"Эцэг эхчүүд заавал хүүхэд харах үйлчилгээг сонго гэсэн үг биш"

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

"Эцэг эхчүүд заавал хүүхэд харах үйлчилгээг сонго гэсэн үг биш"

"Эцэг эхчүүд заавал хүүхэд харах үйлчилгээг сонго гэсэн үг биш"

Улсын хэмжээнд жил бүр цэцэрлэгт хамрагдах насны 250-300 мянган хүүхэд байдаг ч тэдний 80 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Эдгээр хүүхдүүдэд хүрч ажиллах хувилбаруудыг төр шуурхай шийдвэрлэж ажилласны нэг нь 2016 оноос хэрэгжиж ирсэн Хүүхэд харах үйлчилгээ юм. Хүүхдүүдийг цоожтой хаалганы цаана үлдэхээс сэргийлж, дагаад олон зуун ажлын байр бий болгож ирсэн хүүхэд харах үйлчилгээнд төрөөс жил бүр 5.8 тэрбумын төгрөгийн санхүүжилтийг олгодог байв.

Сүүлийн гурван жилийн хугацаанд 400 гаруй хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 17000 хүүхдийг сурч хөгжих орчноор хангажээ. Гэсэн ч хүүхэд харах үйлчилгээний орчин нөхцөл шаардлага хангадаггүй, мэргэжлийн багш нар бэлтгэгддэггүй зэрэг олон дутагдалтай тал ч бий.

Ийм шүүмжлэл иргэдийн дунд тасардаггүй учраас эцэг эхчүүд хүүхдээ аль болох цэцэрлэгт элсүүлэх сонирхолтой байдаг. Энэ хэрээр цэцэрлэгийн эрэлтийг дагасан хүртээмжгүй байдал одоо ч бий. Харин энэ жилээс хоёр настнуудыг цэцэрлэгт элсэх боломжийг хязгаарлаж, төрөөс хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломжгүй эцэг эхчүүдэд хүүхэд харах үйлчилгээг "санал болгож" байгаа юм.

Энэ утгаараа УИХ-аас энэ оны төсвийн тодотголд хүүхэд харах үйлчилгээнд 2 тэрбумыг баталсан нь иргэдийн дургүйцлыг хүргээд байна. Энэ мөнгийг нэг хүүхдэд хичээлийн жилд зарцуулах хувьсах зардал болон хоолны зардалд тооцож зарцуулах аж. Харин хүртээмжийг нэмэгдүүлэх талаарх тодорхой төлөвлөгөө байхгүй бололтой.

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны мэдээлснээр хүүхэд харах үйлчилгээнд төсөвлөж буй 2 тэрбум нь хүүхэд харах үйлчилгээнд олгож буй нэг хүүхдийн хувьсах зардал, хоолны мөнгөнд зарцуулах гэнэ. Энэ утгаараа Хүүхэд харах үйлчилгээний төвүүд эцэг эхчүүдээс 90 мянган төгрөгөөс илүү төлбөр авахгүй байх ёстой. Тиймдээ ч төлбөрийн нөхцөл эцэг эх, хүүхэд асрагчийн хоорондын гэрээгээр зохицуулагдах тул төлбөрийн хувьд тогтсон үнэ ханш байхгүй аж. Тэгвэл нэг хүүхдийн хувьсах зардал 11.300 төгрөг бол жилд 807 мянган төгрөгийг тооцож хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд олгодог байна.

                    ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙГАА Ч ЭЦЭГ ЭХЧҮҮД Ч БАС ТӨЛБӨР ТӨЛНӨ

Хүүхэд харах үйлчилгээг тойрсон асуудлаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмартай ярилцлаа

-УИХ төсвийн тодотголд хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмэлтээр хоёр тэрбумыг төсөвлөхөөр болсон. Энэ хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?

-Боловсрол, шинжлэх ухааны яам 2018 оноос Хүүхэд харах үйлчилгээний зохион байгуулалт, зохицуулалтын ажлыг хариуцаж байна. Энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг есдүгээр сарын 15-н хүртэл сунгасан ч хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ оны төсвийн тодотголд УИХ-аас холбогдох санхүүжилтийг баталсан. Энэ хүрээнд салбарын яамнаас хүүхэд харах үйлчилгээний бэлтгэлийг хангах, аргазүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг сайдын тушаалаар байгуулаад ажиллаж байна.  Ажлын хэсэгт Монголын хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон энэ чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагууд багтсан. Ажлын хэсгээс хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журмыг боловсруулж батлахад бэлэн болсон. Үүний зэрэгцээ орон нутаг, нийслэлд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан байгууллагуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг авч хүүхэд харах үйлчилгээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

-Төсөвт нэмэгдсэн учраас хүүхэд харах үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах уу?

-Хүүхэд харах үйлчилгээнд 2020 оны есдүгээр сард эхлүүлэх төсөв байгаагүй. Харин УИХ-аас энэ оны төсвийн тодотголоор  Хүүхэд харах үйлчилгээнд хоёр тэрбум төгрөг зарцуулахаар болж байна. Энэ санхүүжилт хүүхдийн хувьсах зардал болон хоолны мөнгөнд зарцуулагдана. Хүүхэд харах үйлчилгээнд хоёр настнуудыг хамруулна гэдэг утгаараа хамрагдах хүүхдийн тооноос илүүтэй чанарт анхаарч байна.

Өөрөөр хэлбэл, хоёр настнууд халдварт өвчинд өртөмтгий, дархлаа, эрүүл мэндийн хувьд эмзэг нас учраас хүүхэд харах үйлчилгээ эрхлэх төвүүд шаардлага хангаж байна уу, хүүхэд харах үйлчилгээг явуулах хүмүүс бэлтгэлээ хэрхэн хангаж байна гэдэгт анхаарч байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баримталж буй нэн тэргүүний зарчим бол хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал юм. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэх төвүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулна. Хүүхэд харах үйлчилгээний төвүүд халдвар хамгааллын дэглэм сахиж, ариутгал хийлгэсэн байхаас гадна орон нутгийн боловсролын газрууд хүүхэд харагч нарыг сургалтад хамруулж, зөвлөгөө өгнө. Өнгөрсөн жилүүдэд хүүхэд харах үйлчилгээ зорилтот бүлэг рүү чиглэж байсан. Тухайлбал, нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 2-3 настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хилчдийн хүүхдүүдийг хамруулж байсан. Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тууштай хөрөнгө оруулалт хийж байгааг эцэг эхчүүд мэдэх байх. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд төрийн өмчийн цэцэрлэгийн тоо нэмэгдэж байна.

-Хүүхэд харах үйлчилгээ  эрхэлж буй иргэн болон хүүхэд харагч нарт тавигдах шаардлага бий юу. Ямар шаардлага хангасан хүн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой вэ. Мөн ямар стандартыг баримтлах вэ?

-Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах стандарт шаардлагууд байдаг. Иргэд тусдаа байранд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулна. Бүрэн дунд боловсролтой, 18-60 хүртэл насны иргэд хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хуулийн зохицуулалттай. Өнгөрсөн жилүүдэд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг сургалтад хамруулж хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон.  Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгохдоо орчин нөхцөл, хоол хүнсний аюулгүй байдал зэрэгт шаардлага тавьдаг. Харин хүүхэд харах үйлчилгээг сонгож буй эцэг эхчүүд тухайн орчин нөхцөл, хоол хүнсний эрүүл аюулгүй байдал, хүүхэд харагч нарын харилцаа, ур чадвар зэргийг сайн судалж, сонголтоо хийх, үйлчилгээний чанарт хяналт тавих үүрэгтэй.

Товчхондоо, эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээний орчин нөхцөл, аюулгүй байдалд хяналт тавьж, сонголтоо зөв хийх хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж ажиллах ч өдөр бүр хүүхэд харах төвүүдэд очих боломжгүй учраас эцэг эхийн үүрэг хариуцлага,  оролцоо илүү чухал юм.

 Хүүхэд харах үйлчилгээ бол эцэг эх, хүүхэд харагч хоорондын итгэлцэл, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж, зохион байгуулагдах үйл ажиллагаа. Нөгөө талаас хүүхдийг ээжээс илүү асран хамгаалах хүн байхгүй учраас ээжүүд сонголтоо хийхдээ хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодож, сонголт хийхэд анхаарах хэрэгтэй.

-Хоёр настнуудыг цэцэрлэгт элсүүлэхгүй болсон тул эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ хамруулах болж байна. Хэр зөв шийдвэр вэ?

-Хоёр настнууд халдварт өвчинд өртөмтгий байдаг. Цэцэрлэгийн нэг бүлэгт хамрагдах хүүхдийн тоо олон байх тусам бие биеэсээ халдвар авч өвдөх эрсдэл нь их. Нэг бүлэг хамгийн багадаа 25 хүүхэдтэй. Өнгөрсөн нэгдүгээр сард ханиад, томуу, томуу төст өвчний тархалтын оргил үед зарим цэцэрлэгт хоёр настнуудын бүлэг хоосорч байсан шүү дээ. Ханиаданд хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүмүүс ч бас дарлуулж нэг сар хэвтэн эмчлүүлж байж эдгэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ жилийн хувьд томуу томуу төст өвчин, ханиад томуу өнгөрсөн жилийнхтэй мөн адил хүнд байх магадлалтай болохыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа.

Хамгийн сүүлийн мэдээллээр ханиад, томуу томуу төст өвчнөөр өвдсөн хүмүүсийн 67.5 хувь нь 0-4 хүртэлх насны хүүхдүүд байна гэж ЭМЯ, ХӨСҮТ мэдээлж байна. Иймд  эрсдэлээ тооцсон ч хүүхэд харах нэг төвд 15-аас илүү хүүхэд хамруулахгүй. Нэг хүүхэд харагчид таван хүүхэд л ногдоно. Энэ нь цэцэрлэгийн нэг бүлэгтэй харьцуулахад бага үзүүлэлт юм.

Гэхдээ эцэг эхчүүд заавал хүүхэд харах үйлчилгээг сонго гэсэн үг биш шүү дээ. Хүүхдийн эрүүл мэнд чухал. Тиймээс цар тахал хаалга тогшиход бэлэн байгаа энэ үед эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд цэцэрлэгт хоёр настнуудыг элсүүлэхгүй, аль болох эцэг эхийн асрамжид үлдээхийг л зөвлөж байна. УИХ аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд  Боловсрол, шинжлэх ухааны яам бэлтгэл ажлыг хангаж байна.

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх төв, хүүхэд харагч хангалттай бэлтгэгдсэн үү ?

-Энэ жил шинээр хүүхэд харах төв нээхгүй, хүүхэд харагчийг шинээр бэлтгэхгүй. Өмнөх жилүүдэд бэлтгэсэн төвүүддээ 2 настай хүүхдүүдээ авна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх төвүүдийн орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд хамгаалагдах нөхцөл бүрдсэн эсэхийг тогтоож ажиллана. Боловсрол соёл шинжлэх ухааны яам Улсын онцгой комиссын  шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Хүүхэд харах үйлчилгээг хэзээнээс эцэслэх вэ. Энэ талаар төлөвлөгөөг баталсан уу?

-Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс УОК-ын шийдвэрээр цэцэрлэг, хүүхэд харах төвийн үйл ажиллагааг зогсоож байсан. Одоо ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байна. Цаашид УОК мэргэжлийн байгууллагуудын шийдвэрийг дагаж хэрэгжүүлж ажиллана. Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс аль болох хичээл сургалт, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжлийг дэмжих, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан бага насны хүүхдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж ажиллах болно.

Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй нэг хүүхдэд хэчнээн төгрөгийг Засгийн газраас төсөвлөж олгодог вэ. Хүүхэд харах үйлчилгээ үнэ төлбөргүй байх уу эсвэл 300 мянган төгрөг юм уу гэх зэрэг төлбөрийн асуудал эргэлзээ төрүүлж байна?  

-Жил бүр нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны зардлыг төрөөс санхүүжүүлдэг. Дунджаар нэг хүүхдэд 140 мянган төгрөг зарцуулдаг. Төр хувийн цэцэрлэгт нэг хүүхдийн хувьсах зардлыг өгдөг бол хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд хувьсах зардал дээр нь өдрийн хоолны мөнгийг дэмжлэг олгодог гэсэн үг. Мөн төрөөс олгож буй зардлын 60 хувиас хэтрэхгүй зардлыг эцэг эхчүүд төлөх ёстой.

Хүүхэд харах үйлчилгээнд төр болон эцэг эхчүүд төлбөр төлнө. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид хамгийн ихдээ 90 хүртэлх мянган төгрөгийг эцэг эхчүүдээс төлбөрт авах ёстой. Төлбөрийн тухайд хүүхэд харагч,эцэг эхчүүд хоорондоо тохиролцно.

-Тэгэхээр нэг хүүхдийн хувьсах зардалд хэчнээн төгрөгийг Засгийн газраас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд олгодог вэ?

-Хичээлийн жилд нэг хүүхдийн хувьсах зардал 807 мянган төгрөг. Өдрийн хоолонд нэг хүүхдэд 6200 орчим төгрөг зарцуулж байгаа юм. Өнгөрсөн онд хоолны зардал, хувьсах зардалд энэ жилийнхтэй адил дунджаар 2 орчим тэрбумыг төрөөс хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд зарцуулсан гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ талаарх нэгдсэн мэдээлэл байхгүй. Учир нь цар тахлын улмаас өнгөрсөн жил хүүхэд харах үйлчилгээ бас зогссон шүү дээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж