"Манай аппликейшний 60 хэрэглэгч ЭЕШ-д 800 оноо авсан нь том урам байлаа"

Хуучирсан мэдээ: 2020.09.09-нд нийтлэгдсэн

"Манай аппликейшний 60 хэрэглэгч ЭЕШ-д 800 оноо авсан нь том урам байлаа"

"Манай аппликейшний 60 хэрэглэгч ЭЕШ-д 800 оноо авсан нь том урам байлаа"

Техник, технологийн хөгжил дэвшил болон санхүүгийн чөлөөт зах зээл маш олон гарааны бизнесийг бий болгож, иргэдийн дунд нүдэнд үл үзэгдэх цахим мөнгөний яриа гарч, гар утаснаасаа зээл авах боломж бүрдсэн. Тэгвэл одоо технологийн хөгжил боловсролын салбарт хүчтэй орж ирж байна. Манай улсад өнөөдөр боловсролын технологийн 10 орчим компани байдаг хэдий ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь цөөхөн. Тэдний нэг “Багшийн туслах” аппликейшнийг зохион бүтээсэн тус компанийн дэд захирал Г.Ганчимэгтэй ярилцлаа.


-Дэлхий дахин тэр дундаа Ази тивд илүүтэй хөгжиж буй EDUTECH гэх ойлголт Covid-19-той зэрэгцээд манай улсад танигдаж эхэллээ. Танай хамт олны хувьд “Багшийн туслах” апп хөгжүүлж байна. Энэ тухайгаа манай уншигчидтай хуваалцана уу?

-“Багшийн туслах” аппликейшныг бүтээх болсон шалтгаан маш энгийн. Байгууллагын маань Ерөнхий захирал хүүхдийнхээ боловсролд маш их анхаарал хандуулдаг хүн байдаг. Хүүхэдтэйгээ ярилцаад гадаадад сургахаар болж, Японы ерөнхий боловсролын сургуулийн шалгалтад бэлддэг Studysapuri  апп ашиглуулж эхэлсэн байна. Тэгээд охиноосоо үр дүнг нь асуутал Монголын хамгийн сайн багш, сайн сургуульд заалгасантай адилхан үр дүнтэй байгаа сэтгэгдэл олж сонсоод судалж эхэлсэн байгаа юм. Үүнээс нь санаа төрж энэ чиглэлд судалгаа хийж, улмаар хүүхэд дэлхийн аль ч өнцөг буланд байсан, эсвэл монгол орны аль ч өнцөг буланд амьдарч байсан хямд өртгөөр чанартай боловсролыг олгож болох юм байна гэж энэхүү аппаа бүтээх санаачилга гарсан.

-Яг одоо боловсролын салбарт маань хагарал үүсчихлээ. Нэг хэсэг нь Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд нэмж бий болгоно гээд нөгөө нь Үндэсний цөм хөтөлбөрөө барих ёстой гээд. Та бүхэн үүнийг хэрхэн харж байна вэ?

– Бидний хамгийн гол зорилго бол Монгол дахь боловсролын ялгаатай байдлыг арилгах шүү дээ. Бид энд аль хэдийнээ тэнгэр газар шиг ялгаатай болчихсон байдлыг тэнцүүлэх гээд хамгийн шилдэг багшийн эрэлд мордоод л,  хамгийн сурах боломжгүй хүүхдүүдэд хүрч ажиллах гээд хичээж байхад,  нэмж ялгааг үүсгээд,  2 тал болоод байгаа нь хачирхалтай. Аль нэг талдаа шийдэх л хэрэгтэй. Гэвч ямар ч хөтөлбөрөөр явсан бид аппликейшнээрээ дамжуулаад хүн бүрийн сурах хэрэгцээг 100 хувь хангаж чадна. Ямар ч тохиолдолд Монгол хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл ижил гараанаас  л эхлэх ёстой.

– Тэгвэл “Багшийн туслах” аппликейшн хүүхэд, эцэг эх, багш нарт ямар боломж олгож байна вэ?

-Бид “Багшийн туслах” аппликейшндээ хамгийн эхэнд ЭЕШ-ын хөтөлбөрийг оруулсан. Учир нь ЭЕШ гэдэг бол арванхоёрдугаар ангиа төгсөж буй хүүхдүүдийн амьдралд тохиож буй хамгийн анхны том алхам. Бид ЭЕШ-ын хөтөлбөртөө Боловсролын үнэлгээний төвийн зөвлөмжийг багтааж, мөн онлайн сургалтдаа шилдэг багш нарыг сонгон шалгаруулж авч контентуудаа бэлдсэн.

ЭЕШ-ыг нийт 31 мянга гаруй хүүхэд өгөхөд 800 оноо авсан 124 оролцогч байснаас 60 нь манай хэрэглэгч байсан. Энэ бол бидэнд өгсөн хамгийн том урам. Мэдээж, зөвхөн “Багшийн туслах” аппликейшин ашигласнаараа 800 оноо авсан гэсэн үг биш. Тухайн хүүхдүүд суурь сайтай, зүтгэлтэй, өөрийгөө дайчилдаг, багш нар нь шаардлага өндөртэй, эцэг эх нь хүүхэдтэй цуг ажилладаг байсан тул тухайн хүүхэд 800 оноо авч байгаа юм. Гэхдээ багшийн туслах апп маань тухайн хүүхдийн 800 оноо авах нэг хөшүүрэг нь болсонд баяртай байна.

Харин багш нарт сурагчиддаа заасан хичээлээ бататгах, гэрийн даалгаврыг чанартай хийлгэх, даалгаврын сангаа зөв боловсруулах, өөрийгөө хөгжүүлэх гарын авлага нь болно. Тэгэхээр бидний сонгон ажиллаж байгаа Монголын хамгийн шилдэг 150 багшаар жинхэнэ утгаараа туслахаа хийж ажиллана аа гэсэн үг. Мөн цаг завгүй ажиллаж байдаг эцэг эхчүүдийг хүүхдийнхээ боловсролд анхаарахад бид тусалж байгаа. Хүүхдэдээ сайн багш хайж олох, өндөр зардал төлөх, нааш цааш нь зөөх гэх мэт бүх асуудлыг нэг дор шийдэж болно. Хичээлийн хоцрогдлыг арилгаж болж байна, олимпиадад бэлдэж болно, дунд ахлах ангид дэвших шалгалтад бэлдүүлж болно. Хамгийн чухал нь аав ээж нь өөрөө ч мэдэхгүй сэдэв, агуулгаар хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэнэ гэдэг үнэхээр хэцүү. Тэгвэл манай апп дээр байгаа хичээлийг үзэж ойлгоод, өөрөө хүүхдийнхээ багш болно, мартсан мэдлэгээ сэргээнэ. Энэ мэт маш олон давуу талтай. Бид таны хүүхдийг хэнээс ч юунаас ч хамаарахгүй бие даан цахимаар хичээлээ судалж, амжилт гаргах тэрхүү шинэ соёлд сургах гээд байгаа юм шүү дээ.

 “Багшийн туслах” аппликейшн зөвхөн ЭЕШ зориулагдсан уу. Хүүхэд, залуучуудад зориулагдсан өөр хөтөлбөр бий юу?

Ер нь бүх насныханд зориулагдсан. Багшийн өмнөөс таны гэр бүлийн боловсролын хэрэгцээг 100 хувь хангах шилдэг туслагч гэсэн үг. Бид нээлтээ хийхдээ зөвхөн ЭЕШ-ын контентоор эхэлж байсан бол одоо гадаад хэлний TOEFL, TOPIK, HSK, JLPT-ийн бүх түвшний шалгалтад бэлдэж буй залууст зориулсан. Яг одоо хичээлийн шинэ жилийн нээлтээрээ бид ДУНД, АХЛАХ ангийн бүх төрлийн хичээлийг бэлдэж орууллаа. Мөн хувь хүний хөгжилд зориулсан ЭВРИКА хөтөлбөрийн хүрээнд дижитал арт, хөгжмийн хичээл, сонирхолтой одон орон, сэтгэл зүйн контентуудыг оруулж өгсөн. Манайд байгаа бас нэгэн чухал контент бол Элит сургуулиудад (Шинэ Эрин, Шинэ эхлэл, 1, 11 дүгээр сургуулиуд) элсэхэд зориулсан Математикийн хичээлийн шалгалтын контент байгаа. Эцэг эхчүүд энэ шалгалтад бэлдэхийн тулд хүүхдээ 4, 5 дугаар ангиас нь эхэлж жилийн 1,5-2 сая төгрөгийн төлбөртэй сургалтын төвд явуулдаг, багш хөлсөлдөг, зөөдөг. Маш их зардал, цаг хугацаа зарцуулна. Дээрээс нь эдгээр сургуулиудад элсэхэд маш их өрсөлдөөнтэй. Урт хугацаанд бэлдэж байж амжилт гаргадаг. Тэгвэл та хүүхдэдээ манай аппликейшнийг бүтэн жилээр нь  216,000 төгрөгөөр  (сард 18,000 төгрөг) авч өгөөд, өөрөө эхэлж ойлгоод хүүхдэдээ бэлдчихэж болно.

-Багш нараа хэрхэн сонгон шалгаруулж авч байна вэ?   

-Юуны түрүүнд багш нарын туршлагыг харгалзана. Мөн “Заах арга зүйн” улсын уралдаанд тогтмол амжилт үзүүлж ирсэн, салбартаа хэр нэр хүндтэй, өөрийгөө хөгжүүлдэг эсэх, шавь нарынх амжилт, боловсролын яамдаа саналаа хүргүүлдэг гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж сонгодог. Жишээлбэл, ахлах дунд ангийн монгол хэлний хичээлийг Ө.Цэндсүрэн, Нийгэм судлалын А.Сандаг-Очир, биологийн Д.Чинзориг, Математикийн Н.Баянбат, TOEFL-д бэлддэг Х.Нинж-Эрдэнэ гэх мэт хичээл болгоны одоогийн хэллэгээр “GOD-ууд” манайд байгаа.

-“Багшийн туслах” аппликейшнийг хэчнээн хүүхэд ашиглаж байна вэ?

-Бид анх гарч ирэхдээ зорилтот зах зээлээ ЭЕШ гэж тодорхойлсон. Иймээс тус шалгалтыг өгөх гэж буй 32 мянган хүүхэд бидний зорилт байсан түүнийхэ 70 хувьд хүрч ажилласан. Одоогоор  манай аппликейшнийг 17 мянган хүүхэд ашиглаж байна.

-Технологийн хөгжил нэг хэсэг санхүүгийн зах зээлийг хамарч, улмаар Монгол Улсад цахим мөнгө, гар утаснаасаа шууд зээл авах боломжтой аппликейшнууд зэрэг гарааны бизнесүүд маш олноор бий болсон. Харин covid-19 цар тахалтай холбоотойгоор боловсролын технологийн компаниуд эхнээсээ гарч ирж байна. Энэ хөгжил дэлхий нийтэд яг ямар түвшинд байна. Манайд хэр хөгжиж байна вэ?

-EDUTECH бол дэлхий дахинд маш эртнээс хөгжчихсөн. Covid-19-той холбоотойгоор Монгол Улсад EDUTECH гэдэг салбар бий болсон гэдэг нь хүмүүст анзаарагдлаа. Covid-19 энэ салбарыг хурдан хөгжүүлэх шаардлагыг ч бий болголоо. Эхэндээ хэрэглэгчдийн зан төлөв нь удаан байсан бол одоо хүмүүсийн зан төлөв төлөвшиж эхэлж байна. Иргэд онлайн сургалтын давуу талыг олж харж, үр дүнг нь мэдэрч эхэлж байгаа.

-Гэхдээ монголчууд аминд нь тулаагүй л бол ер нь даалгавар биелүүлэхдээ хойрго шүү дээ?

-Монголчуудын бие даан суралцах чадвар дэлхийн бусад улс орны хүмүүстэй харьцуулахад сул. Энэ байдлыг сая Covid-19-той холбоотойгоор шалгах боломж олдсон. Бид хэрэглэгчдээсээ асуумж авахад, ихэнх  нь биед амар, хүссэн үедээ хаанаас ч хичээлээ хийх боломжтой зэргээр эерэг хариулт өгсөн. Харин үр дүн нь ЭЕШ-ын үеэр гарлаа.

Э.УРАНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж