БНХАУ-ын Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн долдугаар сарын гүйцэтгэлээр тус улсын эдийн засгийн салбаруудын сэргэлт жигд бус буй хэдий ч ерөнхийд нь харвал тогтвортой сэргэж байгаа ажээ. Тухайлбал, үйлдвэрлэл, нийлүүлэлт сэргэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ аажмаар нэмэгдэж, ажил эрхлэлт болон үнэ тогтвортой байж, зах зээлийн итгэл нэмэгдсэн байна.
Өнгөрсөн долдугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар өсчээ. Хоол хүнс, тамхи, согтууруулах ундааны үнэ долдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.2 хувиар, боловсрол, соёл, амралт 0.3 хувиар, эрүүл мэндийн үйлчилгээ 1.6 хувиар, бусад үйлчилгээ 5.1 хувиар, шинэ ногоо 7.9 хувиар, гахайн маxны үнэ хамгийн ихээр буюу 85.7 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны үнэ 0.7 хувиар, тээвэр, харилцаа холбоо 4.4 хувиар, шинэ жимсний үнэ 27.7 хувиар тус тус буурсан байна. Харин аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнэ долдугаар сард өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар буурсан бол эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар буурчээ.
БНХАУ-ын Ардын банк дөрвөн сар дараалан дунд хугацаатай зээлийн (MLF) эргэн төлөгдөх хугацааг сунгасан байна. Тус банкнаас дунд хугацаат зээлийн сангаас санхүүгийн байгууллагуудад олгож буй нэг жилийн хугацаатай 700 тэрбум юань буюу 100 орчим сая ам.долларын зээлийн хүүг өмнөх хэлцлүүдийн адил 2.95%-д хэвээр хадгалснаа мэдэгджээ. Шинжээчид БНХАУ-ын зээлийн хүүгийн үндсэн түвшний хязгаарт (LPR) өөрчлөлт гарахгүй гэсэн хүлээлттэй байгаа аж.
БНХАУ-ын аж үйлдвэрийн Caixin PMI индекс зургадугаар сард 51.2 хүрсэн бол долдугаар сард 52.8 буюу 2011 оны эхний үеэс өндөр түвшинд хүрч нэмэгдэв. Үүнд гадаад эрэлт нэмэгдэн, шинэ захиалгын тооны өсөлт хадгалагдсан нь нөлөөлжээ.
‘The Caixin Global”-аас “Дотоодын эдийн засгийн идэвхжил сайжирч байгаа хэдий ч гадаад эрэлт болон ажил эрхлэлт сул байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй” гэж анхааруулсан байна. Түүнчлэн тус байгууллагын судалгаагаар экспортын эрэлт долоо дахь сардаа дараалан буурсан дүнтэй гарчээ.
БНХАУ-ын аж үйлдвэрийн албан ёсны PMI индекс зургадугаар сард 50.9 хүрсэн бол долдугаар сард хүлээлтийг давж, 51.1-т хүрч нэмэгдсэн байна. Эрэлт нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлсөн ба ажил эрхлэлтийн бүрэлдэхүүн индекс 50-аас доогуур түвшинд хадгалагдсан нь компаниуд ажилчдын төвлөрлийг бууруулсан хэвээр байгааг илэрхийлжээ.
БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн PMI тавдугаар сард 50.9, зургадугаар сард 49.3 байсан бол долдугаар сард 49.2 болж, тус салбарын үйлдвэрлэл агшсан байна. Гангийн эрэлт саарч, үерийн улмаас тээвэрлэлтэд саатал гарсан тул үйлдвэрлэл ийнхүү удааширчээ. БНХАУ-ын ган, төмрийн ассиоцацийн мэдээлснээр, гангийн өдрийн дундаж үйлдвэрлэл долдугаар сард өмнөх сараас 1.09 хувиар буурсан байна. Харин БНХАУ долдугаар сард экспортоос давсан хэмжээгээр ган импортолсон нь 2009 оноос хойших хамгийн өндөр дүн байв.
Өнгөрсөн сард ажиглагдсан энэхүү шилжилт нь дотоодын үйлдвэрлэл бага байгаагийн зэрэгцээ БНХАУ-ын эдийн засагт түүхий эдийн эрэлт өндөр байгааг илэрхийлж байна гэж “Рио Тинто" Групп” онцолсон байна.
БНХАУ-ын Ардын Банкнаас мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн зээл зургадугаар сарын сүүлээр өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өсч, 47.40 их наяд юаньд (6.8 их наяд ам.доллар) хүрчээ. Ипотекийн зээл мөн хугацаанд 15.7 хувиар өсч, 32.36 их наяд юаньд хүрсэн дүнтэй байгаа аж.
АНУ-ын Засгийн газраас БНХАУ-д Хонгконгийн үйл ажиллагаатай холбоотойгоор хориг тавиад байгаа нь цаашид АНУ-ын компаниудын хөрөнгө оруулалт буурах эрсдэлийг үүсгэж буй. Үүний эсрэг БНХАУ-ын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжиж, таатай нөхцөл бүрдүүлж, зарим хязгаарлалтуудыг зөөллөх арга хэмжээ авч эхэлжээ.
Мөн Япон Улсын компаниуд БНХАУ-аас хөрөнгөө татах магадлал өндөр болоод байгааг БНХАУ-ын засгийн газар онцгойлон анхаарч байгаа аж. Учир нь “Covid-19” цар тахлын нөлөөгөөр БНХАУ-аас ирэх бараа ихээр багассан тул Японы компаниуд өөрсдийн нийлүүлэлтийн сүлжээг илүү тогтвортой болгохыг зорьж, үйлдвэрлэлээ Япон эсвэл өөр улсууд руу (ихэвчлэн Зүүн-Өмнөд Азийн орнууд) шилжүүлж, компаниа нүүлгэн шилжүүлэх алхам хийж эхэлсэн байна.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ