Албан ёсны айлчлалын хүрээнд Ноён Ажэй Чиббер Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай уулзаж, Монгол Улс, НҮБ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа болон “2012-2016 онд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийг боловсруулах ажлын явцын талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Мөн тэрээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхах ба БОАЖ-ын сайд Л.Гансүх болон ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нартай уулзаж, НҮБХХ-өөс Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцах юм.
Айлчлалын хүрээнд тэрээр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулах “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн асуудлаарх Үндэсний 3 дугаар илтгэлийг танилцуулах ёслолын ажиллагаа” болон “Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн асуудлууд, ялангуяа ядуурлыг бууруулах болон жендерийн тэгш байдлыг хангах нь” сэдэвт семинарт оролцож үг хэлнэ.
Ноён Ажэй Чиббер Өвөрхангай аймагт хоёр өдөр ажиллаж, НҮБХХ-ийн шугамаар Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа “Иргэний бүртгэл”, “Хууль эрх зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх”, “Газрын тогтвортой менежмент” зэрэг төслүүд болон “Хөдөлвөл хөлс” хөтөлбөртэй тус тус танилцаж, аймгийн Онцгой байдлын газарт зочлох ба дээрх төсөл, хөтөлбөрт хамрагдан амьжиргааны шинэ эх үүсвэртэй болсон малчидтай уулзалт хийхээр төлөвлөж байна.
Ноён Ажэй Чибберийн товч намтар
Ноён Ажэй Чиббер нь Дэлхийн банкинд 25 жил хөгжлийн асуудал хариуцан ажилласан бөгөөд Вьетнам, Турк, Македон, Индонез болон Номхон далайн орнуудад Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн зохицуулалтыг хариуцсан ажиллаж байжээ.
Тэрээр Дэлхийн банкнаас эрхлэн гаргасан “Засаглалын асуудлаарх товхимол” номын зохиогчоор ажилласан ба 1997 оны “Дэлхийн хөгжлийн илтгэл”-ийн Засаг төрийн үүрэг роль хэмээх хэсгийн зохиогчоор мөн ажилласан байна. Ноён Ажэй Чиббер эдийн засгийн хөгжлийн асуудлаар томоохон 5 ном гаргасан бөгөөд дэлхий дахинд нэр хүнд бүхий олон улсын сэтгүүл, сонинд олон тооны нийтлэл хэвлүүлж байсан. Тэрээр Делигийн Эдийн засгийн Их сургуульд магистрийн зэрэг, Станфордын Их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалж, Энэтхэгийн Төлөвлөгөөний комисс болон Олон улсын хүнсний бодлогын асуудлаарх судалгааны институтэд тус тус ажиллаж байжээ. Мөн тэрээр Жорж тауны Их сургууль болон Энэтхэгийн Их сургуулийн хүндэт багшаар тус тус ажиллаж байна.
Ноён Ажэй Чиббер нь 2007 оны 12 дугаар сард НҮБХХ-ийн Захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны захирлын үүрэгт ажилд томилогдсон.