Монгол орлон тоглогчид "Марвел"-ын кино төсөл дээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Монгол орлон тоглогчид "Марвел"-ын кино төсөл дээр ажиллаж байна

Монгол орлон тоглогчид "Марвел"-ын кино төсөл дээр ажиллаж байна

“Уолт Дисней” кино компанийн шинэ бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны кино дэлхий дахинаа нээлтээ хийсэн. Уг бүтээлд монгол залуус эзэнт гүрний цэргүүд, хааны хамгаалагчийн дүрд тоглосноос гадна алдарт жүжигчин Жэт Лигийн орлон тоглогчоор амжилттай ажиллажээ.

Монгол киноны орлон тоглогчид 2018 онд Шинэ Зеланд улсыг зорин очиж, хоёр сар гаруй хугацаанд ажилласан байна. Тодруулбал, мэргэжлийн 15 орлон тоглогч, морь унаач 35 хүн, дөрвөн орчуулагчийн баг урилгаар ажиллажээ. “Монгол орлон тоглогч” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түвшинбаатар, А.Бямбадорж нартай ярилцсанаа хүргэе.

-“Уолт Дисней” кино компанийн шинэ бүтээл “Мулан” кино Монголд албан ёсны нээлтээ хийлээ. Дэлхийн хэмжээний кинонд монгол уран бүтээлчид анх хэрхэн ажиллах болсон тухай ярихгүй юу?

А.Бямбадорж: Өнгөрсөн 2013 онд “Марко Поло” төсөл анх хэрэгжиж, би болон “Монгол орлон тоглогчид”-ын холбооны цөөн гишүүн ажилласан. Тухайн үедээ бид Монголын уран бүтээлчдийн авьяас чадварыг дөвийлгөхөөс илүүтэй “Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллаж болох юм байна. Ийм боловсон хүчин байдаг юм” гэдэг ойлголтыг төрүүлөх зорилготой байсан. Энэ төсөл гурван жил үргэлжилж, 22 цуврал хийсэн.

“Марко Поло” төсөл дээр бидний ажилласан үнэлэмж их сайн байсан юм билээ. Тэрнээсээ улбаалан “Мулан” киноны төсөл дээр биднийг татан оролцуулсан юм. “Марко Поло” төсөл дээр хамтран ажиллаж байсан хүмүүстэй эргэн холбоо барьж, “Мулан” киноны зураг авалтаар Шинэ Зеланд руу Монголоос 54 хүн явсан.

Үүнд, 15 мэргэжлийн орлон тоглогч, 35 морь унаач, дөрвөн орчуулагч багтсан. Мэргэжлийн орлон тоглогчоос гадна морь унаж зураг авахуулах хүмүүс дотроо киноны төрөл бүрийн мэргэжилтнүүдийг авч явсан. Тэдний дунд зураач, оператор, техникийн ажилтан, найруулагч нар ч багтсан байгаа.

Ингэснээр дэлхийн том хэмжээний продакшны үйл ажиллагаа хэрхэн явагддагийг өөрсдийн нүдээр үзэж, Монголынхоо кино урлагт хувь нэмрээ оруулахыг хүссэн гэдгийг дурдах нь зүйтэй байх. Энэ төсөл амжилттай болж, холбооны зарим гишүүд Австрали улсад “Марвел” продакшны дараагийн шинэ төсөл дээр ажиллаж байна. Одоогоор нэр нь нууц байгаа юм.

-“Марвел” студийн киноны төсөл дээр хэчнээн орлон тоглогч ажиллаж байгаа вэ?

А.Бямбадорж: Австрали улсад анх 10 хүний бүрэлдэхүүнтэй очиж, 26 хоногийн зураг авалтад оролцсон. Эхний ажлаа гүйцэтгэсэн таван орлон тоглогч эх орондоо буцаж ирсэн. Одоо Австралид нэг орчуулагч, дөрвөн орлон тоглогч ажиллаж байна.

-“Мулан” кинонд дэлхийн хэдэн орны орлон тоглогч ажилласан бэ?

Б.Түвшинбаатар: “Мулан” кино бол маш том төсөл. Маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн кино. Энэ багт манай багаас 54 хүн, Казахстан улсаас 10 гаруй хүн, Шинэ Зеланд улсын орлон тоглогчид, БНХАУ-ын орлон тоглогчид гээд олон улсын орлон тоглогчидтой хамтран ажилласан.

Миний хувьд 2018 оны есдүгээр сарын 4-нд “Мулан” киноны зураг авалтад Францаас ирсэн орлон тоглогчтой хамт явсан. Тэр эмэгтэй “Мулан” киноны гол дүрийн жүжигчин бүсгүйн морь унаачаар ажилласан юм. Шинэ Зеландын ард түмэн их найрсаг, нөхөрсөг санагдсан. Газар зүйн байрлал нь Монгол оронтой их төстэй юм билээ. Бид мориороо дамжуулан үндэсний соёлтойгоо танилцаж, ярилцсан.

-Монгол орлон тоглогчдын ур чадварыг хэрхэн үнэлж байв?

А.Бямбадорж: “Мулан” кинон дээр манай багийн орлон тоглогчид ур чадвараараа дутсан зүйл ажигдлагдаагүй. Адилхан л хийх ёстой ажлаа хийсэн. Монгол уран бүтээлчдийн хувьд ур чадвартай хэдий ч олон улсад гарах нөхцөл боломж нь жаахан хэцүү шүү дээ.

“Мулан” киноны зураг авалтуудыг харахад хоёр талын дүрүүдийн тулааны болон морьтой хэсгүүдийн 90 хувьд монгол залуус гарч байгаа. Тэр бүх тоглолтыг үнэмшилтэй хийж, амжилттай ажиллаж чадсан. Өөрөөр хэлбэл, монгол орлон тоглогчдын морио унаж, тулаанаа гаргаж чадаж байгаа байдал нь тэр олон зураг авалтуудаас хамгийн үнэмшилтэй нь байсан болов уу.

Харин Бор хааны өөрийнх нь бие хамгаалагчдын дүрд Казахстаны орлон тоглогчдын “Номад” баг ажилласан.

-“Мулан” киноны жанжны гол дүрд алдарт жүжигчин Жэт Ли тоглож, түүний орлон тоглогчоор монгол залуу ажилласан гэсэн үү?

Б.Түвшинбаатар: Манай холбооны үүсгэн байгуулагчдын нэг А.Лхагвасүрэн ах маань одоо БНСУ-д “Жамп” театрт жүжигчнээр ажилладаг. Анх “Мулан” киноны зураг авалтаар явахдаа “Ямар ч байсан нэг жүжигчний орлон тоглогчоор ажиллах магадлалтай. Биеийн өндөр, хэмжээ яг таарч байгаа” гэдгээ хэлж байсан.

Тэгсэн тэнд очоод алдартай жүжигчин Жэт Лигийн орлон тоглогчоор ажиллах завшаан тохиосон. Орлон тоглогч А.Лхагвасүрэн ах “Би гэрээн дээр гарын үсэг зуран зуртлаа Жэт Лигийн орлон тоглогчоор ажиллана гэдэгтээ огт итгээгүй” гэж хэлж байсан. Түүний хувьд Монголоос хамгийн анх дэлхийн алдартай жүжигчний орлон тоглогчоор ажилласан уран бүтээлч болсон.

-“Монгол орлон тоглогчид”-ын холбоог хэзээ байгуулсан бэ. Хэчнээн орлон тоглогч гишүүнтэй вэ?

Б.Түвшинбаатар: Бид “Монгол орлон тоглогч” холбоогоо үүсгэн байгуулаад удаагүй байна. Өмнө нь “Тэнгэрийн чоно”, “Аction crew” гээд хоёр тусдаа баг байсан. Монголдоо тусдаа үйл ажиллагаа явуулдаг ч зарим кино уран бүтээлд хамтран ажиллах тохиолдол гардаг. Тиймээс бид ажил хэргийн болоод ахан дүүсийн холбоотой ажилладаг байлаа.

Гадаадын том кино уран бүтээлд ажиллахдаа Монгол Улсынхаа нэрэн дор нэгдэж, “Монгол орлон тоглогч” холбоо болон өргөжсөн. Одоогийн байдлаар БНСУ, Япон, ОХУ, “Марко Поло” цуврал, “Мулан” зэрэг тав дахь төсөл дээр хамтран ажилласан. Одоо зургаа дахь гадаадын төслөөр Австрали улсад ажиллаж байна. Манай холбоо мэргэжлийн 20 орчим орлон тоглогчтой. Нийт 40 орчим морь унаачтай. Монголдоо орлон тоглогчийн хамгийн том баг.

-Орлон тоглогч их эрсдэлтэй мэргэжил. Гадаадын зах зээлд орлон тоглогчийн хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг бол?

Б.Түвшинбаатар: Холливудын хэмжээний кино төсөлд ажиллахад цаанаасаа олон улсын стандартад заасан цалин хөлс авдаг. Монголын кино урлагт энэ үнэлэмж өөр шүү дээ. Бид байгаа нөхцөлдөө тааруулж, ярилцаж ажлаа хийдэг. Орлон тоглогчийн ажил маш хүнд, хэзээ ч үхэж болох мэргэжил. Холливудын кинонд орлон тоглогчгүй кино гэж байдаггүй. Ямар нэгэн хэсэгт заавал орлон тоглогч авдаг.

Хэрвээ гол дүрийн жүжигчин зураг авалтын үеэр гэмтвэл тэнд төлөвлөсөн ажлын хугацаа, маш их мөнгөний алдагдалд орно. Тийм учраас тэр эрсдлээс хамгаалж, орлон тоглогч тоглуулдаг. Энэ ажлыг хийхийн тулд бид маш олон талын бэлтгэлийг тогтмол хийдэг. Зэвсэгтэй харьцах, морь унах, машин барих, өндрөөс унах, усанд сэлэх гэх мэт олон төрлөөр бэлтгэл хийнэ. Гол дүрийн жүжигчний хийж чадахгүй бүхий л эрсдэлтэй хэсгүүдэд орлон тоглодог гэсэн үг.

Мэргэжлийн орлон тоглогч бэлтгэдэг сургууль гэж байхгүй шүү дээ. Орлон тоглогчид мэргэжлийн жүжигчин хүмүүс байх ёстой юу, тамирчин хүн байдаг уу?

Б.Түвшинбаатар: Монголд орлон тоглогч бэлтгэдэг сургууль байхгүй. Миний сонссоноор БНСУ-д “Action school” гээд тулааны найруулагч, зураглаачаар бэлтгэдэг сургууль байсан ч үйл ажиллагаа явуулахаа больсон. Одоо Францад нэг орлон тоглогчийн сургууль байдаг гэж сонссон.

Тэрнээс биш мэргэжлийн орлон тоглогч бэлтгэдэг сургууль гэж байхгүй. Хувь хүн сонирхлоороо, өөрсдийн хүсэл мөрөөдлөөр энэ мэргэжлээр ажиллаж байна. Ялангуяа Б.Болдбаатар, Б.Наранбаатар, А.Лхагвасүрэн, Хадаа гэх залуус Монголд орлон тоглогч мэргэжлийг мэдэхгүй байхаас нь өдий зэрэгтэй авч яваа хүмүүс.

Ер нь орлон тоглогч хүн тал бүрийн авьяастай байдаг. Ихэнхдээ тулааны болон спортоор хичээллэж байсан хүмүүс байдаг.  Жишээлбэл, таэквондо, каратэ, бөх, самбо, хаданд авиралт зэрэг спортоор хичээллэнэ. Харин багаараа мэргэжлийн орлон тоглогчийнхоо бэлтгэлийг хийдэг.

-Монголынхоо хэчнээн уран бүтээлд орлон тоглогчоор ажилласан бэ?

Б.Түвшинбаатар: Холбоо маань нэгдсэнээсээ хойш Монголынхоо 50 орчим дэлгэцийн уран бүтээлд орлон тоглогчоор ажилласан. Жишээлбэл, хүмүүсийн сайн мэддэгээр “Зүрхний хилэн”, “Говийн домог”, “Байтаг богд”, “Үргээлэг” гэх мэт. Ерөнхийдөө бид тулаант төрлийн кинон дээр ажилладаг. Зарим нэг уянгын болон инээдмийн кинонд машинд мөргүүлэх, өндрөөс унах, жижиг тулааны хэсгүүдэд орлон тоглогчоор ажилладаг.

-Зураг авалтын үеэр хүнд бэртэл гэмтэл авч, золгүй явдал тохиож байсан уу?

А.Бямбадорж: Монголд золгүй явдал болж, хүнд бэртэл авч байсан тохиолдол байхгүй. Галд түлэгдэж, шагайгаа булгалах зэрэг ганц нэг гэмтэл авдаг. Гэхдээ багаараа тэр эрсдлийг сайн тооцоолж, бэлтгэлээ маш сайн хийдэг. “Энхиийн цагт хөлс их урсвал дайны цагт цус бага урсана” гэдэг шүү дээ. Бэлтгэл хэдий чинээ сайн байна. Төдий чинээ гэмтэл бага авдаг.

Бид хувийнхаа зааланд долоо хоногийн долоон өдөр 3-6 цагийн тогтмол бэлтгэл хийдэг. Өндрөөс унах, аэкробатын бэлтгэлийг спорт цогцолборт хийдэг. Морин дээрээ давхиж, сур харвах бэлтгэлээ хийнэ. Манай багийн хамгийн том давуу тал нь багийн системтэй ажилладаг. Нэг хүн хүнд хэсэг хийж байвал бусад нь ар талд нь аюулгүй байдлыг нь хариуцдаг. Тиймээс алдаа гарах нь маш бага.

-Зарим үзэгчид “Мулан” киноны гол дүрийг монгол охин байсан гэж шүүмжлэлтэй хандаж байна. Та бүхний хувьд ямар байр суурьтай байна вэ?

А.Бямбадорж: Ер нь хүний хүсэл мөрөөдөл, зорилго харилцан адилгүй байдаг учраас сайшааж байгаа нэг хэсэг байгаа бол болох, болохгүй шалтгаанаар үгүйсгэж байгаа хүмүүс ч байна. Миний хувьд хүлээж авахад хэцүү байгаа хүмүүст хандаж хэлэхэд гадаад зах зээлд зориулагдан кино үзэх соёл нь тогтсон, мөнгөө төлөх сонирхолтой байгаа үзэгчдэд зориулсан, гадны хөрөнгө оруулалттай кино.

Бидний зүгээс дорвитой хувь нэмэр оруулаагүй байж, дипломат харилцаагаа мартаж, манай түүх гэх хэрэггүй болов уу. Ялангуяа “Мулан” кинонд түүх гуйвуулсан зүйл огт байхгүй. Зүгээр нэг охины домог шүү дээ. Эсрэгээрээ Монголын эртний хоёр улсын түүхийг харуулж, Монголын нэрийг дэлгэцийн бүтээлээр алдаршуулж байна шүү дээ.

-Тулаант киноны олны хэсгийн зураг авалтыг хэрхэн хийдэг вэ. Зураг авалтын талбайд хэчнээн хүн ажилладаг юм бол?

А.Бямбадорж: “Мулан” киноны зураг авалтын үеэр нийт 800 гаруй хүн ажиллаж байсан. Яг тулаантай  хэсэгт камерт гарч байгаа нь 60-100 гаруй хүн байдаг. Мэдээж анхдагч зураг авалтаа авчихаад компьютер график ашиглан хүний тоог өсгөдөг байх жишээтэй. Гол тулааны хэсгийг үзүүлэхдээ орлон тоглогч ашигладаг.

-Та бүхэн цаашдын зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

А.Бямбадорж: Цаашдаа манай холбооныхон маш том зорилго өмнөө тавьж буй. Холливудын хэмжээний гурван ч том төсөл дээр маш амжилттай ажиллалаа. Дараагаар нь Монголынхоо уран бүтээлчидтэй хамтран Холливудын хэмжээний уран бүтээл хийх мөрөөдөлтэй.

Монгол Улс хэдэн зууны түүхтэй, тэр түүхэн цаг хугацаанд олон тулаан хийж, ялалтаар дуусгаж чадсан баатарлаг ард түмэн. Тэр түүхээрээ дэлхийн хэмжээний дэлгэцийн бүтээл хийх зорилго бий. Орчин цагт кино урлаг хүмүүсийг ухуулан сурталчлах нэг хэрэгсэл болжээ. Тиймээс бид Монголынхоо түүхийг үнэн зөв, бодитоор, яруу сайхнаар өгүүлсэн дэлгэцийн бүтээл хийхийг хүсдэг.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж