Сангийн сайдад дайсан эдийн засагчдын зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2020.09.08-нд нийтлэгдсэн

Сангийн сайдад дайсан эдийн засагчдын зөвлөмж

Сангийн сайдад дайсан эдийн засагчдын зөвлөмж

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2020 оны эхний зургаан сарын байдлаар 4,358.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн хэмжээнээс 1,212.2 тэрбум төгрөгөөр буурсан. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас ийнхүү эдийн засгийн өсөлт саарч, улмаар оны эцэст төсвийн орлого буурах нөхцөл байдал үүссэн тул УИХ-ын намрын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хийсэн билээ.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 1,023.5 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь төлөвлөснөөс 444.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна.

Энэ жилийн төсвийн алдагдал Монгол Улсын зээлжих зэрэглэлд нөлөөлөх нь тодорхой. Төсвийн алдагдал эргээд хувийн хэвшилдээ дарамт бий болгож байгааг ч эдийн засагчид хэлж байна. Хувийн хэвшлийн хэчнээн сайн компани байлаа ч гэсэн гаднаас зээлийн эх үүсвэр татахад улсынхаа зээлжих зэрэглэлээр  таазлагдаж байгаа билээ.

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлаас 300 сая ам.доллароор нэмэгджээ. Түүнчлэн 2021-2024 онд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлөх учиртай. Ирэх онуудад төлөгдөх томоохон дүнтэй зээлийн төлбөрүүдээс шалтгаалан гадаад валютын нөөц, санхүүгийн дарамт нэмэгдэх бодит эрсдэлд хүрээд байна.

Тиймээс ирэх оны төсвийг чамбай боловсруулах хариуцлагатай үүрэг Сангийн сайдад оногдож байна. Төсвийн тухай хуульд зааснаар жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор ирэх оны төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барих учиртай.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас бүсээ чангалсан төсөв батлах шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна. 2021 оны төсвийг боловсруулахдаа 2020 оны төсвийн тодотгол дээр гаргасан алдаагаа давтахгүй, орлогоо хэт өөдрөгөөр бус бодитоор харах, мөн хөрөнгө оруулалт, зардлаа зөв эрэмбэлэх шаардлагатайг эдийн засагчид зөвлөж байна. Ингээд тэдний байр суурийг хүргэе.

ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУ: ЗАСГИЙН ГАЗАР БОНД ГАРГАХ НЬ ХУВИЙН ХЭВШЛИЙГ ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХАЖ ГАРГАНА ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД ҮЗДЭГ

-2021 онд гадаадын өндөр хүүтэй бондуудыг төлж эхэлнэ. Тийм учраас төсөвт ачаалал багатайгаар яаж төлөх вэ гэдгийг нэлээд анхаарах хэрэгтэй. Ирэх онд ажилгүйдэл өсч, ядуурал мөн нэмэгдэх байх. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх шаардлагатай. Нэгдүгээрт, эрүүл мэндийн асуудал чухлаар тавигдах нь тодорхой. Дараагийн анхаарах чухал асуудал нь ажлын байр. Одоо төсвийн алдагдал өндөр, төсвийн хөрөнгө оруулалтуудыг ихэвчлэн гишүүд тойрогтоо татдаг, эсвэл гишүүдийн сонгуульд ажилласан компаниудад зарцуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд ойр, эрх мэдэлтнүүдтэй ойр байдаг буюу улс төртэй холбогдчихсон бизнесийнхэн Цар тахлыг далимдуулж илүү их санхүүжилт төсвөөс авах боломжтой болж байна.

Гэтэл нөгөө хэсэг буюу улс төртэй огт холбогддоггүй бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа юм. Ирэх онд төсвийн алдагдлыг бага байлгаасай л гэж хүсч байна. Одоо төсвийн алдагдал 5 их наяд хүрчихлээ. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд нэг бол гаднаас зээл авах, эсвэл Засгийн газар бонд гаргана. Засгийн газар бонд гаргаснаар хувийн хэвшлийг зах зээлээс шахаж гаргана гэж эдийн засагчид үздэг. ЖДҮ эрхэлдэг төсвийн бодлогын жинхэнэ эзэн нь байх ёстой хүмүүст очихгүй,  2020 оны сонгуульд зориулсан шиг сумдад шаардлагагүй бүтээн байгуулалт ихээр хийж байна. Энэ төрлийн зардал үргэлжлэхгүй байгаасай гэж найдаж байна. Гэхдээ боломжгүй байх. Яагаад гэвэл төсөвт улс төрийн нөлөө их ордог.

Бусад орнуудын хувьд төсвийн бодлого хяналтыг бие даасан хөндлөнгийн байгууллага хийдэг. Германд гэхэд хуульчилчихсан, Эдийн засгийн зөвлөл гэдэг байгууллага төсвийн хяналт, тайланг албан ёсоор хийдэг байх жишээний. Манайхны ярих дуртай Чех, Норвеги зэрэг уул уурхайн салбар нь өндөр хөгжсөн орнуудад төсвийн төсөөллийг бие даасан, улс төрөөс хараат бус тусдаа зөвлөл хийдэг. Урт хугацаандаа бид ийм тогтолцоо руу орох шаардлагатай.

Өнөөдөр бол манайд төсвийн бодлого нэг хүнээр хийгдэж, нэг хүнээр хэрэгждэг, мөн нэг хүнээр хянагддаг, нэг хүн өөрөө тайлагнаад байгаагаас ялгаагүй болчихсон. Тэр хүн төсвийн бодлогыг дураараа өөрчилж болно.

Уг нь Төсвийн тухай хуулиудад төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй гэдэг боловч сая цар тахлаар далимдуулж хуулиа өөрчиллөө. Ямар ч нөхцөлд төсвийн сахилга бат, дүрмийг сахиулдаг тогтолцоонд шилжихийн тулд бие даасан, хараат бус зөвлөл байгуулах ёстой. Сая төсвийн тодотголоор зарлагаа танаж, татвар төлөгчдийн ачааллыг бууруулах болов уу гэсэн хүлээлт байсан боловч эсрэгээр нь төсвийн алдагдлыг өсгөчихлөө. Энэ нь эргээд инфляц өсгөж, төгрөгийн ханшийг сулруулах эрсдэлтэй. Төгрөгийн ханш суларснаар шатахуун, эм тариа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Төсвийн алдагдлыг Засгийн газрын бондоор санхүүжүүлснээр банкуудад байгаа эх үүсвэр буюу зээл олгох боломжтой мөнгө Засгийн газарт очно гэсэн үг. Ингэснээр ажлын байр бий болгодог хувийн хэвшлүүдэд очих зээл хумигдана. Үндсэндээ төсвийн тодотголоор төсвийн бодлогын эцсийн эзэн болсон хувийн хэвшил, ард түмэнд ашиггүй байдлаар туслаа. Мөн л орон нутгийн сонгуулийг угтсан улстөржсөн төсвийн тодотгол боллоо гэж хувьдаа дүгнэж байна.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН: ТӨСВИЙН МӨНГИЙГ НААДАМ, ЦАГААН САРААР НЭГ УДАА АШИГЛАХ БАГИЙН ТӨВ БАРИХАД ЗАРЦУУЛЖ БАЙНА 

-2020 оны төсвийг боловсруулахдаа 2021 онд эдийн засгийг 7 хувьтай өснө гэж таамагласан. Ингэж өөдрөгөөр таамагласан учраас энэ жилийн төсвийн алдагдлыг 9.9%-д хүргэж, гадаад өр зээлийн хэмжээг ихээр нэмэгдүүлсэн. Гэтэл бид 2021 он байтугай 2020 оны эцэст юу болохыг нарийвчилж мэдэж чадахгүй байна. Олон улсын байгууллагууд өөрсдийн тооцоог 3 сар тутамд шинэчлээд ирлээ. Ирэх гурван сарын хугацаанд коронавирусийн халдварын хоёр дахь давлагаа олон улсад гарвал яах вэ, Хятадын эдийн засаг унавал, мөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурвал яах вэ гэх мэтээр бүхнийг тооцоолоход туйлын хүнд байна. Тиймээс ч Монголын эдийн засгийг V хэлбэрийн сэргэлтээр төсөөлж огт боломгүй санагдана. Хэрэвзээ ийм өндөр эрсдэлүүдийг авч үзсэн бол 2020 оны төсвийг ийм өндөр алдагдалтай оруулж ирэхгүй байсан болов уу. Одоо тэгээд орлого бүрдэхгүй бол төсвийн алдагдал 9.9%-с хэтрэх магадлалтай.

Хэрэв үнэхээр ийм өндөр төсвийн алдагдалтай батлаад өр зээлээ нэмэе гэж байгаа бол Монгол улсад хамгийн шаардлагатай төсөл хөтөлбөр рүү хөрөнгө оруулалтаа хиймээр байна. Тэр нь юу вэ гэвэл Улаанбаатар хотын замын түгжрээ, цахилгаан, дулааны асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтууд юм. Монгол улсын хоёр хүний нэг нь өнөөдөр Улаанбаатар хотод замын түгжээнд хэдэн цагийг зарж байна, бас цахилгааны эх үүсвэр гэж бид хэдэн арван жил ярьж байна, хийсэн цахилгаан станц байгаа юм уу. Үр дүнд нь бид 200, 300 сая ам.доллараар цахилгаан импортлож, гадаадаас өвөлдөө цэвэр хараат улс болчихоод сууж байна. Цахилгаан дулаан, эдгээрийн түгээлтийн дэд бүтцийн асуудлыг шийдэхгүйгээр бид Улаанбаатар хотыг утаанаас салгана гэж худлаа. Энэ бүх дэд бүтэц чинь эргээд бизнесийн орчныг сайжруулахад тулгарч байгаа бэрхшээлүүд мөн. Энэ төрлийн хөрөнгө оруулалт огт тусгагдсангүй. Гэтэл ач холбогдол тун бага сумын төв рүү зам тавьж, хөшөө барихад төсвийн мөнгийг зарцуулж байна. Мөн наадам, цагаан сараар нэг удаа ашиглах багийн төвүүд барьж байна. Ийм л дүр зураглалаар төсвийн тодотголыг хийлээ. Үүнийгээ анхаарахгүй бол 2021 онд дэлхий сэргэлээ ч нөхцөл байдал хүнд л тусаж, улмаар эдийн засаг доторх төрийн эзлэх хувь нэмэгдэж, хувийн хэвшлийн эзлэх хувь нь улам багасахаар байна.

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛАА БАГА ТАВИХ ШААРДЛАГАТАЙ

-2021 онд эдийн засгийн нөхцөл байдлаа зөв таамаглах хэрэгтэй. Юуны түрүүнд орлогоо зөв тодорхойлж, хэт өөдрөгөөр төсөөлөхгүй байх нь зөв. Ингэснээр тухайн орлогодоо тааруулж зарлагаа тооцоолж, ялангуяа хөрөнгө оруулалтын зардлаа багаар тавих шаардлагатай. Монгол Улсын эдийн засагт нэмэр болохуйц ач холбогдол өндөртэй төсөлд хөрөнгө оруулах нь зүйтэй болов уу.

Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдал эргэлзээтэй байгаа энэ үед  аль болох эрсдэлээс зайлсхийх чиглэл баримталж, ирэх оны төсвийг батлах шаардлагатай.

Төсвийн зөв хуваарилалтыг шалгах гол үзүүлэлт нь тухайн төсөв нийгэм, эдийн засагт  хамгийн эерэг үр дүнг авчирсан байх ёстой. Бизнесийн орчныг дэмжих сайн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, тээврийн гол замууд барихад  төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулаасай гэж хувийн хэвшлийнхэн хүсч байна.

Түүнээс биш татварын төлөгчдийн мөнгийг онцын шаардлагагүй зүйлд бүтээн байгуулалт нэрийн дор зарцуулж байгаад  шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж