Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр (2020.09.07) иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.
ЗОГСООЛД БАЙСАН АВТОМАШИН ШАТЖЭЭ
- Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутагт орон сууцны тагтан дээр гал гарсан байна. Галын дуудлага өчигдөр орой 19:32 цагийн орчимд Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тодруулбал, тус дүүргийн харьяа 20 дугаар байрны IV орцны гуравдугаар давхарт оршин суух хаягтай, иргэн Б-гийн тагтан дээрх эд зүйлс шатаж байсныг алба хаагчид шуурхай унтраажээ.
- Орон сууцны гадна автомашин шатжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг “Цагаанхуаран” хотхоны 86/А дугаар байрны хажууд иргэн Э-гийн “Тоёота Акуа” загварын суудлын автомашин шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй унтраасан байна. Галын дуудлага өчигдөр орой 20:54 цагийн орчинд бүртгэгджээ.
БЯСАЛГАЛЫН ТӨВӨӨС АЛГА БОЛСОН ЭМЭГТЭЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ
- “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос алга болсон 25 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О нь өнгөрсөн долдугаар сарын 31-нд орой 22:35 цагт сураггүй болсон. Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.
- Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Монос” амралтын газарт амарч байсан, 41 настай эрэгтэй усанд осолдож, амь насаа алджээ. Тэрбээр энэ сарын 4-нд сураггүй алга болсон бөгөөд эрлийн баг “Сөгнөгөр” голын уснаас өчигдөр өглөө 10:30 цагийн орчимд цогцсыг нь олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ