Узбекийн фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Узбекийн фото зургийн үзэсгэлэн нээгдлээ

Уран зургийн галерейд өчигдөр “Узбекийн фото зургийн 125 жилд” үзэсгэлэн нээгдлээ. Узбек улс нь үндэсний соёл урлагийн өв уламжлалаа хадгалахын зэрэгцээ гэрэл зургийн төрлийг эртнээс хөгжүүлэн ард түмнийхээ туулж ирсэн түүхэн замнал соёл зан заншилаа, орон нутгийн байгалийн үзэмж орчин үеийн хөгжил цэцэглэлтийг фото зургаар харуулсаар иржээ. Тус үзэсгэлэнд тавигдсан фото зургууд нь Узбекийн фото зургийн үндсэн шинж чанарыг яруу тодоор илэрхийлэн, цаг хугацааны нилээд хэдэн үе шатаар дүрслэн харуулжээ. Узбекстан улс тусгаар тогтнолоо олж авсанаар тус орны фото зургийн хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм. 2002 онд Ташкентын фото зургийн ордонг байгуулж, өөрийн хүрээнд мэргэжлийн болон сонирхогчдын фото зурагчдыг нэгтгэж авснаар орчин үеийн фото зургийн чиглэл үүсч хөгжихөд чухал алхам болжээ. Тус ордонд хэд хэдэн фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан ба нэр хүнд бүхий фото зургийн тэмцээнүүд олон тооны нэг сэдэвтэй, хувь хүмүүсийн үзэсгэлэн Узбекистанд болон гадаад улсуудад зохиогддог ажээ. Мөн түүнд Ташкентын фото зургийн ордонгийн дэргэд фото зургийн сургуулийг нээснээр залуу мастеруудын бэлтгэн гаргах болжээ. Орчин үеийн тусгаар тогтносон Узбекстан улсын фото зурагчидын шилдэг зургууд нь энэхүү үзэсгэлэнд тавигдсан байна. Узбек фото зураг бол үндэснийхээ соёл урлагийн хамгийн шилдэг уламжлалыг үргэлжлүүлэн хадгалж, түүхэн хувьсал өөрчлөлтийн цаг үеүүдийг даван туулж чадсан урлаг юм. Түүний хөгжил нь Узбекийн нийгмийн хөгжлийн явцтай салшгүй холбоотой ажээ. Энэхүү үзэсгэлэн наймдугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж