Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын улмаас хичээл сургуулийн үйл ажиллагааг долоон сарын хугацаанд завсарласны эцэст өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар эхлүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор боловсролын байгууллагуудын хяналт шалгалтын үйл явцын талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын улсын ахлагч байцаагч С.Лхагвадуламаас тодрууллаа.
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 0196 тоот удирдамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 938 байгууллагыг зарлаж, хяналт шалгалтад хамрууллаа. Өнөөдрийн байдлаар хяналт шалгалтад нийтдээ 894 байгууллагыг хамруулан ажиллаж байна. Зарим байгууллагууд дээр хяналт шалгалт хийх боломжгүй газрууд үлдсэн. Нийтдээ өнөөдрийн байдлаар 1017 зөрчил илрүүлэн, Зөрчлийн тухай хуулиар 14 албан тушаалтанд торгуулийн болон сануулах арга хэмжээ хүргүүлэн ажиллаж байна. Мөн үйл ажиллагааны хаяг байрлалаа өөрчилсөн, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг болон сургуулийн үйл ажиллагааг хаах саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэхээр ажиллаж байна.
-Ихэвчлэн ямар төрлийн зөрчил илэрч байна вэ?
-Анги танхим дүүргэлтийн хувьд хүндрэлтэй байна. Төрийн бус өмчийн сургуулиуд дээр 20-25 хүүхэдтэй байгаа бол төрийн өмчийн сургуулиуд дээр энэ нь туйлын хүндрэлтэй байна. Мөн шалгалтын явцад багшлах боловсон хүчин дутагдалтай байсан ч хичээл сургуулийн үйл ажиллагаа жигдрээд ирэхэд уг зөрчил буурсан байсан. Өндөржүүлсэн бэлэн байдалтай үед сургууль, цэцэрлэгүүд өөрийн онцлогт тохирсон төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой ч тодорхой хэмжээний зөрчлүүд гарсан.
-Боловсролын байгууллагуудын хяналт шалгалтын ажил хэдэн хувьтай байна вэ?
-Одоогийн байдлаар нийтдээ цэцэрлэг, сургуулиудын 94 хувь нь ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, үлдсэн газрууд нь өөрсдийн дотоод боломж бололцоогоор хийж, хүүхдүүдийг хүлээж авсан байна.
–Ариутгал халдваргүйтгэл хийгээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Хэрвээ халдвар хамгааллыг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй бол бид цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх тал дээр анхааруулга, зөвлөмж өгч ажиллаж байна. Шалгуулсан бүх сургууль, цэцэрлэгийн хувьд 97 хувьтай халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна. Энэ жилийн хувьд 938 байгууллагыг гурван чиглэлээр шалгасан. Нэгдүгээрт, боловсролын хяналтаар (цахим болон теле хичээл, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж, сурах бичиг). Хоёрдугаарт, эрүүл ахуйн хяналтаар (халдвар хамгааллын дэглэм, коронавирусээс хэрхэн сэргийлж байгаа, багш нарын эрүүл мэндийн үзлэг, анги танхимын ариутгал халдваргүйтгэл). Гуравдугаарт, хүнсний чанар стандартын хяналтаар (Үдийн хоол, сургуулийн ойр орчмын худалдаа үйлчилгээ) гэх мэтээр ангилан, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.
Б.СУМЪЯАБАЗАР