж