Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн мега төслийг Мурманскад хэрэгжүүлэх болсныг Мурманск мужийн хэвлэлийн алба мэдээллээ.
Төслийн баримт бичигт тусгагдсанаар диоксидийн титан болон газрын ховор элементүүдийг боловсруулах юм. Өнөөдрийн байдлаар эдгээр элементийн боловсруулалт Орост бага түвшинд хийгдэж байгаа бөгөөд Мурманск мужийн Африкандскийн перовскит, титан-магнетийн ордод түшиглэн төслийг хэрэгжүүлэх ажээ.
Төслийг хэрэгжүүлэгч нь "Аркминерал – Ресурс" компани юм.
"Диоксид титан, ховор метал, мөн газрын ховор металуудын боловсруулалт Орост хангалттай түвшинд хүрдэггүй. Гэтэл орчин үед эдгээр элементийн тусламжгүйгээр үйлдвэрлэл хөгжүүлэх боломжгүй болоод байна. Энэ төсөл зөвхөн бүс нутгийн хувьд төдийгүй үндэсний хэмжээнд ач холбогдолтой. Төсөл хэрэгжсэнээр ховор металын боловсруулалтаар Орос улс дэлхийд дээгүүрт бичигдэх болно” хэмээн "Аркминерал-Ресурс" компанийн захирал Андрей Тренин хэлсэн байна.
Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлуудыг хэдийн хийж эхэлсэн байна. Тухайлбал, геологийн судалгаа ажил хийлгэх, эрчим хүчээр хангах гэрээнүүдийг холбогдох компаниудтай хийсэн байна. Мөн ордыг 25 жил ашиглах эрхийг сонгон шалгаруулалтаар авсан байна. Төслийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа нэг зүйл нь ордын ойролцоо цэргийн дэд бүтцийн байгууламж байгаа явдал ажээ. Ордыг ашиглахын тулд энэхүү дэд бүтцийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай бөгөөд Батлан хамгаалах яам 2021-2022 оны төсөвтөө энэ ажлыг тусгахаар болжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 17,9 тэрбум рубль бөгөөд төслийн хүрээнд 450 ажлын байр шинээр бий болох юм. Үйлдвэр бүрэн хүчин чадлаар 2024 оноос ажиллаж эхэлнэ гэж тооцоолж байгаа бөгөөд ашиглалтын эхний жилдээ татвар төлсний дараах төсөвт орох орлого нь 1,5 тэрбум рубль байх юм. 2035 он гэхэд төсөвт орох орлого 20,5 тэрбум рубль байхаар тооцсон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ