Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2 дугаар сарын 1-нд болов. Энэхүү хуралдаанаар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад шаардлагатай дараах арга хэмжээг авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.

Газрын тосны боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг үүрэг болголоо.

Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байгуулахаар сонгосон байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлээс үзэхэд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Бүтээн байгуулалт 4 жил үргэлжилнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор 2021 оноос газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ буурч гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэх, ажлын байр олноор бий болох, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж