Мандал сум: "Үдийн цайнд өмхий үнэртэй хоол өгсөн гэж хэлсэн”

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

Мандал сум: "Үдийн цайнд өмхий үнэртэй хоол өгсөн гэж хэлсэн”

Мандал сум: "Үдийн цайнд өмхий үнэртэй хоол өгсөн гэж хэлсэн”

Сэлэнгэ аймгийн Мандал сумын  гуравдугаар сургуулийн 30 гаруй сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан талаар news.mn өмнө нь мэдээлсэн. Албан ёсны шинжилгээний хариу  одоогоор гараагүй байгаа юм.

Хордлогын шинж тэмдэг илэрсэн 6-10 насны 36 хүүхэд сумын эмнэлэгт хандсанаас 14 нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ингээд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн эмээтэй /нэрээ нууцлахыг хүссэн/ утсаар холбогдож, тодруулга мэдээлэл авсан юм.


-Танай хүүхэд "Үдийн цай"-наасаа хордож, эмнэлэгт хэвтэж байгаа гэлээ. Хүүхдийнх нь биеийн байдал ямар байна вэ. Одоо ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрч байна уу?

-Өнөөдрөөс хүүхдийн маань биеийн байдал арай дээрдэж байна. Одоо сумын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Манай хүүхэд хоолны хүнд хордлогод орсон.

-Зээ нь хэддүгээр ангийн сурагч вэ. Тухайн өдөр сургууль дээрээ ямар хоол идсэн гэж хэлсэн бэ?

-Манай зээ зургаан настай. Энэ жил Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрийн /2020.09.03/ орой хичээлээсээ ирэхдээ “Эмээ өнөөдөр муухай хоол идсэн. Хоолноос өмхий үнэртэж байсан. Би хоолоо идэж чадаагүй” гэж хэлсэн.

Тэгсэн багш нь “Та нар хоолоо идэж чадахгүй байгаа бол сав руу буцаагаад хийчих” гэсэн юм билээ. Хүүхэд юм болохоор ганц нэг халбагадсан юм шиг байна лээ. Тэгээд маргааш нь  гэдэс нь өвдөж, гүйлгэж, халуураад эхэлсэн. Тэр өдрөө хоёр ч удаа сумын эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авах тасагт очиж, нүүрсэн хар эм бичүүлээд буцсан.

-Тухайн үед сумын эмнэлэгт очиход ижил шинж тэмдэгтэй хүүхдүүд хандсан болов уу?

-Манай хүүхэд босч, явж чадахгүй болсон. Сандраад сумын эмнэлэг дээр очсон чинь 30, 40 хүүхэд эмнэлэгт хандчихсан, ор байхгүй ачаалалтай байсан. Гэтэл хүүхдүүдэд хордлого тайлах дуслаас өөр эм тариа хийлгүйгээр маргааш өдрийн 16.00 цагаас эмчилгээ хийж эхэлсэн.

Тэр хооронд хүүхдийн биеийн байдал улам хүндэрч байгаа юм. Эмч нараас нь учрыг асуутал “ХӨСҮТ-өөс зөвлөгөө авч, ямар эмчилгээ хийхээ асуусан. Ирсэн зөвлөмжийн дагуу эмчилгээг хийж эхэлсэн” гэсэн тайлбарыг өгсөн.

-Зээ чинь өмнө нь ямар нэгэн халдварт өвчин тусч байсан уу?

-Манай зээ ханиад томуу, хатгаа тусч, эмнэлэгт хэвтэж байгаагүй. Эрүүл саруул байсан хүүхэд хохироод үлдлээ. Бид маш их гомдолтой байна. Нэг хоолны хордлого авсан бол амархан хордлого авчих гээд эмзэг болчихдог. Энэ бяцхан хүүхдүүдийн эрүүл мэнд, ирээдүйд гарч болох ходоод гэдэсний асуудлыг хэн хариуцах вэ.

-Гуравдугаар сургуулийн хувьд 400 хүүхдийн хүчин чадалтай ч дөрөв дахин их ачаалалтай гэдгийг албаныхан хэлж байсан. Ангийн багштай уулзаж, ярилцсан уу?

-Ангийн багш руу нь ярихад “Тэр өдөр гал зуухныхан муухай хоол өгсөн. Хоол чинь үнэр орчихсон юм биш үү гэсэн “Чи л идэхгүй байвал болоо юм биш үү” гэж загнасан гэсэн. Хүмүүсийн яриагаар сургуулийн "Үдийн цай" бэлтгэдэг хүмүүс нь гуравдугаар сургуулийн захирлын хамаатан гэж сонссон. Зээтэй маань хамт нэг өрөөнд эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд “Бидэнд үдийн цайгаар муухай үнэртэй салат өгсөн болохоор хамраа чимхэж байгаад идсэн” гэж хэлж байсан.

Гуравдугаар сургуулийн хувьд их ачаалалтай байдаг. Нэг ангид доод тал нь 40-50 хүүхэд хичээллэдэг. Сургуулийн өргөтгөлийн суурь барьсан ч барилгын ажил эхлээгүй хоёр жил болж байна.

-Хүүхдүүдийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Мэргэжлийн хяналтын байцаагч нараас асуухад “Наад зах нь гурав хоногийн дараа шинжилгээний хариу гарна” гэсэн. Өчигдөр өглөө нэг хүн манай гэрт ирж, ариутгал хийж байна гээд шалаар  нэг ус цацаад явсан. Уг нь ариутгал хийхдээ хүмүүсийг гаргаж байгаад хоёр цагийн дараа оруулах ёстой юм билээ. Гэтэл тэгээгүй. Гуравдугаар сургуулийн багш ажилчдыг цагдаагийн байгууллагаас байцаалт авч байгаа гэсэн.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж