Месси: Би явахгүй ээ, энэ бол эцсийн шийдвэр

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Месси: Би явахгүй ээ, энэ бол эцсийн шийдвэр

Месси: Би явахгүй ээ, энэ бол эцсийн шийдвэр

Бид та бүхэндээ Лионель Мессигийн дэлхийн алдарт Goal.com цахим хуудаснаа өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр өнгөрөгч сард Барселона багаасаа явна гэдгээ мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан анх удаагаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ байлаа.


-Сайн уу? Лео, чамтай хамт энд байгаадаа баяртай байна. Сүүлийн хэдэн өдөр тун ярвигтай өнгөрлөө. Эхний асуулт бол мэдээж яагаад олны өмнө ингэж гарч, хэвлэлд ярилцлага өгөх болов ?

-Юуны өмнө Лисбонд тохиолдсон ялагдал надад үнэхээр хүнд туссан. Байерн Мюнхенийг хүчтэй  өрсөлдөгч гэдгийг мэдэж байсан ч тийм үр дүнгээр төгсч, Барселон хот болон багаа гутамшигт байдалд оруулна гэж бодсонгүй. Үнэхээр хэцүү байсан. Би юу ч хийж чадахгүй юм шиг санагдаж байлаа. Тоглолтын цагийг хурдан дуусч, талбайгаас гарч юу болоод өнгөрсөн талаар тунгаан бодохыг хүсч байсан.

-Яагаад Барселонагаас явахаар болсноо мэдэгдсэн юм бэ?

-Багтаа түүний дотор ерөнхийлөгчдөө багаас явмаар байгаагаа хэлсэн. Би ерөнхийлөгчид энэ талаар бүтэн жил ярьсан. Тэр ч ерөнхийлөгчийн суудлаа тавьж өгөх цаг нь болсон гэдэгтээ итгэлтэй байсан. Багт шинэ авьяаслаг залуу тоглогчид, шинэ санаанууд хэрэгтэй байсан. Тиймээс л миний Барселона дахь цаг дууссан юм байна гэж би бодсон. Тэр үед үргэлж Барселонад тамирчны замналаа дуусгана гэж хэлдэг байсан ч явах болсондоо харамсч байлаа. Өнгөрсөн улирал үнэхээр хэцүү өнгөрсөн. Бэлтгэл дээрээ, тоглолт дээр, хувцас солих өрөөнд хүртэл зовлонтой байсан. Бүхий л зүйл надад хэцүү болж ирсэн. Цаг нь ч ирсэн гэж бодоод шинэ амбиц хайж эхэлсэн. Өмнө нь мэдэрч байгаагүй шинэ адал явдал, сорилтой нүүр тулахыг хүссэн. Зөвхөн УЕФА Аваргуудын лигт Байерн Мюнхенд хожигдоод багаасаа явах шийдвэрээ гаргаагүй юм шүү. Би энэ шийдвэрийг гаргах гэж урт удаан бодсон. Би ерөнхийлөгчид явах тухайгаа хэлэхэд тэр үргэлж л "Улирлын төгсгөлд явах эсвэл үлдэхээ эсэхээ чи өөрөө шийдээрэй" гэж хэлдэг байсан. Гэвч улирлын төгсгөлд тэр хэлсэн үгэндээ эзэн болоогүй.

-Өмнө нь одоо байгаа шигээ ганцаардаж байв уу?

-Үгүй ээ, би ганцаардаж үзээгүй. Үргэлж миний талд зогсдог хүмүүс бий. Энэ нь л надад хангалттай мөн үүнээс би зоригждог. Гэхдээ хүмүүсээс, сэтгүүлчдээс, намайг Барселонад үлдэх эсэхийг асууж байсан хүмүүүсээс сонссон үгс намайг шархлуулсан. Яагаад намайг ингэж хэлж байгаа юм бэ гэж бодсон шүү. Үүний ачаар л хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг олж мэдлээ. Дэлхийн хөлбөмбөг үнэхээр ярвигтай. Маш олон худал, хуурамч хүмүүс байдаг. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг таньж чадлаа. Миний энэ багийг хайрлах хайранд эргэлзсэн хүмүүсийг сонсоод шархлах шиг л болсон. Би Барселонагаас явсан ч бай, үлдсэн ч бай миний Барсаг гэсэн хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Ашиг харсан байгууллагууд, таны найзууд сүүлийн өдрүүдэд их зүйл ярилаа. Гэхдээ таныг багаас явна гэсэн яриа гарч л байдаг. 20 жилийн дараа Барсагийн өмсгөлийг хамгаалахын яг юу нь хэцүү байв ?

-Миний найзууд, ашиг хонжоо харсан байгууллагуудын хэлж ярьж байсан болгон надад хүн туссан. Би үргэлж багаа нэгдүгээрт тавьдаг. Надад Барселонагаас явах зөндөө л боломж байсан. Мөнгөний төлөө гэж бодож байна уу? Жил болгон л Барселонаг орхиод энд авдгаасаа илүү их цалинг авах боломж гарч ирдэг. Гэвч би үргэлж Барселона миний гэр учраас орхиж явахад хэцүү гэж хэлсээр ирсэн. Би өмнө нь ч Барселонаг гэр орон минь гэж бодсоор ирсэн, одоо ч гэсэн тэгж бодож байна. Энэ хотоос илүү газар хайж олно гэдэг хэцүү шүү дээ. Нэг үе надад шинэ сорилт, шинэ зүйлс хэрэгтэй юм шиг санагдаж байсан.

-Хорин жилийн дараа бүх л амьдралаа зориулсан энэ хотоо, гэр бүлээ, Барселон хот дахь бүх зүйлээ орхиод явна гэдэг шийдвэр гаргахад хэцүү байсан биз ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ шийдвэрийг гаргах гэж удаан бодсон. Гэхдээ Байернтай хийсэн тоглолтын үр дүнгээс миний шийдвэр шалтгаалаагүй. Маш олон хүчин зүйлээс хамаарч би шийдвэрээ гаргасан. Би үргэлж л энд тамирчны замналаа өндөрлүүлж, энд үлдэхийг хүсдэг гэдгээ хэлж байсан. Гэхдээ би ялахыг юу юунаас илүү хүсч байсан. Барселона багтай хамт цомын тэмцээнүүдэд түрүүлж, дээд түвшинд энэ багийн өв уламжлалыг хадгалж үлдэхийг хүссэн. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ багт ялах ямар ч хүсэл эрмэлзэл байхгүйг би ойлгосон. Зүгээр л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байлаа. Түрүүн хэлсэнчлэн би гэр бүл болон багийнхаа сайн сайхан байдлыг үргэлж нэн тэргүүнд тавьдаг байсан. Эхнэртээ болон хүүхдүүддээ багаас явмаар байгаагаа хэлтэл үнэхээр аймаар зүйл болсон. Гэр бүлийнхэн маань бүгд уйлалдаад л, хүүхдүүд минь Барселон хотыг орхимооргүй байгаагаа мөн найзуудаасаа салж, сургуулиа солимооргүй байна гэдгээ хэлсэн. Гэтэл би гэдэг хүн чинь өөрийгөө алс харь газарт байгаагаар төсөөлчихсөн дээд түвшинд өрсөлдөж, УЕФА Аваргуудын лигт түрүүлж, олон олон цомын эзэн болохыг хүссэн. Энэ л миний сүүлийн хэдэн жил хүссэн, тэмцэхийг хичээсэн, ялахыг зорьсон зүйлс. Ахин Ром, Ливерпүүл, Лисбонд тохиолдсон гутамшигтай үйл явдлын нэг хэсэг байхыг хүсээгүй. Намайг багаас явах шийдвэр гаргахад энэ бүгд нөлөөлсөн. Би хувьдаа өөрийгөө багаас үнэгүй явж болно гэж бодсон. Багийн ерөнхийлөгч хүртэл улирлын төгсгөлд намайг явах, эсвэл үлдэх эсэхээ өөрөө шийд гэж хэлсэн. Гэвч тэд намайг зургадугаар сарын 10-наас өмнө хаашаа ч явуулахгүй гэж зөрүүдэлсэн. Зургадугаар сарын 10-ны өдөр болсон ч бид цар тахлын улмаас түр зогсоод байсан Ла лигийнхээ нөхөн тоглолтуудыг хийж байлаа. Би багаа замын дундаас орхихыг хүсээгүй учир үргэлжлүүлэн тоглосоор байсан. Ерөнхийлөгч надад хэлэхдээ миний гэрээг чөлөөлөх 700 сая еврог аль нэг баг төлж байж л намайг явах боломжтой гэсэн. Гэхдээ энэ мөнгөн дүнг төлөх ямар ч боломжгүй шүү дээ. Өөр нэг арга замаар багаас явах боломж байсан л даа. Тэр нь Барселона багийн эсрэг шүүхэд гомдол гаргах. Гэвч би энэ багт хайртай учраас тийм зүйл хийхийг хүсээгүй. Энэ баг намайг анх ирсэн цагаас л эхлэн сайн хандаж, миний амьдралын нэг хэсэг болсон. Би Барселонад амьдралаа босгосон шүү дээ. Барса ч надад бүгдийг өгсөн, би ч Барсад бүгдийг өгсөн. Хэзээ ч шүүх дээр Барсагийн эсрэг гомдол мэдүүлээд зогсохгүй гэдгээ би мэдэж байсан.

-Энэ л асуудал таныг сүүлийн үед зовоосон юм байна. Тийм үү? Таныг Барселона багт хохирол учруулна гэж үзэх олон хүн байсан. Гэтэл та энэ багийг олон жил хамгаалж, туг нь байсаар ирсэн. Хүмүүс таны үнэнч байдалд эргэлзэж эхлэхэд хэцүү байв уу?

-Над руу болон бүгдэн рүү нь чиглэсэн маш олон үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлст би эмзэглэсэн. Мөн намайг Барселонатай шүүхдэлцэх гээд өөрөө бэлдээд явж байна гэсэн мэдээ миний дургүйг хүргэсэн. Би хэзээ ч тийм зүйл хийхгүй шүү дээ. Би дахин хэлье, би багаас явахыг хүссэн. Энэ бол миний эрхийн асуудал. Гэхдээ багтай байгуулсан гэрээ маань хүчинтэй байгаа учир би хаашаа ч явахгүй. Тиймээс "Би явахгүй ээ. Энэ бол эцсийн шийдвэр". Би зүгээр л тамирчны замналынхаа сүүлийн хэдэн жилийг аз жаргалтай өнгөрүүлэхийг хүссэндээ явах талаар бодож байсан юм. Би сүүлийн жилүүдэд Барсатай хамт аз жаргалыг олоогүй ээ.

-Та бол төрөлхийн ялагч. Цомын төлөө өрсөлддөг багт байна. Хожих эсвэл хожигдох нь хамаагүй ч Барса сүүлийн улирлуудад Европын тэмцээнд сайн өрсөлдөж чадсангүй. Харин одоо дахин Барсаг ахлах болж байна. Гэхдээ Барселонад шинэчлэн сайжруулах, солих зүйлс байгаа биз дээ ?

-Би Барсад үргэлжлүүлэн тоглохоор боллоо. Хичнээн би энэ багаас явахыг хүссэн ч миний хандлага хэзээ ч өөрчлөгдөхгүй ээ. Би үргэлж сайнаараа хичээх болно. Би үргэлж ялагдаад байхыг хүсэхгүй байна. Би ялахыг, тэмцэхийг хүсч байна. Багийн төлөө, хувцас солих өрөөны төлөө, өөрийнхөө төлөө би үргэлж сайн сайхныг хүсдэг. Өмнө нь ч гэсэн хэлж л байсан. УЕФА Аваргуудын лигт түрүүлэх боломж бололцоог багийн зүгээс хангаж чадахгүй байна. Үнэндээ одоо цаашдаа юу болохыг би мэдэхгүй байна. Шинэ дасгалжуулагч, шинэ тактик төлөвлөгөөтэй боллоо. Энэ нь сайн мэдээ ч баг хэрхэн үүнд дассан зохицох вэ гэдгээс хамаарч бид дээд түвшинд тоглож чадах эсэх нь тодорхой болно. Миний хэлж чадах зүйл бол би багтаа үлдэж байна. Багийнхаа төлөө бүхнээ дайчлах болно.

-Та маш олон зүйлийн талаар ярилаа. Бидний ярилцлагыг хүмүүс үзээд намайг "Чи энийг асуухгүй яасан юм бэ" гэх байх. Барселона багаас явчихсан бол танд энэ баг, энэ хот хамаагүй болчих байсан уу? 

-Миний Барселонаг гэсэн үнэнч байдалд эргэлзсэн хүмүүсийг хараад би их шархалсан. Энэ олон жилийн дараа маш их зүйл үзэж туулсны дараа би Барсад хайртай хэвээрээ л байна. Барсад би талархаад баршгүй. Энэ газраас өөр илүү сайхан газрыг олно гэж үгүй. Одоо ч хүртэл надад сонголт хийх эрх бий. Хэрэв ерөнхийлөгч болон гэрээ хүлээн зөвшөөрсөн бол би шинэ сорилт, шинэ зорилгын эрэлд гарахад бэлэн байсан. Барселонад миний бүх зүйл байна. Миний хүү, гэр бүлийнхэн энд төрж, өсч торнисон. Эндээс явлаа гэхэд буруу зүйл байхгүй шүү дээ.

-Таны амьдралд гэр бүл тань их чухал. Хүүхдүүд тань таниас юу гэж асуусан бэ?

-Өнгөрсөн хэд хоног хүн бүрт л хэцүү байлаа. Эхнэр минь намайг дэмжиж, хамтдаа явахад бэлэн гэдгээ хэлсэн.

-Гэхдээ Матео гэр бүлийн тань хамгийн чухал гишүүн шүү дээ?

-Тийм ээ, Матео одоо ч жоохноороо байна. Тэр өөр тийшээ нүүж амьдарна гэхээр сайн ойлгохгүй л дээ. Харин Тиаго ах нь хэдэн жил гадаадад амьдрах уу гэсэн чинь "Тэгье" гэсэн шүү. Тиаго телевизээр гарсан мэдээг харчихсан надаас асуусан юм. Би түүнийг энэ талаар битгий олж мэдээсэй гэж хүссэн. Шинэ сургууль, шинэ найзууд тэдэнд маань хүнд тусах байсан биз. Над дээр ирээд "Явахаа больё" гээд л уйлсан. Үнэхээр хэцүү байсан шүү. Мэдээж түүнд явахад хэцүү байгааг ойлгож байсан л даа. Нүүх шийдвэр бол угаасаа л маш хэцүү асуудал байдаг шүү дээ.

-Барселонад ирээд амьдралын тань нэг мөчлөг өнгөрсөн байна. Хүмүүс мэдэхийг хүссэн хоёрхон зүйл байна. Эхнийх нь та Барселонад үлдэх болсноо зарлалаа. Үүнийг үзэж байгаа Барсагийн хөгжөөн дэмжигчдэд хандан хэлэх үг байна уу?

-Үргэлж хэлдэгчлэн би хамгийн сайнаараа хичээх болно. Бид хамтдаа тэмцэж, бүх л тэмцээнд амжилт гаргахыг хүснэ. Одоо хүнд хэцүү цаг үе туулж буй хүмүүстээ өөрийгөө бүрэн зориулна. Би ярилцлагын туршид энэ жил хэцүү байгаагаа ярилаа. Гэхдээ энэ бол коронавирусийн улмаас гэр бүл, хамаатан садан, дотны хүмүүсээ алдан, хүнд хэцүү цагийг өнгөрүүлж буй хүмүүсийн хажууд бол харьцуулах зүйл биш ээ. Би өөрийнхөө тоглолт болон багийнхаа ялалтаар эдгээр хүнд хэцүү мөчүүдийг даван туулж буй хүмүүст урам зориг, баяр баясал бэлэглэнэ гэж найдаж байна.

-Сүүлийн асуулт. Алдарт бюрофаксаар яагаад багаас явах хүсэлтээ илгээсэн юм бэ?

-Тэрхүү факс миний багаас явах хүсэлтийг албан ёсны болгож өгсөн л дөө. Уг нь би бүтэн жилийн турш ерөнхийлөгчид багаасаа явж буйгаа хэлж, шинэ сорилттой нүүр туулж, тамирчны замналдаа шинэ чиглэл гаргахыг хүссэн юм. Гэтэл ерөнхийлөгч үргэлж "Бид ярилцах болно. Гэхдээ одоо биш" гэдэг байлаа. Тэр миний хэлж байсан үгэнд ач холбогдол өгөхгүй байсан болохоор бюрофаксаар албан ёсоор багаас явах хүсэлтээ илгээсэн юм. Надад гэрээгээ сунгах эрх байгаа ч би үүнийг ашиглалгүй явахыг хүссэн. Тэрнээс биш эмх замбараагүй байдал үүсгэж, багийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулсан хэрэг биш. Багаас явах шийдвэрээ гаргачихсан учир л энэ факсыг ашиглаж албан ёсны болгосон юм.

-Тэгэхээр та тэр факсыг илгээгээгүй байсан бол багийн зүгээс таны нөхцөл байдлыг мартаж, хэн ч таныг сонсохгүй байсан гэж үү?

-Тодорхой шүү дээ. Хэрэв би бюрофаксыг илгээгээгүй бол юу ч тохиолдохгүй байсан. Өөрийн мэдлийн үлдсэн нэг жилээ сунгаж цааш үргэлжлүүлэн тоглохоос өөр сонголтгүй үлдэх байлаа. Тэдний хэлдэг ганц л зүйл нь зургадугаар сарын 10-наас өмнө би тэдэнд багаас явах хүсэлтээ илэрхийлэх боломжгүй байсан юм. Гэвч бид тэр үед ид тэмцээнтэй байсан учир би багаасаа явна хэлж чадаагүй ээ. Тохиромжтой цаг нь ч биш байсан. Харин ерөнхийлөгч "Улирал дуусаад, чи үлдэх эсэхээ шийд" л гэдэг байсан. Тэр надтай хэзээ ч уулзалт товлоогүй ээ. Би ч Барселонатай хагаралдахыг хүсээгүй учир хэнд ч хандаагүй.

-Бидний асуултад хариулсан баярлалаа, Лео. Хүмүүс чамайг л мэдэгдэл хийхийг хүлээж байлаа. 

-Бүх зүйлд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж