“Ичиогоос эрт оноо авсан нь надад ашигтай байсан”

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

“Ичиогоос эрт оноо авсан нь надад ашигтай байсан”

Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гранпри” олон улсын тэмцээн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Красноярск хотод болсон. Тус тэмцээнд дэлхийн 10 гаруй орны бөх барилдсаны дотор олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичо байсан нь анхаарал татаж байсан юм. Энэ алдарт бөхийг Монголын тамирчин П.Орхон илт давуу ялсан нь шуугиан тарьсан. ОУХМ П.Орхон энэ оны улсын аварга юм. Каори Ичиог сүүлийн 13 жил хэнд ч ялагдаагүй байсан билээ. П.Орхонтой хийсэн ярилцлагыг танд хүргэж байна.

Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлэхдээ алдарт Каори Ичиог ялсанд баяр хүргэе. Эндээс яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Шигшээ барилдаан чөлөөт бөх сонирхдог хүн бүхний анхаарлыг татсан барилдаан болсон. Өөрийнхөө шүтэж явдаг бөхтэй барилдахыг хүсдэг байлаа. Гэтэл бид энэ удаагийн тэмцээний аваргын төлөө барилдахаар таарсан нь сайхан байсан. Ялах зорилготой дэвжээн дээр гарсан болохоор энэ зорилгоо биелүүлсэн. Бас олон багш нараас зөвлөгөө авсан болохоор аль болох оноо авах зорилготой байлаа. Би эхний тойрогтоо Шоовдор эгчтэй барилдаж ялаад ОХУ-ын хоёр бөхийг ялан шигшээд шалгарсан. Барилдааны эхэн үед түүнийг яаж барилдахыг харья гэж бодсон. Би түрүүлж довтлоогүй. Түрүүлж оноо авсан нь надад их давуу талтай болж ирсэн. Түүнийг шатаж эхэлсэнийг би мэдэрсэн. Ичиогийн хөл авалт сүүлдээ даацтай болж ирээгүй. Сүүлд их задгай барилдаж эхэлсэн. Миний хувьд түүнээс эрт оноо авсан болохоор аль болох хамгаалахыг хичээсэн.  

Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга тэр агуу бөхийн барилдааныг судлахгүй бөх гэж байдаггүй. Гэхдээ энэ удаа түүний барилдаанд тулгуурлаж барилдаагүй. Яг л өөрийнхөө барилдааныг тэнд гаргасан. Ичиогийн хувьд шигшээд хүрэхдээ манай хоёр бөхийг ялчихсан байсан. Бид (С.Цэрэнчимэд, Э.Гантуяа) өрөөндөө байхдаа түүнээс оноо л салгачихсан юмсан ярилцаж байсан ч түүнийг ялахыг хүсэж байлаа. Өөрийнхөө шүтэж явдаг бөхийг хожих тэр агшин гайхалтай.

-Каори Ичиог ялчихаад дэвжээнээс буух тэр агшинг эргээд дурсвал?

-Үнэхээр сайхан байсан. Бидний барилдааны үеэр заал чимээгүй байсан. Эрт оноо авахыг хүссэн. Яагаад гэхээр анх дэвжээнд гарахдаа оноо л түрүүлж авах юм бол боломж байгаа гэж өөрийгөө зоригжуулсан. Тэгээд түрүүлж нэг оноо авахад Ичиогийн дасгалжуулагч буруу үед челленж шидсэн нь надад ашигтай болж, 3:0 болсон. Түүнийг дутуу суухад нь дагаж цээжээ эргүүлээд хоёр оноо авсан. Ингээд 5:0-оор эхний үе өндөрлөсөн. Хоёрдугаар үе эхлэхийн өмнө Цогоо багш "яг л эхний үеийнх шигээ л байгаарай. Цаадах чинь одоо бүр их шатсан байгаа" гэж хэлсэн. Барилдааны явцад хоёр багшийн яриа л сонсогдож байсан. 9:0-оор тэргүүлж явахдаа түүнд нэг оноо алдчихлаа даа гэж бодогдсон. Гэтэл босоод иртэл шүүгчид надад нэг оноог өгсөн. Шүглийн дуу дуугарч надад ялалт өгөхөд манайхны дуу хадаж, тэр чигтээ шуугиад л явчихсан. Тэр агуу бөхтэй барилдахыг хүсдэг байсан хүсэл маань ялалт болж хувирсан нь гайхалтай байлаа.

-Каори Ичиогийн барилдааныг судалсан байж таараа шүү дээ?

Олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга тэр агуу бөхийн барилдааныг судлахгүй бөх гэж байдаггүй. Эрэгтэй бөхчүүд хүртэл Ичиогийн барилдааныг мэднэ. Гэхдээ энэ удаа түүний барилдаанд тулгуурлаж барилдаагүй. Яг л өөрийнхөө барилдааныг тэнд гаргасан. Ичиогийн хувьд шигшээд хүрэхдээ манай хоёр бөхийг ялчихсан байсан. Бид (С.Цэрэнчимэд, Э.Гантуяа) өрөөндөө байхдаа түүнээс оноо л салгачихсан юмсан гэж ярилцаж байсан. Э.Гантуяагийн хувьд Ичиогоос нэг оноо авах боломж байсан ч авч чадаагүй. Чимэдээгийн хувьд түүнтэй их довтолж барилдсан. Амралтын тэр үед бол би ялах л хүсэлтэй байлаа. Барилдаан болохын өмнө Монголоос Хосоо (гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр) багш маань зөвлөгөө өгсөн. Багш нарынхаа итгэлийг алдалгүй сайн барилдсандаа баяртай байна. Ер нь тайван байхыг их хичээсэн.

-13 жил ялагдаагүй явсан Каори Ичио Токиод очсоны дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Өрсөлдөгч маань хүчтэй байсан гэхээсээ илүү би сулхан байлаа. Надад том туршлага боллоо. Бэлтгэл муу байлаа” гэсэн байсан.

-Мэдээж түүний хувьд хүнд байсан нь дамжиггүй. Энэ талаар сонсож байсан. Медалийн тавцан дээр зогсож байхад хүртэл тэр хүнд байсан. 13 жил ялагдаагүй явсан хүний хувьд бол хэцүү байсан нь тодорхой шүү дээ. Ичио өмнө нь С.Батцэцэг эгчтэй барилдахдаа нэг оноо алдаж байсан гэсэн.

-Өмнө нь Каори Ичиотой бэлтгэл хийж байсан гэсэн байхаа?

-Японд байх хугацаанд бэлтгэл дээр таарч байсан. Түүнээс хөлөнд орох талаар асууж байсан.

-Барилдаандаа ямар мэхийг илүү хийхийг хүсдэг вэ?

-Хосоо багшийн заадаг үндсэн хөл авалтуудаа илүү сайн хийхийг хичээдэг. Ихэвчлэн довтолгооны техник дээр илүү сайн ажилладаг. Миний золгож зүүн талдаа сугадаад байгаа мэхийг Хосоо багш минь зааж өгсөн.

-Энэ жилийн улсын аваргад түрүүлж, гараагаа сайхан эхлүүллээ. Гэхдээ дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг хожсон нь их анхаарал татсан шүү дээ?

-Чимэдээ бидний хувьд 10 жилийн сурагч байхаасаа л бэлтгэлээ хамт хийж, сайхан нөхөрлөж ирсэн. Хэн хэнийхээ барилдааныг сайн мэднэ. Энэ жилийн улсын аваргын шигшээ барилдаан хүнд болсон. Чимэдээг хожсон болохоор хүн бүр илүү их итгэж эхэлсэн байх. Чимэдээгийн хувьд 60 кг-аас 58 руу уруудаж, би 55 кг-аас 58 руу өгсч орсон. Одоо бидний хувьд олимпийн эрх л чухал байна.

Жиндээ их хурдан дассан байна даа.

-2015 оны улсын аваргад би 55 кг-ын жинд оролцож, хүрэл медаль авч байсан. Хосоо багшид “би улсын аваргад 58 кг-д оролцож түрүүлмээр байна” гэж хэлсэн. Гэхдээ улсын аваргын өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Новочебоксарск хотод болсон нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Шинэ жиндээ хурдан дассандаа баяртай байдаг. Энэ тэмцээн бас надад их урам өгсөндөө. Тиймээс улсын аваргад түрүүлэхийг хүссэн.

“Бага дэлхийн аварга” гэж нэрлэдэг Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн бол үнэхээр нэр хүндтэй. Тэнд оролцож байгаа тамирчдыг харахад энэ тэмцээний чансаа харагдана. Дээр нь олимпийн жилд дэлхийн шилдгүүд олон ирсэний дунд Каори Ичио байсан нь бүр л илүү анхаарлын төвд байлаа. Энэ том тэмцээнд дэлхийн алдарт бөхийг ялж, багшийгаа, Монголын ард түмнийгээ баярлуулсандаа баяртай байна.

-Таныг бөхийн замд хөтөлсөн хүн хэн бэ? Мөн Хосоо багш дээрээ хэдэн онд шавь болохоор очиж байсан бэ?

-2007 онд манай нагац ахын хүү Б.Цолмон, Б.Жавхлан нар чөлөөт бөхийн секцэнд орсон нь манай ахад нөлөөлсөн гэдэг. Миний төрсөн ах П.Од-Эрдэнэ чөлөөт бөхийн спортоор удаан хичээллээгүй. Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумынх. Намайг дөрөвдүгээр ангид байхад манайхан Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд 2007 онд Хосоо багш дээрээ ирж байсан. Тэр цагаас хойш багшийгаа баярлуулж, мөрөөдлөө биелүүлэх юмсан гэж бодож явдаг байлаа. “Бага дэлхийн аварга” гэж нэрлэдэг Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн бол үнэхээр нэр хүндтэй. Тэнд оролцож байгаа тамирчдыг харахад энэ тэмцээний чансаа харагдана. Дээр нь олимпийн жилд дэлхийн шилдгүүд олон ирсэний дунд Каори Ичио байсан нь бүр л илүү анхаарлын төвд байлаа. Энэ том тэмцээнд дэлхийн алдарт бөхийг ялж, багшийгаа, Монголын ард түмнийгээ баярлуулсандаа баяртай байна.

Красноярскийн чиний ялалт Парист байгаа эрчүүдэд ихээхэн урам өгсөн байх. Тэр дундаа таны найз залуу болох Н.Лхамгармаа урамтай сайхан барилдаж түрүүлсэн шүү дээ?

-(инээв) Чөлөөтийн эрэгтэй баг Францын Парис болон Красноярск хотод хоёр хуваагдан явсан. Парисийн тэмцээнд Гармаа явсан. Түүний хувьд миний хамгийн ойрын зөвлөгч болохоор бие биедээ маш сайн урам өгнө. Баасан гаригийн орой түрүүлчихээд байрандаа ирээд интернетээр холбогдсон. Тэр үед Гармаа барилдаагүй байсан. Тэгээд удалгүй түүнийг аваргын төлөө барилдахаар болсоныг мэдээд догдолж байлаа. 

-Н.Лхамгармаа Парист хэрхэн барилдсан бол?

-Парист болсон тэр тэмцээн уламжлалт Гранпри тэмцээн. Түүний хувьд 65 кг-ын жинд барилдсан. Тэр Франц, Вэнэсуэл, Унгарын бөхчүүдийг ялж, аваргын төлөө барилдахаар үлдсэн байсан. Тэгээд Гүржийн бөх Георги Брегажег 19:8 оноогоор хожиж, түрүүлсэн.

-Одоо мэдээж олимпийн эрхийн төлөөх тэмцээнд бэлтгэж эхлэх байх. Хамгийн ойрын тэмцээн хэзээ болох билээ?

-Манай чөлөөтийн шигшээ багийн тамирчид 2015 оны дэлхийн аваргаас эмэгтэй баг хоёр олимпийн эрхтэй ирж байсан. 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар олимпийн эрхээ авсан. Тэгэхээр бидний хувьд бол дахин олон олимпийн эрхийн төлөө хичээх болно. Хамгийн эхний тэмцээн бол ирэх гуравдугаар сард Казахстаны Астанад болох “Рио”-гийн олимпийн эрхийн төлөөх тэмцээн хүлээж байна. Энэ дашрамд “Алдар” спорт хороо, Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, Б.Энхтөр багшдаа болон шигшээ багийн дөрвөн дасгалжуулагч, Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ баг, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Спортын анагаах ухааны төвийн эмч Ч.Насанбат, М.Саранцацрал нарт баярлаж байгаа хэлмээр байна. Мөн бэлтгэл хангагч найзууд болон дүү нартаа их баярлалаа. Мөн удахгүй болох сар шинийн мэндийг Монголын ард түмэндээ хүргэж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж