Улаанбаатар-Хонгконг чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр (2020.09.08) 06.25 цагт Улаанбаатар хотоос хөөрч, 16.45 цагт Улаанбаатарт газардав. Гэвч техникийн саатлын улмаас 12.05 цагаас Хонгконгоос Улаанбаатар руу хөөрөх ёстой онгоц одоог хүртэл хөөрөөгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 16.00 цагт хөөрөхөөр төлөвлөж байгаа ч нислэгийн хуваарь нь тодорхой болоогүй байна гэж “МИАТ” компаниас мэдээлэв.
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас есдүгээр сард Хонгконг руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ гэж мэдэгдсэн. Өнөөдөр нэг нислэг нь газардаж байна. Өнөөдрийн нислэгт 262 иргэн багтсан бөгөөд АНУ, Австралид байгаа иргэдийг түлхүү авч ирж байна.
Уг нислэгт Сан Францискод байгаа Консулын газарт бүртгүүлсэн 130 гаруй иргэн, Вашигтон дахь Элчин сайдын яаманд бүртгүүлсэн 140 гаруй иргэн, Австралиас буцах хүсэлтэй 50 гаруй иргэн багтсан. Есдүгээр сарын 15-нд Хонгконг руу дахин нэг нислэг үйлдэнэ. Энэ нислэгээр Канад, АНУ, Австрали улсад байгаа иргэдийг татах ажээ.
УЛААНБААТАР-ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН ОНГОЦ НИЙСЛЭЛД 16.45 ЦАГТ ГАЗАРДАНА
НЭМЭЛТ 16:00 ЦАГ
Улаанбаатар-Хонгконг чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.09.08/ 06.25 цагт Улаанбаатар хотоос хөөрчээ. Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 46, өндөр настан 37, бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн гурав, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн багтсан байна.
Иргэдийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, “Корпорейт” зочид буудал, “Эрхэс”, “Наранбулаг” амралтын газруудад тусгаарлана. Тусгай үүргийн онгоц өнөөдөр 16.45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
УОК-оос есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах шийдвэр гаргасан. Үүнд:
- 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 8-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 12-нд Токио-Улаанбаатар
- 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 17-нд Хонг Конг-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
- 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
- 9 сарын 28-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
А.СҮРЭН