“Засгийн газрын өр 7.2 тэрбум ам.доллар. Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар. Арилжааны банкны өр 2.2 тэрбум ам.доллар. Аж ахуйн нэгж компаниудын зээл 18.2 тэрбум ам.доллар. Монгол Улсын гадаад өрийг аж ахуйн нэгж хийсэн байгаа биз. Монгол Улсыг чинь зарим нэг компани дампууруулах нь байна шүү дээ. Засгийн газар нь мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Ямар өр тавьж, ямар зээл авч байгааг мэдэхгүй. Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа, миний баримталж байгаа бодлого шүү. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн, хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн бүр хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон”.
Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өчигдөр /2020.09.07/ Гадаад харилцааны яаманд ажиллахдаа хэлсэн үг. Монгол Улсын Засгийн газрын бодлого, байр суурь ч гэж хэлж болно. Товчхондоо, Монгол Улс ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмээсээ төрийн зохицуулалттай зах зээл рүү шилжих нь тов тодорхой болжээ. Энэ бол маш муу мэдээ юм. Гадаадын хөрөнгө оруулагчдад Ерөнхий сайдын үг “Монголд битгий хөрөнгө оруулаарай” гэсэн мессэж болж очно. Мэдээж, төрийн зохицуулалттай зах зээлд хөрөнгөө оруулдаг тэнэг баян дэлхийд хаана ч байхгүй. Ингээд гадаадын хөрөнгө оруулалт баяртай.
Монгол Улс Үндсэн хуульдаа зах зээлийн чөлөөт эдийн засагтай байхаар хуульчилж өгсөн. Төр бүхнийг өмчилж, захиргаадалтын аргаар асуудлыг шийддэг байсан социалист тогтолцоог 1992 онд ардчилсан Үндсэн хуулиар халж, иргэдэд чөлөөтэйгээр бизнес эрхлэх эрх чөлөө олгосон юм. 1990 онтой харьцуулахад өдгөө Монголын эдийн засаг 10 дахин тэлж, П.Жасрайн Засгийн газрын төсөв 128 сая төгрөг байсан бол У.Хүрэлсүхийн үед улсын төсвийг 13 их наядын орлого олно гэж УИХ-ын ээлжит бус чуулганаар саяхан баталсан билээ. Сайд, дарга нарын зарцуулах 13 их наяд төгрөгийг У.Хүрэлсүхэд “загнуулаад, зануулаад” байгаа нөгөө гадаадад өртэй компаниуд олж өгдөг юм.
Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжиж, малчдад малыг нь хувьчилж өгснөөр монгол мал сүргийн тоо 70 сая давж, өнөөдөр гаднаа машингүй, мотоциклгүй, гэртээ зурагтгүй, хөргөгчгүй малчин өрх байхгүй болсон. Социализмын үед нярайлсан эхнэртээ ганц хонь төхөөрч өгөхийн тулд нэгдлийн даргын цохолт зөвшөөрөл авдаг байснаа хэдийнэ мартсан монголчууд эргээд энэ үедээ очих нь хүчээ нэгтгээд У.Хүрэлсүхийг сонгосон бидний тавилан байх.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрлэсэн аж ахуйн нэгжүүдийн 18.2 тэрбум ам.доллар бол өр биш зээл. Хэрэвзээ төлж чадахгүйд хүрвэл өр болно. Үүнийг захын банкны эдийн засагч сайхан тайлбарлаад өгөх биз. Монголын аж ахуйн нэгжүүдийн гадаадаас авсан 18.2 тэрбум ам.долларын 11 тэрбум нь Оюутолгойнх. “Оюутолгой” компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, ирэх жилээс далд уурхай ашиглалтад орвол жилдээ 5-6 тэрбум ам.доллар олно. Ерөнхий сайдын хэлээд байгаа тэр өрөө өлхөөн төлчихнө гэсэн үг. Оюутолгой ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агууллагддаг гэвэл шүү дээ.
Том төслийг хөдөлгөхийн тулд том мөнгө хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд, чөлөөт зах зээлийн буянд Монголын компаниуд гадаадын хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангаад 18.2 тэрбум ам.долларын зээл авах “бядтай” болж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх уурлах биш эсрэгээрээ баярлах ёстой юм. Монголын компаниуд “томорч”, бядтай болох нь Монголын тусгаар тогтнолд ч хэрэгтэй.
Чөлөөт зах зээлийн үндсэн чанар бол эрэлтийг дагаж нийлүүлэлт байдаг. Хүссэнээ хийгээд ч эрэлт байхгүй бол Хүрэлсүхтэй, Хүрэлсүхгүй, хүссэн ч эс хүссэн ч жамаараа дампуурна. Гаднаас зээл авсан хувийн компаниуд Монгол Улсыг дампууруулах биш Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Хүссэн, хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн бүр хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон” гэх бодлого нь дампууруулна. Монголд дарангуйлал тогтвол Монгол хүссэн ч, эс хүссэн ч их гүрнүүдийн хараат болно, ийм л юм Ерөнхий сайдын хэлсэн үг, зүүсэн бууных нь үр дагавар нь. Үнэндээ 1929 онд гадаадын капиталыг шахан гаргасан нь Монгол Улсад хямрал дагуулсны дээр нэг зах зээлээс хэт хараат болгох үйл хэргийг хурдасгасан гэж эдийн засагчид ярьдаг, бичдэг. Үүнийг У.Хүрэлсүхэд сануулах эдийн засагч, түүхч, зөвлөх олон бий биз. Гэхдээ “Хүн хэлэхээс наашгүй” гэж үгтэй.
Эдийн засагт төрийн зохицуулалт нэмэгдэх тусам шударга өрсөлдөөн үгүй болно. Авлига нэмэгдэнэ. Бизнесийн эрэлт нийлүүлэлт шийдэхгүй, дарга шийддэг болно. Ийм тогтолцоонд гахай бүх амьтнаас бүр илүү тэгш эрхтэй байх болно. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс харвал Монгол Улсад хувийн өмчийг хамгаалах, бизнесийн эрх чөлөөг илүү тодорхой болгох шаардлагатай болсон байна. У.Хүрэлсүхийн өмчийг ч төр хэзээ нэгэн цагт булаахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ!
Холбоотой мэдээ