"БНСУ-д вирусийн халдвар авсан найман иргэн эмнэлэгт хэвтсэн"

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

"БНСУ-д вирусийн халдвар авсан найман иргэн эмнэлэгт хэвтсэн"

"БНСУ-д вирусийн халдвар авсан найман иргэн эмнэлэгт хэвтсэн"

Улсын Онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр (2020.09.08) 12.00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


"ТОКИОГИЙН НИСЛЭГИЙГ ХОЙШЛУУЛЖ, СӨҮЛ РҮҮ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ"

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ "2020 оны есдүгээр сард урьдчилсан байдлаар 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. БНСУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо тогтмол нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 5000 хүрсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд, есдүгээр сарын 21-нд Токио хот руу хийхээр төлөвлөсөн нислэгийн оронд Сөүл хот руу нислэг үйлдэхээр болсон. Энэ мэдээллийг Токио, Сөүл хотод суугаа иргэддээ урьдчилан хүргэсэн.

Японоос буцах хүсэлтэй 700 гаруй хүн байгаа ч есдүгээр сард яаралтай буцах хүсэлтэй хүний тоо цөөн байсан учир есдүгээр сарын нислэгийг аравдугаар сард болгон хойшлуулсан. Гадаадад байгаа иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 11.800 байгаагаас 5000 нь БНСУ-д, 2000 орчим нь  АНУ-д, 700 орчим нь Австралид байна. Тиймээс олон иргэн байгаа энэ улсууд руу тусгай үүргийн нислэгүүд хийнэ" гэв.


СӨҮЛ ХОТ РУУ ЕСДҮГЭЭР САРЫН 16-НД НЭМЭЛТ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Есдүгээр сард АНУ, БНСУ, Австрали улсад байгаа иргэдийг түлхүү татан авах нислэгийн хуваарь гарсан. Тэгэхээр АНУ-д байгаа 2000 орчим иргэн бий. Сөүл хотоор дамжин нутаг буцах билеттэй 48 орчим хүн байна. Бид есдүгээр сард транзит нислэг төлөвлөөгүй байсан болохоор тухайн иргэд өргөдөл гаргасан. Учир нь Сөүл хотоос буцах нислэгийн өдрийг сольж өгөх боломжтой. Харин нислэгийн билетийн төлбөрийг буцаан олгох боломжгүйгээ мэдэгдсэн юм. Тиймээс бид энэ хүсэлтийг харгалзан үзэж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлсний үндсэн дээр есдүгээр сарын 16-нд Сөүл хот руу нэмэлт нислэг үйлдэж, зөвхөн транзит зорчигчдыг татан авах шийдвэр гаргасан. Энэ транзит нислэгээр Сөүл хотоор дамжин нутаг буцах онгоцны хүчинтэй билеттэй иргэдийг татан авна. Ингэснээр бид есдүгээр сард 12 удаагийн нислэг үйлдэхийг 13 болгон нэмж, 3380 орчим иргэнээ татан авна. Есдүгээр сард Хонгконг руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Өнөөдөр нэг нислэг нь газардана. Өнөөдрийн нислэгт 261 иргэн багтаж буй. Энэ удаа АНУ, Австралид байгаа иргэд түлхүү авч ирж байна.

Энэ нислэгт Сан Францискод байгаа Консулын газарт бүртгүүлсэн 130 гаруй иргэн, Вашигтон дахь Элчин сайдын яаманд бүртгүүлсэн 140 гаруй иргэн, Австралиас буцах хүсэлтэй 50 гаруй иргэн багтсан. Есдүгээр сарын 15-нд Хонгконг руу дахин нэг нислэг үйлдэнэ. Энэ нислэгээр Канад, АНУ, Австрали улсад байгаа иргэдийг татна. Сарын сүүлчээр тусгаарлах байрны нөөцөөс хамаарч, Казахстан улс руу дахин нэг нислэг хийх боломжийг судалж байна.

БНХАУ руу зорчих хүсэлтэй холимог гэр бүлийн асуудлаар өдөр бүр иргэдийг хүлээн авч уулзаж байна. Япон улс руу зорчих хүсэлтэй 240 орчим иргэний асуудлыг судалж, ярилцаж байна.


Л.МӨНХТҮШИГ: ЗАРИМ ЗОЧИД БУУДЛУУД ТУСГААРЛАХ БАЙРНЫ ЗОРИУЛАЛТААР БАЙРАА АШИГЛУУЛАХ БОЛОМЖГҮЙГЭЭ МЭДЭГДСЭН

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс зарим зүйлийг тодрууллаа.

-БНСУ-д коронавирусийн халдвар авсан гурван иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Халдвар авсан найман иргэний биеийн байдал ямар байна вэ?

-БНСУ-д коронавирусийн халдвар авсан найман иргэн бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн, тав нь Сөүл хотод хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг компанид ажилладаг байсан. Тэдний гэр бүл болон хамтран амьдрагч гурван хүн нэмж халдвар авсан. Гэрээгээр хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Халдвар авсан иргэдийн хувьд дунд насныхан байна.

-Тусгаарлах байрны тоо нэмэгдсэн үү?

-Тусгаарлах байрны асуудалд УОК-ын Шуурхай штабын хариуцсан нэгж тогтмол ажилладаг. Зарим зочид буудлууд тусгаарлах байрны зориулалтаар байраа ашиглуулах боломжгүйгээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч цөөн ортой ганц нэг жижгэвтэр зочид буудлуудад халдвар хамгааллын дэглэм сахиж, шинээр тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсөн.

Харин Шуурхай штабын мэргэжилтнүүд "Улсын хэмжээнд нийт 68 тусгаарлах байр байсан нь 62 болж буурсан. Үүнээс нийслэлд 34 тусгаарлах байр байна" гэж мэдээлсэн юм.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж