Нүүрс тээврийн жолооч нар ажил хаяж, суулт хийхээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Нүүрс тээврийн жолооч нар ажил хаяж, суулт хийхээ мэдэгдлээ

Нүүрс тээврийн жолооч нар ажил хаяж, суулт хийхээ мэдэгдлээ

Цагаад хад-Гашуунсухайтын чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын төлөөлөл болон “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос өнөөдөр (2020.09.08) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Ялагдашгүй: Найман сая ам.доллар хэдэн хүний амь настай тэмцэх вэ? У.Хүрэлсүх сайд дахиж нэг жолооч хөлдөж, угаартаж, замын хагархайгаас болж үхэхгүй гэсэн хаана байна? Яагаад холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Нэг зам дээр байгаа нүхнээс болж өдөр болгон шахуу осол гарч байна. Яагаад тэр нүхийг бөглөж болохгүй байгаа юм бэ? Гашуунсухайт бол 14 мянган хүн оршин суудаг, тог цахилгаангүй хамгийн том газар шүү дээ. Өдөрт найман сая ам.доллар улсын төсөвт оруулж байна. Тэр доллар, нүүрсийг чинь хүмүүс зөөдөг юм. Тэр том нүхийг тойрох ямар ч боломжгүй. Аз нь таарвал даваад гарна. Таарахгүй бол үхнэ. Долоо хоног тутам л нэг хүн үхэж байна шүү дээ. Өнгөрсөн наймдугаар сарын 22-нд "Эрдэнэс-Тавантолгой"-н захирал ирж, бүрэн эрхт төлөөлөгчийг чинь томилно гээд алга болсон. Энэ зам дээр дүгнэлт гаргадаг мэргэжлийн хяналтын байцаагч нар, тэр нүхийг засварлах компани хаана байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Тээвэрчдийн эрсдлийн сан байгуулна гэсэн байхгүй. Наймдугаар сарын 18-наас эхлэн 10 өдрийн өлсгөлөн зарласны эцэст одоо сайхан болгоно гээд байсан байхгүй. Тэр өдрөөс хойш хоёр осол гарч, нэг хүн нас барж, нэг нь сэхээнд байна. Тээвэрчид ажил хаялт зарлаж, суулт хийнэ.

П.Баярхүү: Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар хоёр зүйлийг хэлэх гэсэн юм. Гашуунсухайтын 14 мянган жолоочид тулгараад байгаа асуудлын талаар би яг жилийн өмнө мэдэгдэл хийж байлаа. Тэр үед У.Хүрэлсүх сайд биднийг хүлээн авч уулзаад, холбогдох хүмүүст нь үүрэг даалгавар өгсөн. Одоогоор биелээгүй тав, зургаан даалгавар байна. Саяхан хоёр жолоочийн нэг нь кабиндаа унтаад сэрээгүй, нөгөөх нь жолоо бариад хил хоорондын зурваст амь насаа алдсан байна. Цагдаа нар шалгаад жолоочид буруу үүрүүлнэ. Хилийн зурваст нэг том нүх бий. Төрийн албан хаагчид ерөөсөө хариуцлага хүлээдэггүй, нас барсан жолоочийн оршуулгын зардлыг нь л нэг компани гаргадаг. Гашуунсухайтад баахан шалгагч, байцаагч нар байна. Гэвч нэг нь ч шаардлагатай газраа шалгадаггүй. Зогсоолын асуудал нь хүртэл асуудалтай. Санхүүжилт байхгүй гээд зогсчихсон. Сая 14 хоног суулт хийгээд, дотроосоо бүрэн эрхт төлөөлөгчөө томилохыг хүссэн. Гэвч эрх мэдэлд нь халдана гээд төлөөлөгч томилуулахгүй байна. Өндөржүүлсэн байдлын ачаар өдөрт 1300 автомашин гараад, экспортын орлого хоёр дахин нэмэгдсэн. Үүний ачаар хүүхдийн 100 мянга, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг өгч байна. Бид дараах гурван шаардлага тавьж байна.

  • Бүрэн эрхт төлөөлөгч томилох
  • Бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулан үүсээд буй нөхцөл байдлыг засч залруулах
  • Хоёр тайван зогсоолоо бүрэн дуусгаад, өвөл жолоочдыг ая тухтай байлгах.

Хоёр зогсоолоо бариад дуусгавал эмнэлэг, яаралтай түргэн тусламж үзүүлэх нөхцөл бүрдэнэ. Гэвч Хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь өгдөггүй гэсэн. Дэлхийн хамгийн өндөр татвартай зам Гашуунсухайтынх. Рейс бүрээс 230 мянган төгрөгийн татвар авдаг.

Тээвэрчдийн гэргий нарын холбооны төлөөлөл: Хүрэлбаатар сайд аа, жолоочдыг мөнгө гэж харалгүй хүн гэдэг талаас нь хараач ээ. Нэг жолоочийн ард гурван ам бүл байна. Өндөржүүлсэн байдлын улмаас 30-90 хоног гэртээ очихгүй байхыг сануулсан. Энэ бүгдээс чинь болоод гэр бүл салалт, хүүхэд өнчрөөд байна. Нэг удаа жолоочийн кабинд ороод үзээрэй. Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбооноос жолоочдынхоо эрх ашгийн төлөө тэмцэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж