ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр (2020.09.07) Женев хотноо болсон цар тахлын талаарх ээлжит хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын цар тахлын эсрэг хийж буй ажлыг онцолжээ.
Тэрбээр “Монгол Улсын хувьд бүр нэгдүгээр сард Улсын Онцгой Комиссын үйл ажиллагааг идэвхжүүлж, маш эрт арга хэмжээ авч эхэлсний хүчинд тахлын голомт Хятад улстай хиллэдэг ч гуравдугаар сар хүртэл ганц ч халдвар бүртгэгдээгүй. Түүнчлэн өнөөдрийг хүртэл тус улсад нэг ч хүн коронавирусийн улмаас нас бараагүй” хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр Маврики, Уругвай, Итали зэрэг улсуудын цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайшаажээ.
Тедрос Адханом Гебрейесус цааш үргэлжлүүлэн “Нийгмийн эрүүл мэнд бол тухайн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлын үндэс суурь юм. Үүнийг хамгаалахын тулд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад чиглэсэн хүн амд суурилсан үйлчилгээнд илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй.
"Covid-19" бол сүүлчийн цар тахал биш. Тиймээс дараагийн цар тахал болоход дэлхий бэлэн байх ёстой гэдэгт бид энэ удаагийн цар тахлаас суралцаж байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд анагаах ухааны салбартаа асар их ахиц дэвшил гаргаж байгаа боловч нийгмийн эрүүл мэндийн анхан шатны системээ үл тоомсорлож байгаа нь цар тахалд амархан өртөх гол шалтгаан болж байна” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: WHO.int