Канад-Ираны загвар зохион бүтээгч Роя Агиги таныг өмссөн цамцаа амьд хэмээн төсөөлөөд үзэхийг санал болгож байна. Эвгүй ч юм шиг, амьдралаас дэндүү хол сонсогдох боловч тэрбээр хувцастайгаа илүү их харьцаж, амьд мэтээр төсөөлөх нь дэлхийн ирээдүйг аврахад тус болно хэмээн үзэж байгаа аж. “Хувцсаа амьд мэтээр бодож чадвал та тэднийг шүүгээнийхээ мухарт хадгалж, хаа хамаагүй угаалгын машинд хийхээ больно. Тэр даруй таны хувцасны тухай бодол үндсээрээ өөрчлөгдөх юм” хэмээн Агиги ярьжээ.
Үнэн хэрэгтээ түүний ярьж байгаа зүйл тийм ч хачирхалтай зүйл биш аж. Тэрбээр эрдэмтдийн багтай хамтран ажиллаж, байгальд түргэн задардаг даавуу “Биогарментри”-г бүтээжээ. Шинэ даавууг био технологиор боловсруулах замаар бүтээсэн бөгөөд энэ нь ойр орчныхоо агаарыг цэвэршүүлэх чадвартай гэнэ.
Эрдэмтдийн баталж буйгаар энэ нь өмнө нь бүтээгдэж байгаагүй, салбартаа анхдагч амьд, фотоситезлэх чадвартай материал аж. Шинэ материал нэвт гэрэлтдэг торон материал шиг харагддаг бөгөөд цаашид хэд хэдэн судалгаа шинжилгээ хийх шаардлагатай шатандаа байгаа юм байна. Эрдэмтэд санасандаа хүрч, хямд үнэтэй, байгальд ээлтэй тус материалыг хэрэглээнд нэвтрүүлж чадвал ирээдүйд бидний өмссөн хувцас модноос дутахгүй агаар цэвэршүүлдэг болох нь.
БАЙГАЛЬ БОХИРДУУЛАГЧ ХУВЦАС ЗАГВАРЫН ЕРТӨНЦ
Хувцас загвар бол байгаль дэлхийг хамгийн их бохирдуулдаг салбаруудын нэг билээ. Харьцуулж үзвэл хувцас үйлдвэрллээс ялгардаг хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн бүх агаарын болон усан тээврээс ялгардаг хүлэмжийн хийн хэмжээнээс их буюу дэлхийн нийт хүлэмжийн хийн 10 хувийг дангаараа эзэлдэг аж.
Түүнээс гадна хүмүүс сүүлийн жилүүдэд өмнөхөөсөө илүү их хувцас худалдан авч түүнийгээ илүү цөөхөн удаа өмсөөд хаядаг болсон нь нийт хог хаягдлын 70 хувийг бүрдүүлэх болжээ. Тиймээс хүн, хувцас хоёрын харилцааг өөрчилж, түргэн загвараас байгальд ээлтэй загварлуу нийтээр шилжих нь Агигийн гол зорилго гэнэ.
Гэхдээ түүний санаа одоогийн байдлаар зорилго гэдгээс нэг их хэтрэхээргүй шатандаа явж байгаа. Хэрвээ түүний зорилго бүтэх юм бол ирээдүйд хүмүүс хувцсаа цонхныхоо харалдаа агаар, нарны гэрэлтэй газар өлгөж, ус шүршин усалж, доторх эсүүдийг нь тэжээдэг болж магадгүй юм. Агиги “Хүмүүс нийтээр байгальд ээлтэй хувцас руу шилжихэд их цаг хугацаа орно. Гэсэн хэдий ч шилжиж л байвал үр дүн нь хэзээд гарна” хэмээн ярьсан байна.
ХҮЛЭМЖИЙН ХИЙГҮЙ ХУВЦАС
Үйлдвэрлэгчид ихэвчлэн хөвөн, олсны ургамлаас хувцасны материал гарган авж, хувцас үйлдвэрлэдэг. Гэвч тэдгээр түүхий эдийг ургуулах, боловсруулах явцад асар их хүлэмжийн хий ялгардаг юм. Түүнээс гадна сүүлийн үед зарим компаниуд илүү байгальд ээлтэй, тухайлбал модны холтос зэргийг ашиглан байгальд амархан задардаг материал боловсруулах нь олширсон байна.
Гэвч тэдгээр байгальд ээлтэй гэх материалууд ч хүлэмжийн хий ялгаруулсаар байдаг нь таагүй. Жишээ нь дэлхий дээр хамгийн их гүйлгээтэй хувцас болох энгийн хөвөн даавуугаар хийсэн пудволкыг авч үзвэл нэг пудволк эдэлгээнийхээ туршид нийт 15 кг нүүрстөрөгчийн дутуу исэл ялгаруулдаг аж.
Сүүлийн жилүүдэд шинийг санаачлагч залуус модны холтос ашиглан ноолуур мэт материал гарган авч, кактуснаас арьс бүтээх зэргээр байгальд ээлтэй материал бүтээх нь олширч байна. Тэдгээр шинэ материалууд хүлэмжийн хийг бусдаас бага ялгаруулж болох ч хэзээ ч 0 хувь байлгаж чадахгүй юм. Ялангуяа тэдгээр материалаар хийсэн хувцаснуудыг угаах, хатаах бүрт хүлэмжийн хий үргэлж ялгарсаар байх юм.
Агигитэй адил зүйл сэдсэн маккарди хэмээх эмэгтэй далайн замаг болон бусад түүхий эдийг ашиглан хуванцар мэт материал бүтээж, түүгээрээ борооны цув хийсэн байна.
Эх сурвалж: CNN.COM