Вьетнамын Ханой хотын ойролцоох Дон Там тосгонд нэгдүгээр сард газрын маргаанаас болж иргэд цагдаа нартай мөргөлдөж, гурван цагдаа нас барсан хэрэг гарсан билээ. Дээрх хэрэгтэй холбоотой шүүх хурал өчигдөр (2020.09.07) болж, 29 иргэнийг дуудан оролцуулсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шүүх хуралд дуудагдсан 29 иргэний 25 нь гурван цагдааг гранат, молотов, жадаар хөнөөсөн хэрэгт буруутгагдсан бөгөөд ялын дээд хэмжээ сонсож магадгүй болоод байгаа аж. Харин нөгөө дөрвөн иргэнийг иргэний үүргээ ухамсарлаж биелүүлээгүй хэмээн буруутгасан байна.
Тосгоны иргэд өөрсдийн тосгоны газар нутаг дээр цэргийн зориулалттай нисэх онгоцны буудал барьж байгааг эсэргүүцэн жагссан аж. Цагдаа нар ирж, жагсаалыг тараахыг оролдох үеэр ширүүн мөргөлдөөн үүсч, гурван цагдаагаас гадна тосгоны удирдагч 84 настай эрэгтэй нас барсан байна. Шүүх хурал дор хаяж 10 өдөр үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
Вьетнамд энэ төрлийн газрын маргаантай асуудал олон гардаг байна. Учир нь Вьетнамын төр хувийн газар өмчлөлийг хүлээн зөвшөөрдөггүй аж. Тус улс дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төслөөр шалтаглан иргэдийн газрыг булааж авдаг ба нөхөн олговор олголт нь сунжирч, удаан хугацааны маргаан үүсгэдэг байна.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ