"Валютын зөрүүнээс болж гурилын үнэ нэмэгдсэн"

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

"Валютын зөрүүнээс болж гурилын үнэ нэмэгдсэн"

"Валютын зөрүүнээс болж гурилын үнэ нэмэгдсэн"

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1400 төгрөгийн үнэтэй байна. Талхны үнэ ийнхүү өссөн  шалтгааныг худалдагчид гурилын үнэ өссөнтэй холбон тайлбарлаж иргэдийн амыг таглах болжээ. Тиймээс гурилын үнийн өсөлтөд юу нөлөөлж байгаа талаар сурвалжлахаар өчигдөр /2020.09.07/ “Барс” хүнсний захыг зорилоо. Тус захын хаах цаг болсон болоод ч тэр үү хүмүүсийн  хөл хөдөлгөөн багатай байв. Гадна талбайд байрлах гурилын бөөний худалдааны төв рүү ормогц л худалдагч нар  “Гурил аваарай, ямар гурил авах вэ, машин чинь хаана байгаа юм бэ, дөхүүлээд өгнө шүү” хэмээн хажуугаараа өнгөрөх ганц нэг хүнийг “байцаах” аж. Хүмүүс нааш цааш холхиж, лангуунаас лангуу дамжин гурилын үнэ асууна.

Хүүгийнхээ явуулсан мөнгөөр гурил худалдаж авч байна хэмээн ярих эмээг н.Хорлоо гэдэг. Тэрбээр ярихдаа “Гурилын үнэ ялимгүй нэмэгджээ.  Тэтгэврийн бидэнд бол хэцүү л байна” гэв. 

АРАВДУГААР САРД ГУРИЛЫН ҮНЭ 50-60 ТӨГРӨГӨӨР БУУРНА

“Барс” хүнсний захын  “Алтан тариа” төвийн гэрээт борлуулагчдын хэлж буйгаар  3-4 сар гэхэд дотоодын улаанбуудайн нөөц дуусч, хомсдолд ордог гэнэ.  Улаанбуудайг дан ганц гурил гэлтгүй архи, спиртний үйлдвэрүүд хэрэглэдэг учраас үлдсэн буудайг нь гурилын үйлдвэрүүд хоорондоо үнэ “цохиж” авдаг аж. Улмаар улаанбуудайн нөөц дуусмагц ОХУ-аас татдаг. Гэтэл сүүлийн саруудад рублийн ханш өсөөд байгаа нь гурилын үнэд нөлөөлсөн бололтой.

Валютын зөрүүнээс болж  үнэ нь өсч, наймдугаар сарын 1-нээс гурилын үнэ килограмм /кг/ тутамд 100 төгрөгөөр нэмэгдсэн.

Ерөнхийдөө өдийд гурилын үнэ өсдөг үе. Аравдугаар сараас дотооддоо улаанбуудайгаа хураагаад эхлэхээр гурилын үнэ 50-60 төгрөгөөр буурах гэнэ.   “Алтан тариа” төвийн гэрээт борлуулагчид учраас кг тутамд 20-30 төгрөг буулгаж авдаг. Тухайлбал, “Улаанбаатар гурил” ХХК-ийн шуудайтай нэгдүгээр гурил үйлдвэрээсээ нэг кг нь 1050 төгрөгөөр ирдэг.  Гурилын ченжүүд уг үнэ дээр 30 төгрөг нэмээд  иргэдэд 1080 төгрөгөөр зардаг байна. Харин  “Алтан тариа” ХХК-ийн нэгдүгээр зэргийн  гурил үйлдвэрээсээ нэг кг нь 1100 төгрөгөөр ирдэг бол иргэдэд бид 1150 төгрөгөөр зардаг. Харин жижиг дэлгүүрүүд манайхаас гурил бөөндөж аваад ойролцоогоор 20 хувь нэмж зардаг аж.

 “Барс” хүнсний зах дотор “Алтан тариа” задгай дээд гурил нэг кг нь 1400, нэгдүгээр зэргийн гурил 1200, савласан дээд гурил 1400, савласан нэгдүгээр зэргийн гурил 1250 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Ерөнхийдөө нийслэлийн томоохон хүнсний зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1400-1800 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1200-1500 төгрөг, хоёрдугаар зэргийнх 900-1000 төгрөгөөр зарагдаж буй.

СУДАЛГАА: ЕСӨН НЭР БАРААНЫ ҮНЭ ӨССӨН

Нийслэлийн Статистикийн газрын есдүгээр сарын 2-ны өдрийн үнийн судалгаанд дурдсанаар есөн нэр барааны үнэ өссөн гэжээ. Үүнд шуудайгаар нь худалдаалж буй  “Алтан тариа”” ХХК-ийн нэгдүгээр зэргийн гурил, “Алтан тариа” савласан нэгдүгээр зэрэг, “Алтан тариа” савласан хоёрдугаар зэргийн гурил болон “Сүү” ХК-ийн 0.5-1 литрийн сүү, тараг зэрэг бүтээгдэхүүнүүд багтжээ. Тодруулбал,   “Алтан тариа” компанийн  шуудайгаар худалдаалж буй нэгдүгээр зэргийн гурил,

  • Долдугаар сарын 1-нд 1156, наймдугаар сарын 5-нд 1182 төгрөг байсан бол есдүгээр сарын 2-ны байдлаар 1230 төгрөгт хүрчээ.
  • Харин савласан нэгдүгээр зэргийн гурил нь долдугаар сарын 1-нд 1195, наймдугаар сарын 5-нд 1224, есдүгээр сарын 2-нд 1288 төгрөгөөр зарагдаж байжээ.

Татварын өөрчлөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханш жаахан чангарахыг анаж байсан юм шиг бараа, бүтээгдэхүүний үнээ нэмчихдэг наймаачид энэ бүхэн буурахаар нь дагаад үнээ буулгадаг нь ховор. Бараг үгүй дээ.

Уг нь төрийн түрийвчин дэх мөнгөний талыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг атал өнөөдрийг хүртэл өргөн хэрэглээний барааны үнэ өслөө хэмээн дуугарч, гоншигонож байсангүй.

Тэр хэрээр өссөн өртөгтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоороо нөхсөн амьдрал нь яг хэвээр. Ингээд юмны үнэ өсч, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд чинь туйлдаж, тартагтаа тулж байна. Үе үе шатахууны үнэ өснө гэсэн айдаст автахгүй өглөө босоод ирэхэд өдөр тутмын хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй байх нь жирийн иргэдийн хувьд хамгийн чухал.

ҮНЭЭ НЭМСЭН КОМПАНИУДЫГ ШАЛГАНА

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/  есдүгээр сарын 3-наас эхлэн нийслэлийн зургаан дүүрэг дэх 30 худалдааны төв, гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн байна.

Судалганаас харахад “Алтан Тариа" ХХК-ийн гурил кг тутамд 30-330 төгрөгөөр, "Талх Чихэр" компанийн бүтээгдэхүүнүүд 60-330 төгрөгөөр тус тус нэмэгдсэн” гэжээ.

“Атар” талх үйлдвэрээсээ 1200 төгрөгөөр гарч байгаа хэдий ч гадуур 1300-1400 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Харин “Алтан тариа” компани гурилын үнээ 30-330 төгрөгөөр нэмсэн бол бусад гурилын үйлдвэрүүдэд хийж буй шалгалт үргэлжилж байна. Талхны үнэ нэмэгдсэн шалтгааныг “Талх чихэр” ХК-ийн төлөөлөл тайлбарлахдаа дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт нэвтрүүлж байгаатай холбоотой гэжээ. Мөн валютын ханшийн өсөлт, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргээс шалтгаалж бүтээгдэхүүний үнээ есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ "Талх Чихэр" компанийн нийт үйлдвэрлэлийн 50-60 хувийг эзэлдэг, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон "Атар" талхны үнийг нэмээгүй. Жижиглэнгийн дэлгүүрүүд үнийг нь нэмсэн байж магадгүй” гэжээ.

Тиймээс ШӨХТГ-аас талх, гурилын үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд үнээ буулгах үүрэг даалгаврыг албан тоотоор хүргүүлжээ. Хэрэв үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийг үндэслэн хуулийн этгээдийг 20 сая хүртэлх төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж